Шоронд хүн шатсан нь Х.Тэмүүжин сайдад хамаагүй юу
2013 оны 3 сарын 29
Шоронд хүн шатсан нь Х.Тэмүүжин сайдад хамаагүй юу
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар галд өртөж 40 хувийн түлэгдэлтэйгээр эмнэлэгт хүргэгджээ. “Хип хоп” холбооны тэргүүн байна уу, гэмт хэрэгт холбогдсон сэжигтэн, эсвэл бүр гэмт хэрэгтэн байсан ч ялгаагүй тэр бол хүн. Гэтэл Төрийн хараа хяналтын дор буюу хорих газар хүн шатчихлаа. Хамгийн хачирхалтай нь Монгол Улсын иргэн Ш.Батбаяр хорих ангийн сахилгын өрөөнд гартаа гавтай байж байгаад шатсан гэж байгаа. Хорих 461 дүгээр ангийнхан Бааварыг юуны учир гавлаж, ганцааранг нь нэг өрөөнд хорьсон бэ гэдэг нь олны анхаарлыг татаж байгаа юм. Угтаа цаазын ялтай хүнийг л гавлаж хорьдог гэнэ.

Нөгөө талаар хорих өрөөнд гал гарч байхад хянагч нар нь хаана байсан юм бэ. Эх сурвалжийн мэдээлснээр Баавар гал гарлаа, туслаарай хэмээн 20-30 минут хашгирсан гэж байгаа. Гэтэл тус хорих ангийн удирдлагууд галын дохиолол дуугармагц нэг минутын дотор Ш.Батбаярт анхны тусламж үзүүлсэн хэмээн тайлбарлаж сууна. Тэдний хэлж байгаагаар нэг минутын дотор хүний биеийн 40 хувь түлэгдсэн болж таарлаа. Ганцхан сарын өмнө УИХ-ын гишүүд хорих ангиудын үйл ажиллагаатай танилцсан. Тухайн үед хорих 461 дүгээр ангийн өрөө болгон камертай гэж байсан. Тиймээс Бааварын шатаж байгаа нь камераар харагдаж байсан байж таараа. Тэгэхээр хянагч нар түүнийг аврал эрэн хашгирч байгааг сонсдоггүй юм гэхэд түүнийг шатаж байгааг харсан л байж таараа. Тэгсэн хэрнээ нэг минутын дотор тусламж үзүүлсэн гэж байгаа нь санаатайгаар худал хэлж байгааг илтгэж байна. Бас болоогүй тус хорихын удирдлагууд эхэндээ Баавар амиа хорлохыг завдсан гэх ухааны юм ярьсан гэж байгаа. Гэмт хэрэгт холбогдсон, сэжигтнээр татагдсан хүнийг хорихдоо амиа хорлохоос сэргийлж гутлынх нь үдээсийг хүртэл хураадаг биш билүү. Иргэн Ш.Батбаярыг хорих өрөөнд оруулахдаа хувцасыг нь тайлсан гэж байгаа. Тэгэхдээ асаагуурыг нь хурааж аваагүй болж таарах нь ээ.
Нэг иргэн төрийн хатуу хяналтын дор буюу хорих ангид галд өртсөн нь хамгийн эмгэнэлтэй. Муугаар бодоход гуравдугаар зэргийн түлэгдэлтэй байгаа иргэн хэрэв бурхан болчихсон бол "Амиа хорлосон" гээд нуугаад өнгөрөөж мэдэх нь ээ дээ. Гэтэл салбар хариуцсан сайд Х.Тэмүүжин ганц үг ган хийхгүй байгаа нь ямар учиртай вэ. Түүний яриад байсан шинэчлэл нь энэ үү. Угтаа Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржтой хэрэлддэг шигээ ажлаа хийдэг бол Х.Тэмүүжин сайд шиг сайн ажиллах хүн Монголд л лав байхгүй.
Гэтэл Х.Тэмүүжин өнгөрсөн оны наймдугаар сард Хууль зүйн сайдын албыг хүлээн авсан мөчөөсөө хойш төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг булаацалдсанаас өөр хийсэн ажил байгаа билүү. Тэрбээр МИАТ-ийн удирдлагуудын мөнгө угаасан хэргийг илрүүлж, шалгаж байгаа талаар өөрөө мэдээлэл хийж байв. Гэтэл А.Гансүх сайдын хэлснээр МИАТ-ийн удирдлагуудын асуудал аль 2009 онд илрүүлж мэдсэн гэж байгаа. Тэгэхээр энэ хэргийг Х.Тэмүүжин сайд илрүүлээгүй нь лавтай.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр гэхэд л осол, гэмт хэргийн улмаас 18 эрдэнэт хүний амь хохирсон байна. Үнэндээ бол Хууль зүйн салбар унтаа, унхиагүй байдалтай байна. Тэнд хүүхэд кранд даруулж амь үрэгдсэн, авто ослын улмаас хүүхэд эндсэн, аав нь хүүгээ хороосон, энд ч гэр бүлээр нь шатаасан гэх зэрэг олон гэмт хэргүүд гарсан. Хууль хяналтынхан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь байтугай гарсан гэмт хэргийг шийдвэрлэж чадахгүй байна шүү дээ.
Тэгэхээр хууль зүйн сайд Х.Тэмүүжин танаас асуух асуулт байна. Таны хариуцсан салбарын ажил үнэхээр шинэчлэгдэж байна уу. Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан иргэн Ш.Батбаяр амьдаараа боодог болчих шахлаа. Тиймээс та ард түмний өмнө ил гарч тайлбар өг. Энд тайлбар өгч чадахгүй бол та огцор.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив