“Мэхний их дэлгүүр” зиндаа дээшилж “Залилангийн их дэлгүүр” болсон гэв үү
2013 оны 3 сарын 26
Арлын Японд монгол эрийн аатай, бяртай гэдгийг харуулж, араасаа олон олон залуусыг их сумод оруулсан Даваагийн Батбаярыг япончууд Кёкүшюзан хэмээх бөгөөд “Мэхний их дэлгүүр” гэж нэрлэсэн байдаг. Энэ нь ч монголчуудад тун их таалагдаж, бөхөд хайртай монголчууд ч түүнийг “Мэхний их дэлгүүр” хэмээн нэрлэх болсон. Алга дарам зайнд эр бяраа үздэг сумогийн дэвжээнд Монголын үндэсний бөхийн уран мэхийг уралдуулан хийх түүнийг ид барилдаж байх үед нь япончууд энэ удаад ямар шинэ мэх хийх бол хэмээн шагшин хүлээж байсан гэдэг.
Гэсэн ч манай бөх харийн дэвжээнээс хатуухан шийтгэлтэй буух шахсан гэнэ. Их аварга Д.Дагвадоржийг Ёкозунагийн зөвлөл хуралдаж байж зодог тайлуулсан. Тэгвэл “Мэхний их дэлгүүр”-ийн хэрэг илэрсэн бол түүнийг бүр хөөх байсан гэх яриа олны дунд байдаг гэнэ. Учир нь Кёкүшюзан Д.Батбаярыг Японы якуза нартай холбоотой хориотой бизнест хөл тавьсан байж болзошгүй хэмээн Сумогийн холбоо хардаж байсан гэдэг. Үүний дээр Монголын арвин нөөцтэй орд газруудын нэгнийг якуза нарт асар өндөр үнээр худалдсан боловч юунаас болсныг бүү мэд уг орд газар нь Монголдоо үлдэж, якуза нар хоосон хоцорсон гэх нь бий. Д.Батбаярын зодог тайлж Монгол руугаа буцсаныг үүнтэй ч холбон тайлбарладаг байна. Тэгэхээр Кёкүшюзан Д.Батбаяр Д.Дагвадоржийг бодвол гүйлгээ ухаан сайтай эр бололтой. Ямартай ч тэрбээр сумогийнхныг хуралдаж, сүйд майд болохоос нь өмнө Японоос зугтаж амжсан байна. Ингэснээрээ сумогийн дэвжээн дэх нэр хүндээ аварч үлдсэн аж.

Нөгөө талаар түүнийг сумогийн дэвжээнд барилдаж байх үедээ Японы визтэй холбоотой наймаанд гар дүрдэг байсан гэх нь бий. Түүгээр ч үл барам Япон дахь Монголын Элчин сайдын яаманд Д.Батбаярын хохирогчдын жагсаалт байдаг сурагтай. Энэ мэтчилэн Японд багтах газаргүй шахам болсон тэрбээр барилдаж байх хугацаандаа монголчуудыг ч хохироогоод амжсан гэх. Д.Батбаяр анхны эхнэр П.Буянбилэгтэй хийсэн хуримынхаа үеэр Монголоос хоёр онгоц дүүрэн зочин урьж, зорчигч бүрээс виз, аяллын тийз, буух зочид буудал гэхчилэн нийт 8000 ам.доллар татсан талаар тухайн үед хэвлэлүүд бичиж байсан. Гэвч зочин бүрээсээ хураасан мөнгөнөөсөө МИАТ-т нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд  МИАТ-т хэдэн зуун сая ам.долларын өртэй үлдсэн гэдэг.
Их сумогоос нэг иймэрхүү маягаар зодог тайлсан Кёкүшюзан Д.Батбаяр эх орондоо ирээд харин ч нэг мандах нь тэр. Түүнийг зодог тайлмагц улстөрч болох хүсэлтэй гэснийг нь АН-ынхан өлгөн авч гишүүнээ болгосон. Арван хэдхэн насандаа ардчиллын төлөө жагсаж явсан гэхчилэн айхтар гоё үгээр рекламдаж, эцэст нь УИХ-ын 2008 оны сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшүүлсэн.
Кёкүшюзан Д.Батбаярын сонгуулийн PR тун өвөрмөц, бас зангарагтай байсан юм. Тэрбээр Сонгинохайрхан дүүргээс 4000 залууг Япон явуулж ажилтай болгоно гэхчлэн амлаж, Наран улсад ажиллах хүмүүсийн бүртгэлээр сурталчилгаагаа эхэлж билээ. Түүнчлэн дүүргийн дэд бүтцийн хөгжилд онцгой анхаарч, СХД-ийг япон маягийн жишиг хороолол болгон хөгжүүлэх, залуусыг цалин өндөртэй тус оронд ажиллуулах, ЕБС төгссөн хүүхдүүдийг Японы их дээд сургуулиудад тэтгэлэгтэй сургах гээд түүний амлалтууд японоор амьсгалж байсан юм. Бас болоогүй ээ дүүргийн иргэдийн сарын дундаж орлогыг 2000 ам.долларт хүргэхээ амлаж байлаа.
Борчуудыг бор ходоодоор нь “Хошгируулж” чадсан түүнийг сонгинохайрханчууд бараг л “Ногоон гэрэл”-ээр УИХ-ын эрхэм гишүүний сэнтийд залсан. Харамсалтай нь Кёкүшюзан Д.Батбаярыг УИХ-ын гишүүн байх үед байтугай одоо ч Сонгинохайрхан дүүргээс нэг ч иргэн Япон яваагүй байгаа. Түүгээр ч үл барам Японы хөдөлмөрийн зах дээр 10 мянган монгол иргэний нэрийг байршуулах тухай үлгэрийг одоо дурсах ч хүн үлдээгүй.
Арлын Японоор амсгалуулж байж төрийн түшээ болсон Кёкүшюзан Д.Батбаярт дахин Сонгинохайрханд очих нүүр үлдсэнгүй. Тэрбээр УИХ-ын гишүүнээр дөрвөн жил суухдаа төрийн ажлаас илүүтэй хувийн бизнесээ өргөжүүлсэн нэгэн. Хамгийн сонирхолтой нь тэрбээр шинэхэн төрсөн хүүдээ тухайн үеийн АН-ын дарга Ц.Элбэгдорж, МАХН-ын дарга С.Баяр нарын нэрийг нэгтгэж байгаад Б.Элбэгбаяр гэдэг нэр өгсөн гэдгээс өөр олны анхаарал татсан нэгээхэн ч зүйл хийгээгүй гэж байгаа.
Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэгчээр дөрвөн жил харвасан сум шиг өнгөрөхөд Кёкүшюзан Д.Батбаяр бууриа сэлгэж Ховд аймгаас нэр дэвших нь тэр. Ховдод нэр дэвшиж буйгаа зарласан түүний сонгуулийн сурталчилгаа Хаммер жийпний уралдаан эсвэл үзэсгэлэнгээр эхэлсэн гэдэг. Хар, цагаан Хаммерийг хаа сайгүй давхиулсан тэрбээр гавьяат жүжигчин эхнэрээрээ “Тунгалаг Буянт” дууг дуулуулсан ч ховдынхны сэтгэлийн утсыг хөндөж эс чадав. Аргаа барахдаа “Та бүхэн намайг УИХ-ын гишүүнээр сонгочихвол би Ховдод амьдарна. Өглөө онгоцоор нисээд УИХ-ын чуулганы хуралдаанд суучихаад орой нь Ховд руугаа буцаад нисэж ирнэ” гээд хэлчихсэн гэж байгаа. Энэ үгийг сонссон ховдчууд юу гэж түүнийг сонгох билээ дээ. Бид нар танай хотын сонгинохайрханчууд шиг тэнэг биш гэх үгийг бараг улаан нүүрэн дээр нь хэлсэн юм байх.
Кёкүшюзан Д.Батбаяр УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд залрах үедээ олон түмэнд тун хэрэгтэй ажил хэд хэдийг хийсэн гэж байгаа. Тэр нь телевизийн хэд хэдэн суваг нээж, сэтгүүлчдэд зарсан гэнэ. Японд бараг моралын элэгдэлд ороод устгалд орох шахсан тоног төхөөрөмж оруулж ирээд телевиз нээж, түүнийгээ үнэ хүргэж заржээ. Харин түүний үүсгэн байгуулсан телевиз одоо ямар байгааг үзэгчид хэлээд өгөх биз ээ.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив