Сөрөг хүчин цул хүчин болж байна
2013 оны 4 сарын 12
1.
      Улс төрийн намуудын тухай нэг сайхан үг байдаг. Сулавтар эрх баригч байснаас чадалтайхан сөрөг хүчин бай гэж. Одоогоор Монголын парламентэд сөрөг хүчин ганц байна. Бүр парламентээс гадуур ч сөрөг хүчин ганц байна. Тэр нь Ардын нам. Түүнийг юу гэж гутаан доромжлоод ч хэрэггүй. Цорын ганц сөрөг хүчин байгаа нь үнэн. Гарын алган дээр байгаа юм шиг л харагдаж байгаа шүү дээ. Ардын нам муу, сайндаа биш бодит байдал ийм байна. Парламент дотроо АН, “Шудрага ёс” эвсэл (МАХН-МҮАН), ИЗН, бие даагч гурав бүгд нийлээд эрх баригч 100 хувь. Ардын нам сөрөг хүчин 100%. Хэрэв ээ парламент гэдэг юм ард түмний саналаар бүрддэг нь үнэн юм бол эрх баригч 100 хувь бол дээрх субьектүүд үсрээд 60 хувийн эрх барих зөвшөөрөл авсан нөхөд. Үлдсэн 40 хувь нь Ардын намын “өмч”. Ардын нам хэцүү байгаа. Аархуу явсан нөхөд ангайтлаа тавиулахаар хэцүү шүү дээ. Санадарсан зарим нь урвана, зугтана, худалдагдана. Өдгөө тэд 40 хувийн өмчөө хамгаалж үлдэх нь юу юунаас чухал байна.
Тэгэхгүй бол энэ өмчийг нь хулгайлах, луйвардах, дээрэмдэх, түрэмгийлэх гээд зуун хүчирхийлэл, мянган хэрүүл хараал, жатга зовлон сөрөг хүчний эргэн тойронд болж байна. Тэднийг зоддог хүмүүс хаа хаагүй байна. “Тунгалаг Тамир” зохиол дээр гуйлагчин Галсан Ардын засгийн хүчээр саах таван ямаатай болчихоод насаар нь тэжээсэн Итгэлт баянд агсан тавьдаг шиг бусад жижиг нөхдүүд агсарч байна. Ална гэж байна. Энэ үнэн. Парламентэд байгаа хэд яах вэ гэтэл парламентийн гадуур байгаа хэд юун сөрөг хүчнээ дэмжих нь байтугай алах шинжтэй. Өнөө Ногоон нам, Бүгд найрамдах нам, Уламжлалын нэгдсэн нам сөрөг хүчин лүү нулимж эхэллээ. Сөнөөнө гэнэ. Татан буулгана гэнэ. Арчина гэнэ. Арсланг өмөөрч туулайг зодох нь тийм  ч этиктэй, бас таатай эд гэж үү? Ардын намыг арслан байхад нь шилбүүрдэхгүй яав аа?! Та нар!  Бүгд байр саванд нь шигдчихээд өөрийн гишүүд нь орох зайгүй, уулзах хүнгүй болтол долигнож, сайдын сэнтий, саарал ордон хоёрыг битүүлж аваагүй бил үү? Та бүхэн. “Хаан сонголт” гэж хүртэл хашгирч байсан бус уу? Ардын намыг зулзаган нам гэж манай Буян Жаргалсайхан хэллээ. Базарсад гуай, Ичинхорлоо гуай хоёр тэгэж хэзээ ч хэлэхгүй  биз?! Уг нь манай Б.Жаргалсайхан Э.Бат-Үүл бишсэн.

Манай Бат-Үүл баатар бол МАН, МАХН-аасаа халиад ХКН, Ленин багшийн хөшөө зэрэгтэй л “занималддаг” болсон хүн шүү дээ. Ямар догматик юм бэ?! Үнэхээр нэг дууг хүмүүс 23 жил дууллаа. Уйддаггүй юм уу?! Аль 90 жилийн өмнө шидэл болсон Ленин бидэнд ямар хамаа байна аа? Бид аль ч түвшиндээ сөрөг хүчнээ хяхан боогдуулж, үзэн ядаж эхэлбэл бид худлаа ардчилалаар амьсгалах хэрэггүй. Тэгэх юм бол харин Ленин чинь энд байна шүү.
Улс төрийн дэглэм, систем болгонд сөрөг хүчин гэдэг өөрийн гэсэн үүрэг рольтой байдаг. Тоталитар дэглэмтэй орон гүрэнд бол сөрөг хүчнээ шууд үгүй хийнэ. Арчина. Цэвэрлэнэ. Устгана. Авторитар дэглэмтэй газар нутагт бол сөрөг хүчнээ төрийн эсрэг гэж ухуулан таниулж ач холбогдолгүй болгоно. Төрийн эсрэг, тогтворотой байдлын эсрэг гэхчилэн нэр хоч зүүж “хосыг нь суглаж хоёрыг нь” авахыг”  хичээнэ. Элдвээр хяхаж зовооно. Манайд ч энэ үйл явц өнгөрсөн жил болон өнөө жил үргэлжлэн явж байна. Ардын намыг бүлэггүй байлгана л гэнэ. Бүтэцгүй болгох л гэнэ. Бүр сүүлдээ байргүй болгоё гэнэ. Бид сөрөг хүчнээ ингэж зовоож байгаа юм чинь үл тэвчих, үзэн ядах нийгэмд маш ойр байх шиг санагдаж байна. Хэн нэгэн санхүүжүүлбэл хэнийгээ ч гэхгүй болчихсон хүмүүс юм уу даа бид нар?!

2.

Тоталитар, авторитор дэглэмээс тусгайлан авч үзэх нэг дэглэм байна. Тэр бол ардчилсан нийгэм. “Муу юм урсгалаараа бүтэж байдаг. Сайн юмыг бол бүтээх маш хэцүү” гэдэг эртний үг байна. Сайн юм хэзээ ч урсгалаараа бүтдэггүй. Уншигч Та мэдэж байгаа. Ардчилсан улс гүрэнд бол сөрөг хүчин гэдэг улс төрийн процесст чухал оролцогч болж байдаг. Манайд бол сөрөг хүчин гэдэг дайсан, ба-ба. Гэхдээ энэ ба-ба байхгүй бол бидний ярьж хэлээд байгаа бүхэн худлаа болно. 23 жил худлаа ярих ямар вэ? Урт хугацаа биз. Хүн төрөөд цэргийн алба хааж ирээд эхнэр аваад хүүхэдтэй болох хугацаа. Яагаад гэвэл энэ хэсэг байхгүй бол ардчилал гэдэг өөрөө байхгүй болно. Гэтэл манайд бол энэ хэсэггүй явахыг хүсч байна.
Тэгвэл бид цөмөөрөө л коммунистууд юм байна шүү дээ. Худлаа уралдаж л ардчилагчид болох гээд байгаа болохоос бид таарч нийлсэн л таар шуудайнууд юм биш үү? Худлаа гэвэл Чи өөрийнхөө авир зан руу хар! Эрх баригчдын олон авир зан үүнийг нотолсон. Тэгэхээр тэд маань ардчилагчид мөн үү гэдэг эргэлзээг дагуулах болох нь ээ. Сөрөг хүчний талаархи хамгийн гоё жишээг энд шигтгэе. Их Британы эрхэм Дээд Хатан хаан өөрийнхөө улсад төдийгүй, колони, эзэмшилд нь байсан улс гүрнүүдийн сөрөг хүчин болох парламентэд хоёрдугаарт орж буй намын лидерийг сайдын хэмжээний эрх ямбаар хангадаг байна. Энэ нь сөрөг хүчнийг “Эрхэм Дээд Хатан хааны” сөрөг хүчин гэж нэрлэгдэхэд хүргэдэг ажээ.

 Тэгээд сөрөг хүчин нь “сүүдрийн засгийн газар”-ыг байгуулж, сөрөг программ дэвшүүлнэ. Бас болоогүй ээ, ялсан тохиолдолд сүүдрийн засгийн газар ямар сайд байсан тэр местээ автоматаар авдаг учиртай. Уг нь манай Ерөнхийлөгч Ардчилсан намаас гарна уу, Ардын намаас гарна уу, Буян Жагай болно уу нэг л иймэрхүү байх ёстой сон. Үндсэн хуулийг боож авсан Б. Чимид гуай саяхан тэнгэрт халилаа. Түүний үзэл санаа тийм байсан гэж бодном.  Б.Чимид гуайдаа бие биедээ эвтэй сайхан явсан хүний ёсоор энэ дашрамд эмэгнэл илэрхийлье. Дээрхийн учраас Үндсэн хуульд: “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэж хоёргүй нэг утгаар заасан байна.  Хөөрхийдөө, муу сөрөг хүчнийхэнд саяхан нэг овоо тэмдэглүүштэй үйл явдал болжээ. Дандаа толгой руугаа цохиулдаг хүмүүст нэг энхийрлэхгүй юмаа гэхэд эвийдээ гэж нэг хүн харжээ. Бөөн баяр. Япончууд Ази тивдээ соёлоороо тэргүүлнэ л дээ. Тйим ч учраас тэд хөгжсөн. Шинзо Абэ гэдэг япон хүн байна. Хоёр удаа Ерөнхий сайд болсон унаж, босож явсан овоо эр. Японы Либераль ардчилсан намын лидер.

Тэрбээр  Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын хэмжээний өндөр түвшний, богино хугацааны айлчлал хийлээ. Угтаа бол ихэнх нөхөд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гээд эрх барьж байгаа намынхантай уулзаад явдаг бол Шинзо Абэ өөрөө Ардын намын дарга Ө.Энхтүвшинтэй уулзах хүсэлт тавьжээ. Улс төрийн хүчний унаж босохыг философ утгаар нь ойлгодог лидер хүн ад үзэгдээд байгаа Ардын намд ач холбогдол өгч байна аа. Хамгийн гол нь Ардын нам ч гэсэн хэзээ нэгэн цагт ийм хоншоортой байгаасай. Шинзо Абэ Монгол улстай харилцааг урд хожид байгаагүйгээр өргөжүүлэхээ нэгэнт шийдсэн болтой юм. Шинзо Абэгийн айлчлалын арга барил тун шинэлэг, содон байсныг Ардын намын дарга Ө.Энхтүвшин онцолсон.  Тэрхүү зорилго чиглэл болон тусгагдсан байгаа хамтын ажиллагаа, зарчим үзэл санааг ажил хэрэг болгон амьдруулахад дэмжиж туслахыг Ерөнхий сайд Шинзо Абэ Ардын намын дарга, түүний төлөөллөөс хүслээ. Энэ зорилго чиглэлд ашигт малтмалын салбарын хамтын ажиллагаа, Хөшигтийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны буудал, Дархан-Уул аймаг дахь нефьт боловсруулах үйлдвэр, Цахилгаан станцын бүтээн байгуулалтуудад Ардын намыг дэмжиж өгөөрэй хэмээн хүссэн юм. Шинзо Абэ ойлгож байна. Цул хүчин байж л улс орны хөгжил явна гэж мэдэж байгаа. Япончууд самуурайгийн үед ч цул болж зовлонгоос гарч байсан.
Сайн цагийн эхэнд ч тийм байсан.  Манайхан шиг ялсан нь ярвайж, ялагдсан нь урвайдаг ёс Сомали, Камбож зэрэгт л байгаа байх. Ардын Намын дарга Ө.Энхтүвшин ч “Манай намын Засгийн газрын үед төлөвлөж хийж хэрэгжүүлж эхэлсэн ажил тул бид дэмжиж, хэзээд ард түмний тусын төлөөх бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийн талд ажиллах болно” гэдгээ илэрхийллээ.  Эр хүмүүс сайхан байна. Болж л байна. Япон, Их Британ хоёр соёлоороо ойролцоо л юм. Манайд чинь Япон, Их Британ энэ тэрийг даваад гарчихсан юм шиг авирлах нөхөд ч талаар нэг бий шүү.

3.
Сөрөг хүчин хэцүү байдалд байна. Ардын намыг ч гадуурхах нь ч бүр яамай, арчина, устгана, хураана, хуйлна гээд байдаг. Парламентэд яаж гадуурхагдаж байгаа нь ил тод. УИХ-ын байнгын хороонд Ардын намын дуу хоолой бараг тэгтэй тэнцэнэ дээ. Энийг нарийн тайлбарлах учраас уншигч Та Их хурлын дотоод ажилтай нь танилцахыг эрмэлз. Ардын нам маань дотроо зовлонтой байлаа. Арай ядаад сонгуулийн шокноосоо гараагүй байв.Тэгж байтал Ардын нам дотор элдэв жигүүр, залуучуудын бүлэг гарлаа. Үхье юу, яая? Уг нь зөв логикоороо жигүүр, фракц, хөдөлгөөн намыг ялчихсан хойно гарах ёстой. Зовж явахад биш задарч явахад гараасай. Манай Монголчууд ялсан хүчнээс сүрдэж, давсан бөхөөс айж явсаар хүч нь мөхөсдсөн үед нь толгой руу өшиглөдөг хөөрхөн аргатай. Ө.Энхтүвшин, Г.Занданшатар нар сөрөг хүчний цул байхыг хийж чадлаа.
Залуучууд ялалтын дараа шинэчлэл ярихаар боллоо. Яг нарийндаа шинэчлэл гэдэг хурал хийх, хүн солихдоо бус зөв бодлого явахдаа л юм шүү дээ.  Уг нь сөрөг хүчний хоёр дарга Г.Занданшатар нь шазруухан байгаад залуучуудаа цул хүчин байлгаж чадвал, Ардын намын ахмад үе угаасаа нэгдэлтэй. Г.Занданшатар үүнийг чадна. Чадах байх. Чадаж эхэлж байна. Сөрөг хүчнийг амьтай байлгах нь хүссэн хүсээгүй Ардын намын үүрэг боллоо. Тэр тусмаа бусад нь устгая, арчъя гэж байгаа үед. Нам бол амьд организм юм бол гишүүд нь дуугарах цаг болсон. Монголын ардчилал занал, жатгад орж байна.

 Би яагаад үүнийг бичиж байна гэвэл бид одоо сөрөг хүчнийг бэхжүүлэх хэрэгтэй. Сөрөг хүчин нь Ц.Элбэгдорж байна уу, Ө.Энхтүвшин байна уу, З.Энхболд байна уу, Г.Занданшатар байна уу тэр нь чухал биш. Сөрөг хүчин байх нь л чухал. Их Британы эрхэм Дээд Хатан хааны эвээлд байдаг шиг сөрөг хүчин хатан хааны биш гэхэд Ерөнхийлөгчийн эвээлд байх хэрэгтэй. Японы Ерөнхий сайд, эрх баригч намын дарга Шинзо Абэ ач холбогдол өгдөг шиг тийм сөрөг хүчин манайд хэрэгтэй. Уг нь бид ардчилал руу бага багаар явж л байна. Тэр ололтыг маань  харамсалтай нь анархизм идчих гээд байна. Ийм тохиодолд сөрөг хүчин цул хүчин болохоос өөр аргагүй. Хэн байх нь хамаагүй, үеийн үед сөрөг хүчнээ ард түмэн хайрлах ёстой. Угтаа энэ л ардчилал шүү дээ. Элдэв мэргэн цэцэн юмны цаан дандаа хэн нэгний ашиг сонирхол байдаг.

Х.Бүрэнтогтох

 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив