ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар: Би ажилтантайгаа маргасан нь үнэн. Гэхдээ зодоогүй
2013 оны 4 сарын 15
ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар: Би ажилтантайгаа маргасан нь үнэн. Гэхдээ зодоогүй
Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар ТӨХ-нд олон жил ажилласан ажилтнуудаа шалтгаангүйгээр ажлаас нь халж, тушаалыг нь  үл зөвшөөрсөн нэгэн ажилтан нь Төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргасны төлөө ажлын байрандаа зодож, танхайрсан тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан билээ. Энэ мэдээллийн мөрөөр бид ТӨХ-ны дарга Д.Цогтбаатартай уулзаж, ярилцлаа.

-ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар ажилтнаа зодсон гэдэг мэдээлэл цацагдлаа. Танай ажил дээр үнэхээр ийм явдал болсон юм уу?

-Зодох гэдэг үгийг ямар утгаар хэрэглэсэн гэдгээс их зүйл шалтгаалах байх. Хууль зүйн талаасаа ч юмуу ахуйн талаасаа яаж тайлбарладаг юм бол. Миний бодлоор мэдээж хүчээр цохиж унагаж, янз бүрийн үйлдэл хийсэн гэж ойлгогдох байх. Тэгэхээр хэвлэл мэдээллээр цацагдаад байгаа шиг би ажилтнаа зодоогүй.

-Та энэ албан тушаалд томилогдоод хоёр сар гаруй болж байна. Тиймээс ажилтнаа зодсон гэх мэдээлэл олны анхаарлыг их татаж байх шиг байна?
 
-Төрийн албаны зарчим бол захирах захирагдах ёс дээр суурилж, ил тод нээлттэй, ард түмэндээ үйлчилдэг байх ёстой. Төрийн албан хаагчид мэргэшсэн, тогтвортой байх ёстой. Би анх 2013 оны хоёрдугаар сарын 5-нд Төрийн өмчийн хорооны ажлыг авахдаа тэгж л бодож ирсэн. Тухайн үед би олон нийтийн мэдээллийн хэрэгслээр манай хамт олон төрийн албан хаагчид мэргэшсэн байх ёстой гэдэг зарчмыг барьж ажиллана гэдгээ ч хэлж байсан. Яах вэ дээ. Амьдрал дээр хүн бүхэн тийм байгаа ч уу, үгүй ч үү. Ажлаа эхлэхдээ мэдээж төрийн захиргааны энэ зарчмаар эхэлсэн, шаардлага тавьсан. Шинэчлэлийн Засгийн газрын аль ч салбарт бид шинэчлэл хийх ёстой. Өөрчлөлт хийх ёстой. Шинэчлэлт өөрчлөлт гэхээр ерөөсөө л бүгдийг нь халаад сольчихдог гэдэг ойлголт байж болохгүй. Шинэчлэнэ, өөрчилнө гэдэг бол бид нар сэтгэлгээний л өөрчлөлт хийх ёстой. Хувь хүмүүс өөрсдөө өөрчлөгдөх ёстой. Хуучин загвараасаа гарах ёстой. Тэгэхээр миний хувьд төрийн албан хаагч мэргэшсэн байх ёстой, ялангуяа бичиг хэргийн стандарт, бичиг боловсруулалт судалгааны ажил зэргийг давхар хийж байх ёстой. Дүн шинжилгээ хийх чадвартай, хариуцлагатай байх ёстой. Энэ талын шаардлагыг би илүү тавьж байгаа. Ажилтнуудынхаа хурал дээр ч би үүнийг хэлсэн.

Хариуцлагын механизмын хувьд энэ бол Монголын нийгэмд маш их дутагдаж байдаг. Энэ байдлыг өөрчилье гэдгийг би үргэлж бодож явсан. Энэ ч үүднээс ажиллаж байна. Би өөрийгөө төрийн албаны туршлагатай хүн гэж боддог. Өөрөөр хэлбэл Төрийн дөрвөн алба байдаг. Би дөрвүүлэнг нь хашсан хүн. Тиймээс өөрийн энэ туршлага, өөрийн мэдэж чаддаг зүйлээ ажиллаж байгаа газраа байнга хэрэгжүүлж явъя л гэж боддог. Намайг цэрэг талаасаа ч төрийн тусгай алба талаасаа ч сайн мэднэ. Төрийн захиргааны төв байгууллага гэвэл Сангийн яаманд ажиллаж байлаа. Хаана ч бай надтай хамт ажиллаж байсан хүмүүсээс асуухад намайг ингээд хүн зодоод явах хүн мөн, бишийг хэлээд өгөх байх.

- ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлагын газрын дарга байсан В.Дарханбаатар гэдэг хүн дээрх мэдээллийг өгсөн болохыг бид мэдлээ. Та хүн зодоогүй гэлээ. Гэтэл энэ хүн зодуулсан гэж хэлсний учир юу юм бол...

-Намайг ирэхэд эндхийн бүтэц хийгдчихсэн, бүх хүн албан тушаал дээрээ томилогдсон, бүх газрын дарга нар нь томилогдчихсон ийм л хамт олонтой уулзаж учирсан. В.Дарханбаатарын хувьд намайг ирэхээс өмнө буюу 2012 оны есдүгээр сард удирдлагын газрын даргаар томилогдсон юм билээ. Угтаа бол ТӨХ-нд анхнаасаа буюу 1996 оноос ажиллаж байсан хүн. Би энэ хүнийг их туршлагатай, найдвартай, ёс зүйтэй ийм л хүн гэж бодож явсан. Надад бол хамтарч ажиллахад хамгийн гол нь ажил үүргээ биелүүлдэг, чадвартай, шуурхай, ийм л хүн хэрэгтэй.

Намайг ирэхээс өмнө Үйлдвэр худалдааны сайд Х.Баттулга ирээд газрын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өгсөн юм билээ.  Намайг энэ ажлаа авсан өдөр бас ирсэн. Тэгэхдээ Төрийн өмчийн Удирдлагын газрын даргад алдагдалтай ажиллаж байгаа Төрийн өмчийн үйлдвэрүүдийн судалгааг гарга, юунаас болоод алдагдалтай ажлаад байгаа юм, түүнийг нь тогтоо гэдэг үүргийг өгсөн байсан. Газрын дарга нарт чиглэл чиглэлээр нь үүрэг өгсөн учраас энэ үүргээ биелүүлэх нь газрын даргын үүрэг. Намайг ирэхэд энэ үүргээ биелүүлж сайдад танилцуулаагүй.

Намайг ирснээс хойш ч хийсэнгүй, бүр биелэгдээгүй.
Үүний дээр Удирдлагын газрын дарга бол маш их хариуцлагатай албан тушаал. Төрийн нууцад гэх юмуу байгууллагын нууцад холбогдолтой бичиг баримт боловсруулдаг. Өөрөөр хэлбэл, Төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн бүрэлдэхүүнүүдийг яамдаас санал авч төрийн төлөөллийг хараат бус гишүүдээс сонгох үйл ажиллагааг хийж байдаг. Энэ үйл ажиллагаануудынхаа зарим нэг функц дээр энэ хүн зарим нэг алдаануудыг хийсэн.

Тухайлбал, надад энэ асуудлаа танилцуулаагүй мөртлөө ТУЗ-ийн дарга гишүүдийг янз бүрээр, өөрөө чиг үүргийнхээ хувьд тэрийг солих эрхгүй мөртлөө сольчихсон. Жишээ нь, МИАТ-ийн ТУЗ-ийн дарга байсаар байтал намайг МИАТ-ийн ТУЗ-ийн даргаар тавьчихсан байгаа юм. Нэг ёсондоо удирдлагаа, хорооныхоо даргыг тавьчихсан гэсэн үг. Тэгэхээр энэ хүнд ямар эрх мэдэлтэй хүн байгаа юм. Нөгөө талаар ТУЗ-ийн үйл ажиллагааг боловсруулах шатандаа түүнийг хэн нэгэнд мэдээлэх ёсгүй байдаг. Гэтэл боловсруулах шатандаа явж байгаа материал надад танилцагдаагүй байхад гадагш мэдээлэл тарчихсан. Өөр бас бусад зүйл байгаа.

Угтаа манай хорооны өөрийн дотоод журам байна. Энэ дотоод журамд ч, өөрийнх нь ажил үүргийн хуваарьт ч байгаа. Боловсруулалтын шатанд байгаа материалыг мэдээлэх шаардлага байхгүй. Гэх мэтчилэн. Тэр хүн их олон жил ажилласан боловч би түүнээс нэг их туршлага олж хараагүй. Дарга хүний, менежерийн урлагийг хараагүй. Захиргааны ажилтны зангаргийг хараагүй. Тиймээс энэ хүнийг өөрчлөх нь зайлшгүй шаардлагатай болсон.

Тиймээс өөрчилсөн. Би өөрчлөөд түүний оронд мэдээж боловсрол болон мэргэжлийн талаасаа удирдаж байгаа ажил үүргийнх нь хувьд чадамжтай хүнийг л би тавихыг бодно. Тиймээс би Санхүүгийн эдийн засгийн сургуульд багшилж байсан Болормаа гэдэг эмэгтэйг томилсон. Энэ хүн хөрөнгийн зах зээлийн талаар хичээл зааж байсан, мэргэжлийн хувьд маш мэдлэгтэй хүн байгаа.

Би болж өгвөл мэргэжлийн талаасаа хүн тавъя гэж бодсон. Тиймээс олон жил ажилласан хүнээс давуу хүн авчирна уу гэхээс би муу ажиллах хүнийг хэзээ ч тавихгүй. Та нарт ч би шударга хэлнэ. Энэ хоёр хүнийг харьцуулаад үзэж болно. Би хувь хүнийхээ хувьд аль ч салбарт ажиллаж байхдаа ер нь чадвартай боловсон хүчнүүдийг дэмжих, зөв юманд зөөлөн, бурууд хатуу байх тийм л зарчимтай хүн. Харин энэ зарим маань зарим хүнд таалагддаггүй байж магадгүй.

-Таныг ажлаас халсан учраас Төрийн албаны зөвлөлд хандсан гэж байгаа. Гэтэл таны хэлснээр энэ хүнийг ажлаас халаагүй өөрчилсөн болж таарах нь ээ?

-Тэр хүн хариуцлага алдсан, ажлын мэргэжлийн дутагдал гаргасан учраас түүнийг өөрчлөх зайлшгүй байсан учраас өөрчилсөн юм. Гэхдээ би ажлаас халаагүй. Гэтэл ажлаас халсан мэт ярьж явна. Төрийн албаны зөвлөлөөс бичиг ирсэн. Би хариуг нь хугацаанд нь албан ёсоор өгчихсөн байгаа. Энэ хүн Монгол Улсын иргэн, төрийн албан хаагчийнхаа хувьд хэнд ч хандаж болно. Энэ хүний эрхийн асуудал. Яах вэ дээ зүгээр.

-Тэгэхээр та хоёр ажлаас халснаас биш өөрчилснөөс болж маргалдсан гэсэн үг үү?

-Бид хоёр хоёулаа эр хүн. Эр хүн байна даа чи үнэнээ хэлээд өгчихгүй яасан юм бэ гэдэг маргаан үүссэн. Тийм учраас чи тэгсэн байна, би ингэсэн байна гээд бид хоёр дуугаа өндөрсгөөд хэрэлдсэн нь үнэн. Хоёр эр хүн хэрэлдэж байгаа хойно цааш нааш түлхэлцсэн л байж таараа. Түүнээс биш гар далайгаад зодоод, доош нь унагаагаад чирээд элдэв зүйл болсон юм байхгүй. Тэр бичлэг дээр нь байгаа байлгүй дээ. Ер нь байгууллагын дарга ажилтнаа загнаж зандрах бол байдаг л асуудал. Түүнээс барьж аваад зодсон юм байхгүй. Тэрийг хэзээ ч шударгаар хэлнэ. Харин бид хоёр хоёулаа бухимдсан байсан учир барьцалдаж авсныг үгүйсгэхгүй. Хажууд улсууд байсан тэд хэлэх байх. Хэрэв түүнтэй хамтраад  намайг гүтгэх гэрч гараад ирдэггүй л юм бол.

-Таныг ажлаа хүлээж авснаас хойш туршлагатай олон ажилтнаа ажлаас нь халсан гэж байгаа. Ер нь танайх хэчнээн ажилтантай вэ?

-Намайг ирэхэд л бүтэц нь хийгдчихсэн байсан гэж би хэлсэн дээ. Тэр бүтцээрээ 60 ажилтантай байгаа. Харин би ганцхан энэ В.Дарханбаатар гэдэг хүнийг л өөрчилсөн. Өөрчлөхдөө би бүр ажилгүй болгоогүй. Мэргэжилтэн болгосон. Өөрийнх нь чиглэлийн хийж байсан ажлыг нь өгсөн. Тэгээд л тэр ажлаа хийж байгаа. Харин нууцгүй хэлэхэд энэ хүн шинэ даргынхаа ажлыг дэмжихгүй байгаа юм. Тийм байдал ажиглагдсан. Хариуцлагагүй байж болохгүй. Албан тушаалаа өгөх, авах гэдэг зүйл хэнд ч байдаг. Би ч гэсэн Сангийн яамны Тамгын газрын дарга байхдаа 2008 оны дөрөвдүгээр сарын 1-нд хэвлэлийн бага хурал хийж, Монголын түүхэнд анх удаагаа төрийн албанаас татгалзсан хүн. Би бол өөрөө аливаад зарчимтай байхыг боддог хүн. Тиймээс би татгалзаж чадсан юм чинь одоо юм хийе, бүтээе гэж байгаа. Чадахгүй бол намайг өөрчилж болно шүү дээ.

 Хэн ч байсан алдаа гаргах юм бол өөрчлөгдөнө. Тэр хүн алдаа гаргасан л бол өөрчлөгдөх ёстой. Би ч ялгаагүй. Харин би тэглээ ингэлээ гээд араас нь гонгиноод, гунгинаад байдаг хүн биш. Би зүгээр л өөрөө гараад явчихна.

-Таныг зодоогүй байхад зодсон, нэг ч ажилтнаа ажлаас халаагүй байхад ажилтнуудаа ажлаас халсан гэж байгаа нь нэг ёсондоо гүтгэлэг болж таарах нь. Тэгэхээр та эргээд гомдол гаргах уу?

- Ажилтнуудаа халсан гэдэг бол олон тоон дээр байгаа биз дээ. Гэтэл би В.Дарханбаатараас өөр хүн халаагүй. В.Дарханбаатарыг халсан биш албан тушаалыг нь өөрчилсөн л хэрэг. Чадваргүй, дутагдал гаргасан хүнээ сольж чадахгүй юм бол би дарга байгаад яах  юм. Энэ миний эрх үүрэгт байгаа.
Харин тэр зодно гэдэг чинь нүүр ам руу нь цохих, гар хөлийг нь гэмтээхийг хэлэх байх гэж ойлгож байна. Хэрвээ намайг зодсон энэ тэр гэх юм бол би ч бас ёс зүйн хувьд угтаа асуудал тавьж болно. Гэхдээ надад тийм сэтгэл байхгүй.

-Таныг “Алтангадас” фракцийнх, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүн гэж ярих юм билээ?

-Би “Алтангадас”-ынх мөн үү гэвэл мөн. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүн энэ тэр гэж ярьдаг л юм. Яах вэ. Зүгээр. Харин миний ганцхан баримталж явдаг, “Алтангадас”-ынханд ч бай ажил дээрээ ч бай баримталдаг нэг зүйл бол чадвартай, хариуцлагатай, ёс зүйтэй байх гэдэг асуудал. Түүнээс тэр энэ гэж баримталдаг зарчмаасаа гажихыг хүсдэггүй.

-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив