Ноёны бөхгүй наадам
2013 оны 4 сарын 18
1.
   1990 он гарснаас хойш Сонгууль гэдэг наадам ч гэлтэй, найр ч гэлтэй, ерөнхийдөө бүх ард түмний спартикиад  шиг л юм болдог боллоо. Ноднин жилээс сонгуулийн тухай хууль нь чангараад дуулаад, уугаад байдаг нь байхгүй болсон юм даг уу даа. 2013 оны дөрөвдүгээр сарын 14-нд Сонгинохайрхан хайрхан уулын  гэж нэрлэмээр бэсрэг наадам боллоо. Уг нь дөрвөн жилд нэг болдог улс төрийн их олимпиад маань 10 сарын өмнө болсон боловч энэ хавьд нэг бэсрэг наадам тунаж үлдсэн юм. Улс төрийн наадам учраас улс төрчид гол төлөв барилдана. Тэгэхдээ бөх- улс төрч ч бас барилдана. Сонгинохайрхан уулын дүүрэгт сая улс төрч-бөх Д.Сумъяабазар өрсөлдлөө. Ер нь ардчилсан Монгол оронд дуучин, бариач, зурхайч, гипнозчин, бөө, үзмэрч гээд хэн дуртай нь үзэлцэж болдог л доо. Тэд маань хааяа барилдах авч гол төлөв буюу ер нь л өвдөг шороодно доо.
Ард түмэн бол тэднийг дуучин нь дуугаа дуулаад, зурхайч нь зурхайгаа зураад, гипнозчин нь өөрийгөө болон бусдыг сэтгэцийн дөрөв дэхь орчин байдалд оруулаад, бөө удган нь хэнгэрэг юугаа балбаад онгод тэнгэрээ дуудаад, үзмэрч төлөгч нь мэргэ төлгөө тавиад  зон олондоо шугам шугмаараа далд ба ил тусаа үзүүлээд явсугай гэсэн хэрэг. Манай ард түмэн хэнд ямар дүн тавихаа мэддэг далд ба ил сэхээрсэн ард түмэн. За, ингээд Хайрхан уулын дэвжээн дээр Ерөнхийлөгчийн зөвлөх, улстөрч Л.Эрхэмбаяр, Улсын аварга, Хайрхан дүүргийн Ардын намын дарга, улстөрч Д.Сумъяабазар нар өрсөлдсөн юм. Сонгуулиар Д.Сумъяабазар Ардын намын дүүргийн дарга байсан нь улс төрийн сонгуульд улстөрч үзэж байна гэдгийг сайн тодотгож өглөө. Харин Л.Эрхэмбаяр 2012 онд болсон санал хураалтын үед дүүргийн Ардчилсан намын дарга байсан нь түүнийг илүү санал авахад нөлөөлсөн.

Харин 2013 оны дахин санал хураалтаар намын даргыг нь авчихсан байсан нь түүнд муугаар нөлөөлсөн юм. Дүүргээсээ холдох гэж байгаа хүний байр байдалд түүнийг авчирсан. Сонгогчдод тийм бодол төрөхөөр байв. Дүүргийн намын дарга гэдэг тухайн дүүргийн улс төрийн лидер гэх ойлголтыг олон түмэнд хүргэдэг чухал алба. Яагаад энэ эгзэгтэй үед түүнийг огцруулав?! Намын нөхөд нь энд дүгнэлт хийх хэрэгтэй юм. Тиймээс ч өрсөлдөгчтэйгээ 2012 онд маш ойролцоо санал авсан хэдий ч 2013 онд саналын зөрүү нэлээн холдсон байж ч болох юм. Хэрэв Л.Эрхэмбаяр Ерөнхийлөгчийн зөвлөх ч биш, намын дарга ч биш байсан бол саналын зөрөө бүр ч том болж болох байлаа. Д.Сумъяабазарт хувийн болон гэр бүлийн нэр хүндтэй давуу тал байнга хадгалагдана. Дээр нь намын дарга гэдэг нь улс төрийн том жин нэмсэн юм. Д.Сумъяабазар нь сонгогч олон түмнийхээ 55-56 хувийн санал авчээ. Сонгууль болсны маргааш нь шуугилаа. “Ардчилсан намын Арвинг  11 дүгээр сард депутат болоход өглөөний долоогоос оройн 22 цаг хүртэл санал хураасан атал энэ сонгуулиар яагаад 20 цаг хүрдэг юм? гэсэн онолын маргааныг Арвингийн Ардчилсан намынхан үүсгэлээ” гэцгээв. Бөөн шоок. Явуулгатай зарим нь:“Ноёны бөх унах ёсгүй нааадам байдаг байжээ л” гэнэ. Л.Эрхэмбаяр маань Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх болохоор юм уу, эсвэл эрх баригч Ардчилсан намын хүн болохоор нь хөөрхийг тэгж хардаж шүү байгаа юм уу даа, янз нь.
Ардын намаас нэр дэвшсэн Өвөрхангайн Чинзориг шиг хилсдүүлсэн түүх давтагдах нь, Увсын Чойжилсүрэн, Хүрэлбаатарынх шиг шүүх цагдаа болох нь гэж сонгогчид бод оо биз! Тэгээд ч тоглоом биш дээ, дүүргийн иргэд бүтэн сайн өдөр болохоор л сонгуулийн хэсэг дээр оочерлож байдаг. Нөгөө талаараа Д.Сумъяабазар, Л. Энхбаяр нар гишүүн болох гээд л сард нэг санал хураалгаж, амьтан шуугиулж байх өвчтэй биш дээ. Ард түмнээ ч хүндэтгэх ёстой байдаг. Өрсөлдөж байгаа хоёроо ч бас хүндэтгэх хэрэгтэй биз дээ. Гишүүн болох гэж өрсөлдлөө гээд л цагийн цагт ад шоо болж байх албагүй шүү дээ. Хэдийбээр : “Гишүүн хүн ард түмний зарц” гэж ярьдаг ч гэсэн арай дэнднэ ээ.

Өнөөх л янзаараа Сонгуулийн ерөнхий хороо таг чиг. Содномцэрэн маань ч бас сох дуугүй. Шаварт унасан шарын эзэн гэгчээр 26 дугаар тойргийн хорооны дарга М.Баасандорж : “Тойргийн хороо ямар ч хууль, журам зөрчөөгүй. Энэ бол 2012 оны УИХ-ын сонгуулийн үргэлжлэл. Тэр сонгуулиар мөрдөгдөж байсан хууль үйлчлэх ёстой. Тэр үед Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, санал хураалтыг 07,00-20,00 цаг хүртэл явуулж байсан. Тэр л хууль үйлчлэх ёстой.” гэлээ. Том логикоороо М.Баасандорж зөв л дөө. Үндсэн хуульдаа: “хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гээд заачихсан байдаг. Хэрэв ээ Үндсэн хуулийн энэ заалт хүчинтэй байгаа бол одоо УИХ-д суугаа 73 гишүүн нь, “Сонгогчдын саналыг санал авах өдрийн 07.00 цагаас 20.00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна” гэсэн заалтаар сонгогдсон буй.
 Гэтэл Монгол Улсын иргэн  Долгорсүрэнгийн Сумъяабазар юугаараа муу болоод 22 цаг хүртэл санал хураалгаж гишүүн болж байгаа юм. Эсвэл юугаараа илүү эрхтэй болоод 22 цаг хүртэл санал хураалгах ёстой юм. Тэр тэгш эрх маань хаана байна гэдэг асуулт гарч ирнэ ээ дээ. Түүний хуулийн өмнө хүлээх тэгш эрх Монгол Улсын иргэн Сангажавын Баярцогт, иргэн Дамдингийн Дэмбэрэл, иргэн Чимидийн Сайханбилэг, иргэн Лувсанцэрэнгийн Энх-Амгалан... гээд бусад 70 гишүүнтэй адил нөхцөлд л сонгогдох ёстой. Энд ганцхан иргэн Дашжамцын Арвин л 22 цаг хүртэл сонгогчдын санал цуглуулсан. Тэгэхдээ энд Арвинг буруутгаж болохгүй. Бид үнэхээр л хүн төвтэй иргэний нийгэм байгуулж байгаа юм бол засаг, захиргааны буруугаас хувь хүний эрх ашиг хохирч байх ёсгүй. Энэ зарчим 26 дугаар тойрогт ч хамаарна. СЕХ-ны алдаа завхрал (хэрэв тийм юм байгаа бол шүү дээ) иргэн Д.Сумъяабазарын ашиг сонирхолыг дийлэх ёсгүй, тэр хүнээр тоглох ёсгүй.  Ийм л юм байгаа юм. Уг нь иргэний ардчилсан нийгмийн төлөө явж байгаа юм бол шүү дээ.

Л.Эрхэмбаяр алсын хараатай улстөрчийн буйраар :“ Миний төлөө саналаа өгсөн сонгогчдодоо баярлалаа. Мөн надаас илүү санал авсан Д.Сумъяабазарт баяр хүргэе. Миний хувьд 2012 оны УИХ-ын сонгууль өндөрлөж байна” гэж мэдэгдлээ. Л.Эрхэмбаяр  ноёны бөх биш. Тэр хатаагдсан улстөрч хүн ажээ. Амь биш заяа биш хэн ялах нь чухал биш. Олон санал хураасан нь ялах ёстой. 22 цаг хүртэл санал хураалаа гэхэд дандаа Ардчилсан Холбооныхон орж ирээч үү, үгүй ч үү. Зөв логик магадлалаар бол магадлал нь 50:50. Автобусаар зөөгөөд амьтан хүн туугаад ирвэл ч өөр л дөө. Ямартай ч Сонгинохайрханы бэсрэг наадам хүний ёсноос гажилгүй өндөрлөлөө.

2.
   За, дахиад нэг бүх ард түмний “спартакиад” бий. Энэ нь ерөнхийлөгчийн сонгууль. АН-аас Ц.Элбэгдорж өрсөлдөх нь тодорхой болсон. Хэрэв ээ Л.Эрхэмбаяр Сонгинохайрхан дүүрэг дээр “ноёны бөх” болсон бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид дараагийн сонгуулийн үеэр сөргөөр нөлөөлөх байсан гэж ойр орчны хүмүүс маань таамаглах юм. Үнэн байх магадлалтай. Одоо Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн тэргүүний хувьд, ард түмний хүсэл эрмэлзлэлийг хүндэтгэн үзэх ёстой субьектийн хувьд Өвөрхангайн асуудлыг нэг тийш нь болгоход хүчин чармайлт гаргах цаг нь болжээ. Ер нь хоцорлоо. Төрийн ёс түмэн жил дээдлэгдэх боловч төрийн гацаа бүтэн жилээр үргэлжилж болох уу?! Энэ асуудлыг нэг тийш нь шийдээд дараагийнхаа аянд мордвол нэг сайн, шийдэхгүй бол хоёр муу гэж л хэлэх гээд байна.
Уучлаарай, ноён Ерөнхнийлөгч өө, оюутан цагийн танил нөхөд явсны хувьд л үүнийг хэлж зүрхлье гэж бодлоо. За, цааш нь энд хамааралгүй бодол санаагаа уншигч Таньтай хуваалцъя. Ер нь бол парламентад суудалтай намуудын тоог хараад байхад Монгол Улсын Ерөнхийлөгчид олон хүн өрсөлдөх боломжтой юм. Ерөнхийлөгч маань  хамгийн нэгдүгээрт, “үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдлэгч” байх ёстой. Энэ бол хоёргүй нэг утгаар байх зарчим. Хэрэв ээ аливаа Ерөнхийлөгч өргөдөг тангарагаа дээд үзэл санаа гэж үзвэл түүнд аль ч нам эвсэл, аль ч Монгол улсын иргэн адил тэгш юм. Монгол улсын Ерөнхийлөгч нь төрийн байгууламж, төрийн институциудын хариуцлага, чиг үүргийг тэргүүн эгнээнд дээдлэн тавьдаг байх ёстой.

 Яагаад гэвэл УИХ бол хамтын хариуцлагын байгууллага юм. Ерөнхийлөгч бол дан ганцаараа шийдвэр гаргадаг цорын ганц субьект билээ. Иймд Ерөнхийлөгч хүн ямар байх вэ гэдгээс улс орны дотоод, гадаадын тогтвортой байдал хамаарна. Угтаа ард түмний амгалан амьдралын баталгаа хамаарна. Энгийн үгээр хэлбэл дотооддоо зөрчилгүй, гадааддаа нэр нөлөөтэй байх нь энэ ганц хүнээс шууд хамаарна. Монгол Улсын Ерөнхийлөгч өөртөө хамаарсан эрх зүйн хүрээнд нэг хүний засаглалыг хэрэгжүүлж буй цорын ганц субьект. Иймд шинээр өрсөлдөх магадлалтай хүмүүст шалгуур өндөр байх биз ээ. Ямар ч л гэсэн тэр хүн улс төрийн ба төрийн албаны дээд төвшинд ажиллаж нухлагдсан, боловсрол, туршлагатай байх нь ойлгомжтой. Хамгийн гол нь нэг хүний төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх үйлсдээ бэлэн хүн байх ёстой юм. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч болохын төлөө өрсөлдөх нь УИХ хэмээх хамтын шийдвэрийн байгууллагад гишүүн болохын төлөө өрсөлдөхөөс онцлог юм. УИХ бол “сайнтай муутай сав дүүрнэ” гэгчээр зөв нь буруугаа залруулж чадвал сайн хэрэг.
Буруу хүмүүс тэнд олширвол буруу шийдвэрийн цуглуулга болно. Зөв хүмүүс тэнд олон болбол зөв шийдвэрийн цуглуулга болох магадлал өндөр. Иймийн учир намын ч харъя, хүнийг нь ч харъя гэж ард түмэн маань сонгуулийн өмнө шуугидаг шүү дээ. Ерөнхийлөгч хүн улс орны лидер хүн байх хэрэгтэй юм. Лидер гэдэг чинь хашиж байсан албан тушаал биш юм. Аль Сангийн сайдыг хэлж барах вэ. Аль Байгаль орчны сайдыг хэлж барах вэ? Сайд болгон лидер биш. Өөрөөр хэлбэл албан тушаалын зэрэг дэвтэй болгон лидер хүн биш шүү дээ. Тэр тусмаа улс орны лидер бол салбарын лидерээс ч огт өөр юм. Лидер гэдэг дор хаяж Монголын 2.8 сая хүний 280 мянган хүнд ухамсар сэхээрлийн төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг хэлнэ. Хамгийн сүүлд нь лидер хүн аливаа ард түмний дийлэнхийн талархлыг хүлээсэн, өөрчлөн байгуулах сэтгэлгээний цар хүрээтэй нэгэн байх ёстой. Хамгийн гол нь сэтгэлгээгээ гүйцэж ажил хэрэг болгож чадах чадвартай нэгэн байх нь юу юунаас чухал юм даа. Хэн Ерөнхийлөгч болох нь онц чухал биш дээрх шалгууруудыг давсан, ард түмнээ алагчилж үздэггүй, Монголын ард түмний эцэг байх хүн сонгогдвол Монголчууд баясан баярлах биз ээ?!

 Монгол Улсын Ерөнхийлөгч ийм л хүн байхыг манай Үндсэн хууль шаардаж, Монголын ард түмэн хүсч байгаа юм даа.
Ирэх сонгуулиар ноён ноёнтойгоо барилдана. Аль давсан нь Хаан болно. Тэр давсан нь ноёны биш ардын бөх-ардын хаан байх болтугай гээд санаагаа төгсгөе.
 
Х.Бүрэнтогтох
 



    

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив