Ази минь тайвшраасай
2013 оны 4 сарын 12
1.
     Ази тивийн ард түмэн бол хамгийн их зовлон үзсэн байх гэж би боддог. Сүүлийн гурав дөрвөн зуун жилд бид хэцүү байсан. Бие биесээ колончлоно. Эзлэнэ. Түрэмгийлнэ.  Өрнөдийн их гүрнүүдийн тоглоом болсон нь ч бий. Өөр хоорондоо бие биенээ мөн ч их хорлож хохироосон доо. Хүн төрөлхтний хөгжлийн оргил бол амгалан тайван амьдрах. Бие биенээ харж инээмсэглэх. Бие биентэйгээ таашаангуй мэндлэхийг ч бид сурсангүй. Сурсангүй биш Монголчуудын хувьд мартжээ.  Уг нь Монголчууд уул овоон дээр уулзахдаа хүртэл бие биенийхээ мэндийг сайхан мэдэлцдэг байсан гэдэг. Бид яагаад ийм бие биендээ анхааралгүй хандана вэ? Бид яагаад бие биендээ худлаа хэлэхийг юман чинээ үл бодно вэ? Бид яагаад бие биендээ зиндаархуй байдаг юм бэ? Бид яагаад?????  Монгол хүний эгдүү хүргэсэн зиндаархуу байдал, алагчилдаг зан араншин. Да чин улсын дарлалаас үүдэлтэй юу?!  Тэгсэн атлаа тэр үеийн манай феодлууд явахгүй атлаа доодсыгоо хуурсан хөөрхөн зальтай. “Да чин бэйс” гэхийг “Дайчин бэйс”  гэх гэж панаалдана. Да Чин бэйс гэвэл их Чин улсын бэйс хэрэг л дээ. Гэтэл Дайчин бэйс гэвэл их үзэлцдэг, тэмцдэг аврага байх нь ээ дээ. Өөрөөр хэлбэл, гадны дарлал дор олж долоож байгаа отго жинсээ баатарлаг үйлсийн “мундир” болгоно.
 Иймэрхүү маягаар манай Монголчууд хэдэн үеээрээ бие биенээ молигдож ирсэн бөлгөө. Одоо ч гэсэн манай дээдсүүд peir cardine өмссөн феодлууд шиг санагдах үе буй шүү. Заримдаа Цагаан сар, Наадам энэ тэрээр ч “фоедлын сүрэг” явж байгаа мэт санагдах бөгөөд 100 жилийн өмнө амьдарч байгаа ч юм шиг санагдах нь гаажтай атлаа донжтой сайхаан. Манай Монголчуудын явдал ойлгомжтой. Яагаад гэвэл бид бие биесээ мэднэ. Гэтэл Ази маань яагаад байна вэ? Алалцаад л байдаг. Алалцаад л байдаг. Гэтэл Европ өөр юмаа. 27 орон эдийн засгийн хувьд хамгийн гайхалтай нь улс төрийн хувьд нэгдэж байна. Дэлхийн дотоодын нийт бүтээгдхүүний 28-30 хувийг үйлдвэрлэдэг юм байна. Тэр нь 16-17 триллион доллар болж байна. 500 сая хүн тэнд байна.

Тэд “муухай” эв нэгдэлтэй. Грек баларвал хурал хийнэ. Шийдвэр гаргана. Испани хүндэрвэл бас л тэгнэ. Ази маань ингэж “хөнжил гудсан”-даа орохоо байг гэхэд нартай өдрийн бороо шиг бие биендээ найрсаг хандаж яагаад болдоггүй юм бол?! ХХI зуун бол яг нарийндаа хүн хүндээ хайртай байх зуун бол ХХ зуун юм шиг байгаа юм. АНУ-ыг хар. “E pluribus unum” гээд эртний латын хэлээр төрийн сүлдэндээ энэ үгийг үлдээжээ. Оросууд бол “Из многих — единое” гээд орчуулаад байгаа юм. Зохиолч Баарангийн Пүрэвдаш гуай бид “Олуулаа ч нэг цул” гэж орчуулаад байгаа юм. Уг нь энэ үгийг манай эрний өмнө Цицерон “өвөөгийн өвөөгийн өвөө” хэлсэн юм гэнэ лээ. АНУ улсад хэдэн үндэстэн ястан байдгийг би хэлж чадахгүй. Тагнуулын төв газар ч нарийвчлан гаргаж үл чадах биз. Монголд хэдэн юу байдгаа мэдэхгүй мань мэтэд энэ томдсон асуудал. Европжуу, негржүү, монголжуу, американжуу арьстан л гэж ангилахаас өөр аргагүй.  Тэд тэгэхдээ “Олуулаа ч нэг цул” амьдарч чадаж байна. Европид аймшигтай том зөрчил алга.  Тэд бас “Олуулаа ч нэг цул”-ын төлөө амьсгалж чадаж байна. Зуун жилийн өмнө хоёр тэрбум хүрэхгүй байсан Дэлхийн хүн ам одоо долоон тэрбум болжээ. Энэ нь хэн эв нэгдэлтэй байна, тэр нь хүн шиг амьдрах цаг ирсэн мэт.

2.

Африк бол хэцүү. Тэднийг ойлгоход төвөгтэй. Төвөгтэй байна гэдэг өөрөө хувь заяа юм. Ази бол арай өөр баймаар байж боломоор санагдах юм. Гэтэл хоёр Солонгос байна. Хоёр Герман шиг байж чадахгүй л байна. Дайн байлдаан л ярих юм. Хойд Солонгосын Йонбен дэхь реактор нь технологийн шалтгаанаар ойрын үед хөдлөхгүй бололтой гэж зарим эх сурвалж үзэж байх шиг. Энэ үнэн бол Ким Чен Ун “блеефдэж” байгаа юм уу. Үнэхээр Хойд Солонгосын байдал хүнд байна.  Ард түмэн нь хагас өлсгөлөнгийн байдалтай байдаг гэсэн. Зарим эх сурвалжаас үзэхэд Хойд Солонгос 2010 онд 42 плутонитэй, энэ нь 6-8 атомын цэнэгт хүрэлцээтэй эд гэсэн. Энэ бол хэцүү юм. 
Солонгос судлаач Б. Лхагва: “Цөмийн зэвсгийг систем, дэглэмээ хамгаалах, нөгөө талаа яриа хэлэлцээнд татан оролцуулах, буулт хийлгэх гол баталгаа “хөзөр” болгон ашиглах зорилго ч бий” хэмээн дүгнэсэн байна. Би дотроо түүнтэй санал нэг байна. Хэрэв ийм “блееф” хэмжээнд байгаа бол бас ч байдал хяналтаасаа гараагүй хэрэг. Бид тэднийг бас “аргадах” хэрэгтэй байх. Дипломат ёс зүйн үүднээс шүү дээ. Азийн бид Европын холбоо шиг, АНУ шиг байх ч холын хэрэг байх. Гэхдээ аюулгүй амгалан байхсан.  Африк, Арабын байдлаас сургамж авах л ёстой сон.

3.
Дэлхийн түүхийг хараад байхад (ХХ зууны дундаас хойш, ХХI зуун) хэн ядуу байна тэнд дайн байлдаан, тэмцэл зөрчил байна. Өнөөдөр дэлхий хавтгай болжээ. Хавтгай боллоо гэдэг нь бөөрөнхий байсан дэлхий гурван алимны нуруун дээр тогтсон хавтгай болсон гэсэн үг биш л дээ. Ойртож нягтрасныг л хэлж байна. Өнөөдөр Монгол, Япон хоёр яаж нягтрав. Монгол Өмнөд Солонгос яаж нягтрав. Хойд Солонгос ч уламжлалт харилцаатай хэвээр буй. 40 гаруй жилийн өмнөөс БНХАУ юун Монгол Улсад зээл тусламж өгөх манатай байсан сан.  70 жилийн өмнө Монгол, Япон ямар байлаа.
 Өнөөдөр юм наашилж байна. Саяхан Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ирлээ хамтын ажиллагаа ярьж байгаад явлаа. Тэрбээр төр , засгийн төрийн өндөрлөгүүдтэй уулзаад явлаа. Бас ч болоогүй цорын ганц сөрөг хүчин МАН-ын лидер Ө.Энхтүвшинтэй уулзсан нь хэвлэл, олон нийтийн анхаарлын төвд шуугиан тарьсан юм. Шинзо Абэгийн хувьд эрх баригч байна уу, сөрөг хүчин байна уу аль алинд нь анхааралтай хандах шалтгаан байна. Яагаад гэвэл тэрбээр Японы засгийн газрын тэргүүн юм.

Яагаад гэвэл Японы эрх баригч либераль ардчилсан намын лидер юм. “Аягны хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэдэг үг ч бий. Монголын нийгэмд хамгийн нөлөөтэй, удаан төр барьсан нам бол Ардын нам. Үүний нэг нотолгоо нь Ардчилсан намын нөхөд маань: “Бид хэдхээн жил төр барьсан. Ардын нам хэдэн жил төр барьсан” гэдэг гомдол, санаашрал юм. Японы либераль ардчилсан нам бол олон жил Ардын нам лүгээ төр барьсан нам юм. Тийм ч учраас Японы зээл тусламж, Монгол оронд хийсэн сайн үйлс нь Ардын нам төр барьж байх хугацаанд явагдсан байдаг нь үнэн юм.
 Энэ хоёрын зовлон жаргал ойролцоо. Японы либераль ардчилсан нам ялагдаж гурван жил “гудамжинд” байх үед Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Сү. Батболд Япон улсад очихдоо тэндхийн Либераль ардчилсан намын нөхөдтэй уулзсан гэдэг. Энэ нь унасан боссон ч хамаагүй, хуучин уламжлал нөхөрлөлөө хадгалах соёл Монгол, Японы улс төрийн соёлд суурьшмал болж үлджээ гэж үзэхээр байна. Байнга зодуулж “зодуурын хүүхэд” шахуу болсон МАН-д Шинзо Абэ урам өглөө.  Ер нь сөрөг хүчинд урам өгөх цаг ирлээ. Европ нягтарч байгаа шиг Ази нягтрах цаг. Ази нягтарч байгаа шиг Монгол нягтрах цаг.

Х. Бүрэнтогтох   



Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив