Бурхан Халдунд төөрсөн нь Н.Алтанхуягийн огцрох шалтгаан мөн
2013 оны 4 сарын 12
Бурхан Халдунд төөрсөн нь Н.Алтанхуягийн огцрох шалтгаан мөн
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн амралтын өдөр буюу дөрөвдүгээр сарын 6-ны бямба гарагт Бурхан Халдун ууланд авиралт хийхээр явж, ням гарагийн өглөө авиралтаа эхлэн үдээс хойш бууж ирэх төлөвлөгөөтэй  байсан боловч цаг агаар гэнэт муудсанаас болж уулнаас бууж ирээгүй  нь олны анхаарлыг татав. Ерөнхий сайдтай 70 хүн хамт явж байсан юм.

Амралтын өдөр 70 гаруй хүн дагуулан аялахаар явсан Ерөнхий сайд эцэстээ онцгой байдал зарлуулахад хүрэв. Түүгээр ч үл барам түүнийг эрэн хайх ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удирдан ажиллах нь тэр. Үнэхээр ч Ерөнхий сайд маань хүү болон 70 гаруй хүн дагуулаад сураггүй болчихоод байхад дээр дооргүй хөдлөхөөс яах билээ дээ.

Ямартай ч сураггүй байсан Ерөнхий сайдыг өчигдөр олж нийслэлд авчирлаа. Тэрбээр Улаанбаатарт ирж, эмнэлэгт үзүүлээд гэр рүүгээ явсан байна. Ерөнхий сайд маань эрүүл саруул, эсэн мэнд олдсон учраас тэрбээр яах гэж Бурхан Халдуныг зорив гэдэг асуулт гарч ирнэ. Зарим эх сурвалжийн өгүүлснээр тэрбээр хагас сайн өдөр болгон Цэцээ гүний ноён оргил руу алхдаг бөгөөд энэ удаад намын баярынх нь төрсөн өдөр тохиосон тул Бурхан Халдуныг зорьсон аж.
Харамсалтай нь Ерөнхий сайдын аялал татвар төлөгчдийн мөнгөөр туйлаад өнгөрөв. Түүнийг аврахаар нисдэг тэрэг ашигласан юм. Ерөнхий сайдыг аврах нисдэг тэргэнд 28 сая 400 мянган төгрөг зарцуулсан гэнэ. Нисдэг тэрэг нэг цаг нисэх зардал 5,680,000 төгрөг болдог байна. Харин эрэх, зөөх ажиллагааг дор хаяж таван цаг хийсэн гэж бодоход нийт 28 400 000 төгрөг болж байгаа юм. Түүний дээр цагдаа, цэргийн ангийнхан, эмнэлгийн ажилчдын зардал, онцгой байдлынхан болон холбооны зардал, явсан машины шатахуун нэмэгдэх нь тодорхой. Эх сурвалжийн мэдээлснээр эрэн хайх ажиллагаанд гурван нисдэг тэрэг явсан гэнэ. Тэгэхээр дээрх тоо гурав дахин өснө гэсэн үг. Тэгэхээр гурван нисдэг тэргэнд 90-ээд сая, бусад зардалтайгаа 100 гаруй сая төгрөг зарцуулсан болж таарлаа.

АН-ын дарга, Ерөнхий сайд маань намынхаа төрсөн өдрийг ингэж л тэмдэглэв. Цахим ертөнцөөр аялаж үзэхэд олон нийт твиттер, фэйсбүүкээр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлжээ. Зарим нь байгаль дэлхий, баян хангай хэнтэй яаж харьцахаа мэддэг хэмээсэн байх юм. Үнэхээр ч үнэний ортой байж болох талтай.
Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр ч мөн сайд байхдаа хоёр хоног алга болж байсан удаатай. Тэрбээр 2008 оны дөрөвдүгээр сард ОХУ-д албан ёсны айлчлал хийж ирсэнийхээ дараа буюу тавдугаар сард  Хэнтий, Дорнод аймагт ажиллаж Мардайн орд газартай танилцсан юм. Гэтэл тэндээсээ нисдэг тэргээр Чита мужийн Краснокаменскт очиж ОХУ-ын Рос-Атом компанийн ерөнхий захирал С.В. Кириенкотой уулзаадирсэн байдаг. хэнд ч хэлээгүй явсан тул түүнийг нисдэг тэрэг хөлөглөн хил даваад явчихсаныг мэдээгүй тул эрж хайгаад бөөн юм болж билээ. Үүний дараахан даа. УИХ-ын 2008 оны сонгууль будлиантсанд тооцогдож, долдугаар сарын 1-ний их үймээн дэгдсэн юм. Энэ дуулиан арайхийн намжиж байтал 2009 оны нэгдүгээр сард С.Баяр “Макс” Д.Ганбаатарын мориноос унасан гэж ихэд шуугисан. Харин Ерөнхий сайд С.Баяр 2009 оны аравдугаар сарын 28-нд албан тушаалаа өгсөн билээ.

Манайхан нээрээ дээшээ гарах тусмаа ууланд авирдаг жишигтэй юм байна. 2007 оны наймдугаар сарын 26-нд тухайн үед Шадар сайд байсан М.Энхсайхан Ховд аймгийн мөнххайрхан ууланд авирсан юм. Түүнээс ердөө хэдхэн хоногийн өмнө мөн л тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр уг уулын оргилд гараад буцсан билээ. Ерөнхийлөгчийнхөө заасан замаар явж байсан Шадар сайд М.Энхсайхан “Алмасын мөр оллоо" хэмээн олныг шуугиулж, тэр нь эцэстээ олны доог тохуу болж өнгөрсөн түүхтэй.

Харин өнөөдрийн өндөрлөгөөс харахад тэр үеийн Ерөнхийлөгч, Шадар сайд хоёр одоо хаана байна вэ. Хоёулаа намаасаа өрх тусгаарласан. Улс төрийн карьер нь бараг дууссан гэж хэлж болно. Тэд өнгөрсөн жил гар барилцан эвсэл байгуулж, сонгуульд оролцож багагүй амжилтад хүрсэн ч өөрсдөө үнсэнд хаясан шалз шиг болчихсон. М.Энхсайхан бүр албан тушаал ч үгүй хоцорчихоод Н.Энхбаярынхаа тухай олигтой үг унагахгүй сууж байна.

Тэгэхээр олны үг ортой. Байгаль дэлхий хэнийг хөрвөөхөө мэддэг гэдэг нь үнэн бололтой. Эрх баригч АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг татвар төлөгчдийн 100 гаруй сая төгрөгөөр зугаалчихаад ирлээ. Тэрбээр анх Ерөнхий сайд болохдоо “Би Засгийн газрын сайд нарын гадаад дотоодод аялж, зугаалдаг байдлыг зогсооно” хэмээж байсан. Энэ үг нь уудам Монгол орны зах хязгаарт суугаа иргэдэд нь хүрч амжаагүй байхад Н.Алтанхуяг хэлсэн үгнээсээ буцлаа. Тэрбээр сайд нарыгаа зогсоох нь байтугай өөрөө үлгэр дууриал болчихов. Монголчууд эр хүн хэлсэндээ гэдэг дээ. Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг хэлсэн үгэндээ хүрээгүй, татвар төлөгчдийн 100 гаруй сая төгрөгөөр туйлсныхаа хариуд албан тушаалаасаа огцрох нь зүйн хэрэг юм.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив