Ардчилал том уу, ёс суртахуун том уу
2013 оны 4 сарын 15
1.
   Сүүлийн үед Н.Алтанхуягийн засгийн газрыг огцруулах талаар шагшаан шуугиан их дэлгэрлээ. Нөгөө талд нь ажиллаад наймхан сар болж буй торниж байгаа засгийг тойгдож унагаад яах вэ л гэнэ. Эмэгтэйчүүдээс УИХ-ын гишүүн, хатагтай Л.Эрдэнэчимэг, эрэгтэйчүүдээс УИХ-ын гишүүн, Сангийн сайд, ноён Ч. Улаан нар элдэв тайлбарыг манлайлан өгч байна аа. Тэдний гол учирлал нь удахгүй бүтээн байгуулалт явагдана. Монголын нөхцөл байдал бол дөрөвдүгээр сарын 15-наас 11 дүгээр сар хүртэл л юм хийж болдог гэж байна. Энэ бол бүхэнд ойлгомжтой. Яг юм хийх гэж байхад нь болъё л гэнэ.
 Энэ ч бас бүгдэнд ойлгомжтой. Эрүүл саруулаар сэтгэдэг хэн ч гэсэн Засгийн газрыг найман сар болгоод унагахыг хүсэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ демократиа ( Угтаа демо- “ард”, крат- “засаг” гэсэн хоёр үгийн нэгдэл бөгөөд үнэндээ “ардын засаг” гэсэн утгыг агуулж байна. Манайхан “ардчилал” хэмээсэн тасралтгүй үргэлжлэх процесс заасан нэр үгийг сонгож  авчээ. Ийм ч учраас амсхийх завгүй тасралтгүй үргэлжилж байх шиг. ) буюу ардчиллын гол нэг оршин тогтнох үнэт зүйл нь ёс суртахуун юм. Ийм ч учраас иргэншиж хөгжсөн орнуудад ёс суртахууныг дээд үзэл санаа мэт үзэж байна. Саяхандаа Өмнөд Солонгосын Ерөнхий сайд хэрэггүй үеэр гольф тоглож байгаад хусагдаж байх жишээтэй. Иймэрхүү түүх зөндөөн. Тун саяхан даа, 2012 оны хоёрдугаар сард Германы Ерөнхийлөгч Кристиан Вульф огцорсон. Түүнийг хэвлэл мэдээллийн хурц дайралтын үр дүнд огцорсон гэдэг. Угтаа түүний эхнэр нь байшин байр авахдаа нэг саятнаас зээл авсан төдий л юм байв. Тэгэхээр жинхэнэ ардчилсан нийгэмд  ёс суртахууныг тэргүүн зэрэгт тавьж байгаа биз?

Иргэншиж, ардчилсан орнуудад: “Сайд болох сайхан л даа. Сайд байх хэцүү” гэсэн  хэлц үг хүн бүрийнх нь оюун тархинд гүн суусан байна. Эцэст нь энд миний бие юу хэлэх гээд байна гэвэл аливаа ардчилсан оронд ирээдүйд юу хийх гэж байгаагаар нь ацаглаж албан тушаалд нь буюу суудал ямбанд нь үлдээхийг чармайх бус өнөөдөр чи юу хийчих вэ гэдгээр нь хариуцлага тооцдог ёс байна. Жишээ нь, Өмнөд Солонгосын Ерөнхий сайд асан Ли Хэ Чхан гуравдугаар сарын нэгэнд болдог үндэсний баяраараа хэдэн бизнесмен нөхөдтэй гольф тоглосноосоо болж   огцорсон шүү дээ.
Тэрбээр төмөр замчдын ажил хаялтыг зогсоох, улс оронд төрөлт багассаныг зохицуулах, нийгэм эдийн засгийн талаас нь ард түмний амьдралын төвшинг ойртуулах, чөлөөт худалдааг хөхүүлэн дэмжих, үл хөдлөх хөрөнгийн худалдааны луйварыг зөв голдиролд нь оруулах зэргийн хүлээлттэй байсан олон ажил байсан ч түүнийг огцруулж л орхисон юм. Тэгэхээр зэрэг хийсэн алдаа дутагдал, ирээдүйд хийх гэж төлөвлөсөн ажил хоёрыг ардчилсан улс гүрнүүдэд холбодоггүй байна. Хүлээгдэж байгаа их бүтээн байгуулалт төр засгийн уламжлалтай улс оронд бол урсгалаараа явдаг ажил ажээ.

Гэхдээ миний бие энэ Засгийн газар болон Засгийн газрын тэргүүний алдаа дутагдлаас болж ирээдүйн бүтээн байгуулалт гацаанд орж болохгүй гэдэг талд нь байна. Яагаад гэвэл манайхан “Монгол ухаан” гээд нэг юм яриад байдаг шиг “Монгол ардчилал” гээд нэг юм  шинээр бий болгосон юм шиг байна. Би монгол хүн учраас одоо тэр “Монгол ардчилал” талд нь л байхаас даа. Хамгийн харамсалтай нь одоо дээдэс маань ард түмнээсээ “америк ардчилал”, “герман ардчилал”, “өмнөд солонгос ардчилал”-ыг нэхэх нүүргүй л болох вий дээ. “Ямар хаан байна, тийм ард түмэн байдаг” ёс бий. Ямар хаан байна тийм ардчилал байдаг цаг ирсэн юм уу даа. Энэ бол мухардалд орох ардчилал байх. Хаан-аас хамааралтай ардчилал сул дорой ардчилал. Иймд улс төрийн элитүүд, тэр тусмаа төр засгийг барьж буй ихэс дээдэс ард түмэндээ үлгэрлэх цаг ирчихээд бүр өнгөрөх шахуу болоод байна. Уул хаданд төөрөх, худал үнэн залах, хөрөнгө орлогоо буруу мэдүүлэх, хууль зөрчиж хүн ажилд томилох, эсвэл хууль зөрчиж халах, энд тэндэхийн банк элдэв юманд мөнгө төгрөгөө нуух  гээд түмэн алдаа дутагдлаасаа ангижирмаар байна. Ард түмэн бид яах вэ, нуугаад байх мөнгө ч хомс, уул хаданд вертолёт нисгэх ч боломжгүй. Хууль зөрчвөл “нэг худаг” руугаа алхах зам чөлөөтэй. Харин Та нар минь л хичээж үзээрэй дээ.

2.
   Өнөөдөр улс төр туйлын хямралд байна. “Ирээдүй өнөөдрөөс эхэлдэг” гэдэг яасан худал үг вэ?  
Эртний дорнын үг бий.
“Өнгөрсөн сургамжтай
 Өнөөдөр бодитой
 Ирээдүй таамаг төдий” гэж. Хямралын суурь эрт эхэлдэг ажээ. “Улс төрийн намын тухай” хууль гэж байна аа. Энэ бол Монгол улсын хууль. Аливаа эрх зүйт төртэй улс гүрэнд хууль гэдэг анхдагч утга учрыг агуулдаг эд. Тэр хуулийн анхдагч учир утга нь алга болбол бусад бүх эрх зүйн актууд ач холбогдлоо алдана. Бүр нөгөө эрх зүйт төр, ардчилал, хүний эрх , ёс суртахуун, хуулийн өмнөх тэгш байдал цөм алга болно. Уг нь улс төрийн намын тухай хуулийн 6-гийн 3-т “Нам үйл ажиллагаагаа зогсоосон, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, түүнийг тараасан, түүнчлэн нам нэрээ өөрчилсөн бол тэдгээрийн бүтэн болон товчилсон нэрийг шинээр байгуулагдсан болон өөр бусад нам 24 жилийн турш дахин хэрэглэхийг хориглоно” гээд заачихсан байна. 24 жил нэрийг нь хэрэглэж болдоггүй сүрхий далайлт шүү. Гэтэл Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн үед төвхнөн байгууллагдсан Шүүх эрх мэдэл маань МАН-ын өөрчлөгдсөн нэр МАХН-ыг, АН-ын өөрчлөгдсөн нэр МҮАН-ыг өөр субьектүүдэд олгов оо. Шүүх эрх мэдэл том, дэндүү том эрхтэй ч хуулийн заалтын дээр байх эрх байхгүй юм. Энд шүүгч, шүүх дотоод итгэл үнэмшлээрээ шийдвэр гаргаж болох хэдий ч арай дэндсэн шийдвэр гаргасан байна.
Уншигч Та сайн хар даа. Шүүх маань “24 жил” гэснийг “24 хоног” эсвэл “24 цаг” гэж андуурснаас өөр вариант харагдахгүй байгаа биз?!  Уншигч Та сайн хар л даа. Ойлгомжтой байгаа биз дээ? Уг нь шүүх ийм процедурын чанартай алдаа хийх ёсгүй. Хийсэн бол нэн даруй залруулж, буруу үйл явцыг таслан зогсоох ёстой. Бүр Ерөнхийлөгч маань тодорхой арга хэмжээ авах ёстой. Харин МАХН-ын нэрийг авсан Н.Энхбаяр, МҮАН-ын нэрийг авсан М.Энхсайхан нарт дуслын төдий буруу байхгүй. Шүүхийн шийдвэрийг тэд бусад бүх иргэн лүгээ дагахаас өөр аргагүй билээ. Гэхдээ энэ шийдвэр нь хууль зүйн үүднээсээ зөрчилтэй төдийгүй, Монголын ард түмнийг олон тал руу тараасан, нийгмийн цул хүчинг үгүйсгэсэн шийдвэр болсон юм. Өнөөдрийн улс төрийн үйл явцыг харахад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тухайн үед уг асуудалд маш алсын хараагүй хандсаныг цаг үе харуулж байна. Тэрбээр тэр үед үгээ хэлэх ёстой байлаа. Улс төрөөр 23 жил тасралтгүй явж байгаа хүн шүү дээ. Хэрэв ээ тэр дахин сонгогдохыг эрмэлзвэл 2012 онд хийгдсэн энэ хууль бус шийдвэр л түүнд тээг болох байх даа. Одоо энэ хууль бус шийдвэрээр нэр аваад явж байгаа намуудыг яах вэ?!  Зөрчигдсөн хуулийн буруу шийдвэрийг хэн хэзээ, яаж залруулах вэ? Энэ уламжлал цаашид тасралтгүй үргэлжлэх нь байна. Яагаад гэвэл нэгэнт гарсан жишиг дээр суурилагдаж дараагийн шийдвэрүүд адил гарах ёстой. Хууль шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй биш бил үү?!

Хямрал үргэлжилж байна. Хууль гууль болсоор байвал “өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр” л гэдэг болох вий. Энэ асуудал нэг хоёр субьектийн эрх ашгийг хөндөж байвал ч яая гэх вэ? гэхсэн. Гэхдээ л хууль шүүхийн өмнө тэгш байх ардчиллын үндсэн зарчим нь нэг ч субьектийг алгасахгүй байх ёстой. Учир нь  хууль гууль болох нь углуургаараа ард түмнээ “алж” байна гэсэн л үг шүү дээ.
Ардчилсан гүрэн улсад эрх зүйт төр, ардчилал, ёс суртахуун гурав бол ёстой нөгөө машины гурван хэлхээ гэдэг шиг салшгүй эд ангиуд юм. Нэг нь нөгөөгөөсөө салбал аль аль нь үл оршин тогтноно. “Монголын ардчилал”-д бол гурван тусдаа ойлголт ч болоод явчихсан юм даг уу даа?!  Эцэст нь тэмдэглэхэд зүйрлэж үзвээс ёс суртахуунгүй ардчилал гэдэг бол орчин үеийн баба яга л юм даа. Ардчиллын дүрийг ийм болтол нь бид хувиргажээ....

Х.Бүрэнтогтох
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив