2600 айлын хувь заяаг шийдчихэж чадахгүй байна гэж үү
2013 оны 3 сарын 29
2600 айлын хувь заяаг шийдчихэж чадахгүй байна гэж үү
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрыг тэргүүлэх болсноосоо хойш нэг сайхан “Амны уншлага”-тай болж. Тэр нь өмнөх “Засгийн газрын хийсэн ажил. Маш хуумгай зүйл хийсэн учраас одоо яах ч арга алга” гэдэг үг. Гэтэл одоогийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийнх нь яриад байгаа өмнөх Засгийн газрын Тэргүүн Шадар сайд байсан гэдгийг монголчууд мартаагүй. Харин Н.Алтанхуяг аливаа асуудлыг алга урвуулах адил санадаг бололтой. Өөрийн санаанд нийцээгүй болгоныг болиулж байгаа түүний үйлдлийг олон нийт тийм ч таатай хүлээж авахгүй байгаа. Тэр бүү хэл манай Ерөнхий сайдын хийсэн томилгоог Үндсэн хуулийн Цэцээр хэлэлцэх болсон нь ч өмнөх Засгийн газрын буруу гэнэ. Тэрбээр Өмнөх Засгийн газрын үед аймгуудын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч гэдэг томилгоо бий болсон. Би тэр жишгээр л томилсон гэх зүйл ярьж сууна. Анхнаасаа л Үндсэн хууль зөрчиж байгаагаа мэдэж байсан юм байх. Харин өмнөх Засгийн газрыг МАН, АН хамтарч барьж, АН-ын дарга Н.Алтанхуяг Тэргүүн Шадар сайд байсан тул амаа хамхиад өнгөрсөн гэнэ. Н.Алтанхуяг гуай мөн ч шударга сайд байна шүү. “Өмнө нь би амаа хамхиад өнгөрсөн юм, тэгээд тэгж болно гэж бодоод хийсэн, түүнээс биш би Үндсэн хууль зөрчих хүн биш л дээ” гэж хэлж чадсан хүн Ерөнхий сайд Н.Алтанхуягаас өөр байхгүй. Тэгэхээр тэр шударга л хүн болж таарлаа. Гэхдээ жаахан шазруун, зуумгай хүн юмуу даа. Өмнөх Засгийн газар АН-ыг засгаас гарсны дараа нэг том хөтөлбөр хэрэгжүүлсэн нь “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр. Бага дунд орлоготой, залуу гэр бүлийг орон сууцжуулахаар улсаас зургаан хувийн хүүтэй зээл олгох болсон нь орон сууцтай болохыг мөрөөдсөн залууст тун их таалагдсан юм. Гэвч энэ нь сонгуулийн шоу байсан болж таарлаа. Үүнийг Ерөнхий сайд ч хэлж байгаа.
За яах вэ. Өмнөх Засгийн газар сонгуулийн шоу хийгээд өнгөрсөн юм байж. Энэ Засгийн газар яагаад сонгуулийн шоуны золиос болсон иргэдээ харж үзэхгүй байна вэ. Төр засгийнхаа явуулж буй үйл ажиллагаанд итгэсэн, баярласан, тиймээс орон сууцанд орохоор хамаг байдгаа тавиад туучихсан иргэдийн буруу болоод үлдэх үү.

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш ОССК шаардлага хангасан 4000 хүний материалыг хүлээн авч, Төрийн банк руу шилжүүлсэн байна. Иргэд зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдахын тулд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан байрнаас 55 кв.метр-ээс хэтрэхгүй талбайтай орон сууцыг сонгох  ёстой байсан. Сонгосон орон сууцныхаа үнийн дүнгийн 10 хувийг урьдчилж төлөөд үлдсэнийг нь зургаан хувийн хүүтэй зээлээр төлөх ёстой байсан юм. Харин ОССК-д материал ирүүлсэн 4000 хүний 2600 орчим нь одоогоор хохирогч болоод үлдчихээд байна. Зарим нь бүр орох оронгүй болчихоод байгаа. Аргаа барахдаа төр засгийн тэргүүн болон Ерөнхийлөгчид хандаж, өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн. Хохирогчдын хэлж байгаагаар орон сууцтай болохын тулд хашаа байшингаа зараад байрныхаа урьчилгааг төлчихсөн байна. Ихэвчлэн тав орчим сая төгрөгийн урьдчилгаа төлжээ. Гэтэл захиалсан байр нь ашиглалтад ороод бэлэн болчихсон учраас барилгын компаниуд иргэдэд алданги тооцож эхэлсэн байна. Тиймээс сард 640 мянган төгрөг төл хэмээн шаардаж байгаа аж. Тэдгээр иргэд УИХ-ын Өргөдөл гомдлын байнгын хороонд хандсан байна. Харин УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өмнөх Засгийн газрын 2012 оны хоёрдугаар сарын 20-ны 55 дугаар тогтоолоос эхлээд орон сууцны төсөл, хөтөлбөрийн мөн чанар гажиж, санхүүжилтийн эх үүсвэр байхгүй, улсын төсөвт суугаагүй байхад иргэдийн саналыг татах зорилготой сонгуульд зориулсан хөтөлбөр болж хувирсан, УИХ-ын сонгуулийн шинэ хуулиар элдэв амлалтыг хориглосон ч тухайн үеийн Засгийн газрын алдаатай шийдвэрийг зогсоох үйлдэл хийгээгүйн улмаас иргэдэд хохирол учруулсан дарамттай шийдвэр гарчээ" хэмээн дүгнэжээ.
“100 мянган айлын орон сууц хөтөлбөр” сонгуулийн шоу байсан гэдгийг одоо тоть шиг давтаад нэмэргүй. Тэртээ тэргүй олон нийт ойлгочихсон байгаа. Харин тэр шоуны хохирогч болж үлдсэн 2600 хүнийхээ асуудлыг хурдан шийдээд өгчихвөл ямар вэ. Ерөнхий сайдын хэлж байгаагаар тэдгээр иргэдэд доод тал найм, дээшлээд 12 хувийн хүүтэйгээр тооцож зээл олгох Засгийн газрын асуудлыг ирэх бямба гарагт болох хуралдаанаар ярих гэнэ. Тэндээс ямар шийд гарахыг харж л байя.

Гэхдээ Ерөнхий сайдын хэлж байгаа үг нь инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг санагдах болов. Үгүй ямар 2,6 сая хүний асуудал ярьж байгаа биш дээ. Тэгээд ч хүний 100 сая, эсвэл тэрбум төгрөгийн асуудал шийдвэрлэх гээд байгаа зүйл огт биш. 2600 хүний нэг бүрийн 50 орчим сая төгрөгийн зээлийн асуудлыг ингэж хүндрүүлэх хэрэг юу байна аа. Тэгсэн хэрнээ ХЗХ-ны хохирогчдын хохирлыг барагдуулах талаар хэдэн Засгийн газрыг дамжуулан ярьж, тэднийг хүлээн авч уулзан, хохирлыг чинь барагдуулж өгнө хэмээн амладаг. Үүнийг юу гэж ойлгох вэ. ХЗХ-ны хохирогчид, “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийн хохирогчид хоорондоо тэнгэр газар шиг ялгаатай. Хатуухан хэлэхэд ХЗХ-ны хохирогчид бол цэвэр шуналаасаа болоод хохирсон гэж хэлж болно. Дэндүү хатуу сонсогдож байгаа ч тэд бол ХЗХ-ны өндөр хүүнээс мөнгө олох зорилготойгоор орон гэрээ худалдсан, барьцаанд тавьчихсан хүмүүс. Тэгвэл “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийн хохирогчид бол төр засагтаа итгэж, ганц өрөө байранд амьдрах гэж яваад хохирчихоод байгаа. Энд ялгаа байгаа биз.
Тэгэхээр энэ Засгийн газар маань 100 мянган айлын биш 2600 айлын хувь заяаг хурдхан шийдээд өгчихвөл яасан юм бэ. Өдөр өнгөрөх тутам хүүнд дарлуулж суугаа шүү дээ. Тэд чинь бага дунд орлоготой иргэд гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу.

Н.БУДСҮРЭН

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ