Шинзо Абэгаас таг нуусан Тавантолгой
2013 оны 4 сарын 5
Шинзо Абэгаас таг нуусан Тавантолгой
Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ өнгөрсөн амралтын өдрүүдэд манай улсад айлчиллаа. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд, МАН-ын дарга Ө.Энхтүвшин нартай уулзаад буцав.

 Шинзо Абэг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Таны энэ айлчлал Японы ард түмэн, Японы Засгийн газрын зүгээс манай хоёр орны харилцаанд ямар их ач холбогдол өгч байгааг харуулсан айлчлал юм гэж бид үзэж байна. Таны ноён Шиозакигаар явуулсан маш элэгсэг үгтэй илгээлтийг би хүлээж авсан. Таны айлчлалынхаа өмнө Монголын ард түмэнд ирүүлсэн сайхан мэндчилгээг Монголын олон сонинд нийтэлж, манай ард түмэн сэтгэл дотно хүлээж авсан. Ерөнхий сайд та стратегийн түншлэлийг эрх чөлөө, ардчилал, харилцан туслалцах гэдэг үндсэн дээр хөгжүүлье. Цаашид улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, хүний болон соёлын харилцаа гэсэн чиглэлээр улам идэвхжүүлье гэсэн сайхан ойлгомжтой газрын зураг гаргалаа. Таны дэвшүүлсэн саналтай бид бүгдээрээ санал нэг байна. Бидэнд бие биеэ нөхөн ажиллах сайхан боломж бий. Монгол орны баялаг, нөгөө талаас Японы технологи байгааг бид олон удаа ярьсан.  Үүнийг одоо ажил хэрэг болгох ёстой” хэмээв. Харин Японы Ерөнхий сайд Шинзо Абэ “Таны хэлсэнчлэн би ч гэсэн Япон, Монголын улс төр, аюулгүй байдлын салбараар стратегийн хэлэлцээр хэрэгтэй гэж үзэж байна. Манай хоёр орон бүс нутаг, олон улсын тавцан дээр энх тайван, тогтвортой байдал бий болгоход хувь нэмрээ оруулж байна. Монгол Улс ардчиллыг хөгжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулж байгаа орон. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Япон улс, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Улаанбаатарт зохион байгуулахад Монгол Улс дэмжлэг үзүүлсэнд талархаж байгаа илэрхийллээ.
Тэгвэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нар ч мөн л найрсаг сайхан харилцааны, хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцсан байна. УИХ-ын дарга З.Энхболд хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагаанаас илүүтэй хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа сайн хөгжиж ирснийг онцоллоо. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газар “Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” хуулийн шинэ төслийг өргөн мэдүүлээд байгаа талаар ноён Шинзо Абэд ярьсан юм. Хуулиар хөрөнгө оруулагчдад 100 тэрбум төгрөгийн босго тавьж байсныг өөрчлөх, хөрөнгө оруулалт 49 хувиас дээш давсан нөхцөлд зөвхөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид  уг хууль үйлчлэх өөрчлөлт хийхээр хуулийн төсөл боловсруулагдсан гэж парламентын тэргүүн хэллээ. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах чиглэлээр цаашид идэвхитэй ажиллаж, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллана гэсэн байр сууриа илэрхийлсэн байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг,  Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар хийсэн хэлэлцээнийхээ талаар хамтарсан мэдээлэл өгсөн юм. Тэрбээр Японы гадаад бодлого дахь Монгол Улсын ач холбогдол өсч байгааг тэмдэглээд манай орны дунд, урт хугацааны хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тусалж, хамтран ажиллахаа илэрхийлжээ. Тухайлбал, сургалт оношилгооны эмнэлэг байгуулах, Шинэ олон улсын онгоцны буудлын ажлыг эхлүүлэх, Дархан хотод Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг чиглэлд дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажиллахаа мэдэгдсэн байна. Түүнчлэн стратегийн түншлэлийн 2010 оны хамтарсан мэдэгдлийн агуулгыг бодит ажил хэрэг болгоход чухал хувь нэмэр оруулахыг онцолсон байна.

Шинзо Абэтай хийсэн хэлэлцээ харилцан ойлголцсон, итгэлцсэн, найрсаг уур амьсгалд амжилттай болж өнгөрснийг онцлоод, “Гуравдагч хөрш” Япон улстай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газар улс төрийн өндөр ач холбогдол өгдгийг мэдэгдсэн юм.
Японы Ерөнхий сайдын санаанд оромгүй нэгэн уулзалт нь тэрбээр МАН-ын дарга Ө.Энхтүвшинтэй уулзах хүсэлт тавьж, уулзсан явдал байлаа. Монгол Улсад Ардын нам одоогоор сөрөг хүчний байр сууринд байгаа бол Япон Улсын Либераль Ардчилсан нам ч гурван жил сөрөг хүчний байр сууринд байж саяхнаас төрийн эрхэнд гараад буйгаараа энэ хоёр намд ижил төстэй шинж бий. Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ болон Ардын намын дарга Ө.Энхтүвшин нар уулзаж, 30 минут шахам хугацаанд харилцан ярилцжээ. Аливаа айлчлалын дараа л тухайн улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын улстөрийн зорилго, стратеги хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээгддэг байсан бол Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн энэ удаагийн арга барил тун шинэлэг, содон байсныг Ардын намын дарга Ө.Энхтүвшин онцлон илэрхийлсэн байна. Энэ үеэр Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ ”Монгол Ардын Нам болон Японы Либераль Ардчилсан намууд Засгийн эрхэнд байхдаа бүх шатанд хамтарч, хоёр орны найрсаг харилцааг өргөтгөн бэхжүүлсний үр дүн нь өнөөгийн түвшин юм...” хэмээжээ.

Харин олон нийтийн анхаарлыг татаж байсан Тавантолгойн талаар Шинзо Абэ яагаад ярьсангүй вэ гэдэг нь асуулт хэвээр үлдлээ. Угтаа Монголын тал “Чалко”-д өрөө барагдуулсны дараа Япон, Солонгост зарах талаар яригдаж байсан. Гэтэл одоо “Чалко”-д тавьсан өрөө барагдуулж дуусаагүй, дуусах нь байтугай таг зогсчихоод байгаа учраас монголчууд Японы Ерөнхий сайдыг ирэх үеэр “Амаа үдүүлсэн” мэт өнгөрөхөөр шийдэв үү.  
Үнэндээ улс төрийн томоохон бүлэглэлүүдийн маргаанаас болоод Тавантолгой таг зогсчихоод байгаа. Анх 2010 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Тавантолгойн  стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах тендерийг зарласанаас хойш  бараг бүтэн жилийн дараа тухайн үеийн Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуягаар ахлуулсан ажлын хэсэг АНУ-ын “Пибоди Энержи”, БНХАУ-ын “Шинхуа Энержи” болон Японы “Иточү”,“Мицуй” компаниудын консорциум,  ОХУ-ын “Оросын төмөр зам” болон Япон, БНСУ-ын консорциумын нэгдэл,  Австрали-Швейцарийн “Экстрата Коул”, Бразилийн “Вале”, Люксембургийн “АрсэлорМитал” гэсэн зургаан байгууллагыг эхний шатны шалгаруулалтад тэнцэж үлдлээ хэмээн зарлаж байв.

Гэтэл хөрөнгө оруулагчдыг шалгаруулах тендерийн дүн гарахад АНУ-ын “Пибоди энержи”, Хятадын “Шенхуа” болон Орос-Монголын хамтарсан нэгдэл шалгарсан. Харин Өмнөд Солонгос, Японы хөрөнгө оруулагчдад юу ч өгөөгүй, шуудхан хэлэхэд гомдоож орхисон. Тухайн үед Тавантолгойн ордын баруун Цанхийн 40 хувийг Хятадын “Шиньхуа” групп, 24 хувийг АНУ-ын “Пибоди Энержи”, 36 хувийг Орос-Монголын хамтарсан консерциумд хамтран эзэмшүүлэх шийдвэр гаргаж байсан ч баталгаажаагүй.

Түүгээр ч үл барам Тавантолгой хэмээн баахан ярьж гадаадын хөрөнгө оруулагчдыг татчихаад “Чалко” гэдэг Хятадын компанид 350 сая ам.долларын өр тавиад түүнийгээ хүмүүст тараагаад өгчихсөн. Ингэснээрээ Монголыг олон улсад онигоонд оруулсан. Бас болоогүй ээ, Гонконгийн хөрөнгийн бирж дээр IPO гаргах талаар ярьж, Хонгконгийн хөрөнгийн биржид 2012 онд хувьцаагаа гаргах компаниудын жагсаалтад Тавантолгойг оруулж чадсан. Лондонгийн хөрөнгийн биржид ч IPO гаргах талаар ярьж байсан. Гэвч одоогоор Тавантолгой олон улсын хөрөнгийн биржид IPO гаргах нь байтугай зогсчихоод байгаа нь нууц биш.
Магадгүй манайхан “Чалко”-гийн өрийг барагдуулчихаад нүүрс нийлүүлнэ гэж хэлсэн амандаа хүрээгүй, хүрэх нь төмөр замаа ч тавьж эхлүүлээгүйдээ ичсэн юм болов уу даа.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив