Жанжингүй ертөнц
2013 оны 3 сарын 29
Жанжингүй ертөнц
1.    БНХАУ бол том гүрэн. Нэг тэрбум 350 орчим сая хүн амтай. Ийм олон хүн амтай атлаа нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хувь 4300 орчим ам. доллар байна. Аль 1984 оны 10 дугаар сард болсон  Хятадын гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаарх симпозиумд Дэн Сяопин гуай “Бид эдийн засгийг хөгжүүлж, энэ зууны эцэс гэхэд дөрөв дахин өсгөж, улс ардын аж ахуйн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдхүүний хэмжээг 800 ам. долларт хүргэж, ард түмнийхээ аж амьдралын төвшинг өргөнө “ гэсэн улс төрийн зорилтыг тодорхойлж байжээ. (“Дэн Сояпиний түүвэр зохиол” III. С.Сүрэнжавын орчуулга)  Гэтэл зууны эцэс гэхэд Дэн Сяопин гуайн хүсэл 2-3 дахин ихээр биелсэн билээ. Энэ бол хятадын ард түмний нүүр царай юм. Манай монголчуудыг ганзгын наймаа хийж, орондоо орох завгүй Орос, Хятадын хооронд хөлхөж, хөнжилдөө орох завгүй гахай тоорой зөөж байх 1990- ээд онд сард 90 юань авдаг байсан Хятадын их дээд сургуулийн багш өнөөдөр 9000 юаны цалин пүнлүү, урамшуулал нэмэгдэл авч байна. Хятадын их сургуулийн багшийн бодит орлого 100 дахин өссөн ч доллар юаны ханш 20 гаруй жил тэвчээртэйгээр бага хэлбэлзэлтэй хадгалагдаж байна. Он жил явавч юань, долларын ханш бараг өөрчлөгдөөгүй юм. Нэг “Marlboro” тамхийг тэр үед нэг доллар буюу 6.5-7.5 юаньд л манай наймаачид борлуулж байсан. Одоо ч энэ хэлбэлзэл 20 гаруй жилийн дараа хадгалагдаж байна. Гэтэл манайд 1992 онд хар зах дээр доллар 400-500 төгрөг байсан одоо 1400 болжээ.    
Ерөнхий утгаараа эдийн засгаараа Хятад улс дэлхийд хоёрдугаарт орж байгаа юм. Дундад иргэн улсыг том гэдгийг хэн бүхэн мэднэ. Монголчууд бид л томыг нь жаахан мэддэггүй. Тэр нь бидний давуу тал ч байж магадгүй юм. 4000 жилийн соёл иргэншлийн түүхтэй орон. Анх дарь, цаас, луужин (чиг заагч), ном хэвлэх технологийг хүн төрөлхтний амьдралд нээж өгсөн агуу ард түмэн юм. Энэ улсын  агуу томыг хэлэхийн тулд нэгэн статистик тоо хэлэхэд хангалттай болов уу. ХХI зууны хүн төрөлхтний зовлон болж байгаа чихрийн шижин өвчтэй 100 сая  хүн энэ оронд амьдарч байна.100 сая. Үнэхээр ямар том сав болохыг нь харуулж байгаа биз.  
Бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурал бол БНХАУ-ын парламент. Тэнд 2979 депутат байна. Си Жинпин энэ хурлаар БНХАУ-ын даргаар сонгогдсон юм. Түүнийг нууц санал хураалтаар нэг депутат эсэргүүцэж, гурван  хүн түдгэлзсэн байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр улс гүрний удирдагчийнх нь хувьд Си Жинпинд дэлхийн тэргүүлэх ямар ч оронд байхгүй гарааны нөхцөл байна гэсэн үг.  Манай синолог Ж. Баясах, Ц.Сүрэнжав нар болон бусад нөхөд маш прагматик анализийг хийж олон нийтийн хүртээл болгож байгаа нь олон түмэнд төдийгүй төр засгийн нөхдөд хоёр хөршийнхөө  талаарх зөв үнэлэлт дүгнэлт өгөх боломж өгч байгааг талархууштай. Орос, Хятад хоёр ойрын арав, хорин жилдээ стартегийн түнш байх нь тодорхой боллоо. Манай болон гадаадын  синологууд ч үүнийг хүлээн зөвшөөрч байна. Тэдний ихэнхийн үзэж байгаар тэд хамтарч дэлхийн хүчний балансыг тохируулахыг хүсч байх юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Жипин нар гуравдугаар сарын сүүлийн хоёр долоо хоногт хоёр удаа уулзаж байна. Эхнийх нь БНХАУ-ын дарга анхны гадаад айлчлалаа Москвад хийсэн явдал. Хоёрдахь нь, Дурбанд болох БРИКС-ын уулзалт. БНХАУ-ын дарга Си Жипин, Төрийн зөвлөлийн дарга Ли Кэцян нар, Хятад улс хөгжиж хүчирхэг болсон ч хөрш орнууддаа түрэмгийллийн бодлогыг явуулахгүй гэдгийг нэгэн дуугаар баталж байна. Энэ бол сайхан хэрэг. БНХАУ бол Монгол улсаас бусад ихэнх хөрш орнуудтайгаа газар нутгийн маргаантай амьдарч ирсэн билээ. Тэгэхээр Ю.Цэдэнбал хил хязгаарыг элбэн тохинуулсан нь цагаа олсон, үе удамдаа үлдээсэн сайхан үйлийг хийж чаджээ гэсэн үг. Яг нарийндаа энэ хоёр том гүрний дунд оршсон “буфер” улсын хувьд 60,70 жилийн өмнө хил хязгаар тогтооно гэдэг туйлийн амаргүй байсан нь ойлгомжтой. Дэн Сяопин гуай аль 1989 онд ЗХУ-ын удирдагч М. Горбачёв гуайтай уулзахдаа газар нутгийн маргаантай асуудал нэгдүгээр зэргийн асуудал хэмээн хэлж байжээ. Ийм ч учраас Дэн Сяопин гуайн “Өнгөрснийг цэглэж ирээдүйг нээе” гэсэн гэрээслэл хэвээр байгаа биз. Яагаад гэвэл хятадын ард түмэн өнгөрсөн, өнөөдөр, ирээдүйн гурван хэлхээс дээр амьдарч сурсан ард түмэн. “Өнгөрсөн сургамжтай, өнөөдөр бодитой, ирээдүй эргэлзээтэй” гэсэн дорнын үг ч бий. Синологчид Си Жинпинийг  “Прагматик бас авилгалтай тууштай тэмцэх хүн” гэж тодорхойлж байна. ОХУ-д хийсэн айлчлалын үеэр Хятадын бизнесменүүд ОХУ-аас нефть, байгалийн хий худалдаж авахаас гадна  олборлох, боловсруулах үйлдвэр, заводыг бий болгохыг эрмэлзэж байна. Ийм жишээ олон бий. Казахстан, Индонези бүр Канад, Австралид бий. Африк, Арабын улсуудыг тооцохгүйгээр шүү! Си Жинпин ийм объектуудад хүрэх байх.
В. Путин тэдний байдлыг харахад. Маш найрамдалтай байна. Си Жинпинийг ОХУ-д хийсэн саяын айлчлалын үеэр ихэд анхаарал тавьж байгаа нэг асуудал нь хятад иргэдийг Оросын объектуудад ажил эрхлэх асуудал байлаа. Прагматик байгаа биз?! Си Жинпин.  Авилгал энэ тэртэйгээ яаж тэмцэх нь нарийндаа бидэнд хамаагүй шахуу асуудал юм. Гэхдээ авилгал бол гуравдахь ертөнцийн орнуудад бол хорт хавдар лүгээ аюултай эд мөн нь мөн. Эмчлэх арга болгон нь улс орон болгонд өөр байх байх л даа.

2.   Хятад улс бол алхаа томтой орон. Тиймээс ч ОХУ, БНХАУ хоёр аймаар том проектууд дээр хамтарч ажиллах болж байна. Энэ хоёр бол барагтай бол эргэж буцахгүй. Эргэж буцвал Мао Зэдун, С. Хрущев хоёр шиг л муудалцана. Хоёр хөрш маань  эрчим хүч, Сибирь, Алс Дорнодын том том проектуудыг ярилаа. Монгол Улс уг нь энд оролцвол бидэнд байг гэхэд энэ хоёр  хөршид маань чамгүй хэрэгтэйсэн. Байгалийн хий буюу хөх түлшийг Монгол орноор дайруулж явуулах, хөгжлийг бүс нутагт ойртуулах нь чухал байгаа юм.
Си Жипин  ОХУ-аас Африк явлаа. Африкийг Дэлхийн бүх хүчирхэг гүрнүүд сонирхож байсан. Англи, АНУ, Франц, Герман, БНХАУ, ЗХУ хэн тэнд очоогүй байх вэ? ЗХУ гэхэд өөрийнхөө нөлөөг Африк тивд оруулах гэж 150 тэрбум доллар цацсан гэдэг. Харамсалтай нь энэ тивд ганц ч социалист орон бий болсонгүй. Хоорондоо л үзээд байдаг, үзээд л байдаг. Хятад Африкийн харилцаа бол аль ХY зууны үеийн явдал. Хятадын усан цэргийн Жэн Хэ адмирал Африк тивийн зүүн урд эрэг дээр хөлөг онгоцныхоо далбааг хуньсанаас эхтэй.  Хожим өнгөрсөн зууны 50,60-аад онд Мао Зэдунгийн үед Хятад улс “Гурав дахь ертөнцийн” лидер болох хүслээс үүдэлтэйгээр дахин сэргэсэн билээ. Эелдэг, дипломатч аяг араншинтай Жоу Эньлай Африкийг бараг тойрсон билээ. Одоо ч гэсэн африк, хятад хүн хоёрын үерхэл нөхөрлөл, хайр дурлалын тухай зохиол бүтээл гарна шүү. Энэ юуг харуулж байна гэвэл хятадын бодлогын нэг хэсэг Африкийн тодорхой орнууд гэдгийг харуулж байна. Энэ үерхэл нөхөрлөл гүнзгийрэх юм бол Хятадын ард түмэн цөлжилтийг зогсоож чадна, усгүй газар ус ундруулчих нь, хоолгүй газар хоол бий болгочихно.  Си Жинпин Танзан, Өмнөд Африк, Конго гээд явж өгөх нь.
 Ерөнхийдөө Орос, Хятад хоёр том тоглогчид. Энэ хоёрын дунд байгаа Монгол ямар тоглогч байх вэ? Манайхан ярьдаг: “Монгол хоёр том гүрний дунд байгаа “хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага” ” гэхчилэн . Яг нарийндаа энэ бол давуу тал. Бид Сомали, Камбож мэтийн улс оронтой хиллэж байсан бол үйл тамаа үзэх байсан биз. Өнөөдөр сул талаа давуу тал болгох нь гол болохоос сул талаа сул чигээр нь хадгалах нь бол ёстой уучлаарай явдал юм даа. Өнөөдөр Хятадууд Африк хүртэл гараа сунгаж байна. Оросууд Европ ч гэж дуугарч байна. Ази ч гэж дуугарч байна. Энэ хоёр харин Монгол гэж цөөн дуугарч байна. Манай зарим синологч: “Орос, Хятад хоёр нэг бодлоготой байгаа үед Монгол улс олон улстай харилцах нь зөв” гэж тодорхойлж байна. Уг нь бол Орос, Хятад хоёр найз байна уу, дайсан байна уу эс хамаараад Монгол улс олон улс гүрэнтэй харилцах ёстой. Эхний шатанд хамтран ажиллах нь гол асуудал. Мэдээж тууштай хамтрагч олох нь чухал. Танзан, Конго, Сомали, Кени Мени бол биднээс хол. Уг нь хөрш хоёр “далайнхаа” тоглоомонд оролцож чадаж байвал олон улс ч хармаанд шүү дээ. Хөрш хоёр маань Дэлхийн том тоглогчид болохыг эрмэлзэж байна. БРИКС-ыг (Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк)  бий болгож байна.  Хятад,Орос хоёр Шанхайн хамтын нийгэмлэгийг байгуулсан. Нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдхүүн нь ойролцоо улсуудын л холбоо юм даа. Гэхдээ бид андуурч болохгүй. Си Жинпин “нүүрстөрөгч”-өөр баян  Нигери, Ангол, Судан,  Гана, Танзан, Уганда, Алжир, бүр бидний тооцоогүй Ливи зэргийг сонирхож байна. Хятадууд Африкид 101 тэрбум доллар оруулах нь. Энэ гарцаагүй. Үүнээс 90 тэрбум нь ашигт малтмал олборлох, бусад байгууламж барих зэрэгт зарцуулагдах юм. Зөвхөн Өмнөд Африк, Замбид нүүрсний уурхайг сайжруулахад 7,5 тэрбум доллар зарцуулах нь дээ.
Үүнийг монгол хүн болгон бодох цаг. Бид хаана яаж, ямар тоглоомонд оролцох вэ? Хэн бидний юмыг худалдаж авах вэ? Бид хэнд хэрэгтэй вэ? Үнэ цэнэ чухал. Жүүдүүд шиг үнэ цэнэтэй байх нь мөрөөдөл төдий боловч Зүчийн чинээ үнэ цэнэтэй баймаар даа бид. Одоо бол ертөнц баян бүс нутаг, ядуу бүс нутаг гэж л хуваагдаж байна. Монголд “цэцэн мэргэн” хүн худлаа далих хамаагүй болжээ .  Гэтэл дэлхийд бодит үр дүнгийн төлөө тэмцэл л явж байна. Цаана чинь жанжлахгүй гэнэ. Бүгд өөр юмны төлөө явцгааж байна.  
 
Х.Бүрэнтогтох
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив