Ц.Элбэгдоржийг хорлон сүйтгэх АН-ынхны алдаатай тоглолтууд
2013 оны 4 сарын 18
Ц.Элбэгдоржийг хорлон сүйтгэх АН-ынхны алдаатай тоглолтууд
Баабарын хэлсэнчлэн Ардчилсан намын гэгээн дурсгалыг хүндэтгэе. АН өөрийн гэсэн үзэл баримтлалгүй нам. Уг нь барууны үзэл баримтлалтай боловч тэр нь алга болоод бүр устчихсан. Энэ нь өнөөх л эрх мэдлийн төлөөх шуналаас үүдэлтэй. Тиймээс Баабар нэлээн хэдэн жилийн өмнө ингэж бичиж байв. Эрх мэдлийн төлөө юу хийж байгаагаа ч ойлгохгүй байгаа АН-ынхны үйлдэл удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшигчийг навс унагах ажиллагаа гэж хэлж болохоор байна. Ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэр дэвших нь бараг тодорхой болоод байгаа. Тэгвэл АН-ынхны увайгүй үйлдлийг зогсоохгүй бол Ц.Элбэгдоржид ард түмэн итгэл үзүүлнэ гэдэг юу л бол.

Үүл даргын үлгэр
АН-ын нэр хүндийг нийслэлд хамгийн ихээр унагаж байгаа хүн бол Э.Бат-Үүл. Тэрбээр хотын мэр болмогцоо нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зорчуулсан нь олны талархлыг ихэд хүлээв. Гэвч амжилтдаа эрдсэн Засаг дарга буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг амралтын өдрийн аль нэгэнд нь замын хөдөлгөөнд оролцуулахгүй хэмээснээр нийслэлчүүдийн 80 хувийн эсэргүүцэлтэй тулгарсан. Иргэдийн дунд хоёр ч удаа санал асуулга явуулсан ч нийслэлчүүд түүний хүслийг талаар болгосон. Тэгэхдээ бүр зарим нь Үүл баатрын тухай сонсохыг ч хүсэхгүй болсон гэнэ лээ. Хотын засаг ноён болсон Э.Бат-Үүл нийслэлчүүдийн эмзэг сэдвээр тоглохоор шийдэв. Анхнаасаа л тэрбээр гэр хорооллын иргэдийн эмзэг сэдэв дээр тоглолт хийж гарч ирсэн хүн л дээ. Энэ нь гэр хорооллыг хаус хороолол болгох.
Гэтэл нэр дээрээ хаус хороолол болгоно гэж байсан Э.Бат-Үүл дарга нидэр дээрээ орон сууц хороолол болгох гэж байгаа талаараа хамгийн анх баянхошууныханд дуулгав. Бас болоогүй ээ хотын захиргааны байрыг Баянхошуунд нүүлгэж аваачихаа ч амлав. Хот төлөвлөлтийг мундаг хийж байгаа биз. Хотын даргын хүслээр Баянхошуунд байрлах хотын захиргаа орохын тул Багахангай, Багануур, Налайх, Баянзүрх дүүргийн иргэд гурван автобус дамжиж очино гэдгийг тэрбээр тооцоолсон л байж таараа. Тэгэхээр хэл амнаас холдож, хүний хөлөөс зайдуухан тухлах гэсэн нэг хүсэл биз. Нөгөө талаар УИХ, нийслэлийн 2012 оны сонгуулийн үеэр Э.Бат-Үүл хотын дарга болох юм бол Хангарьд ордныг “Бодь”-д өгөх юм гэнэ лээ гэсэн яриаг ч батлаад өгөх шиг болов. Ингэхдээ эрхэм хотын мэр маань гэр хорооллынхон нэг хашаанд хоёр, гурван айл байдаг гэдгийг олж мэдээгүй байсан бололтой. Хашааныхаа газрыг чөлөөлж өгөөд байранд орох юм ярьж явсан. Тэгэхээр нэг байранд дээд тал нь гурван өрөө байдаг орон сууцанд хоёр гурван айлыг хамт амьдар гэсэнтэй ялгаагүй үг хэлсэн тул иргэд түүний санаачилгад тийм ч таатай хандсангүй. Баянхошууныхныг баахан “Хошгируулсан” баатрын дараагийн онилсон газар нь Долоон буудал. Тэрбээр Долоон буудлыг Дарханаас хоёр дахин том хот болгон хөгжүүлнэ хэмээн амлалаа. Ингэхдээ мөнөөх л нэг хашааны айлуудыг хэрхэн шийдвэрлэх талаараа дурссангүй өнгөрөв.

Ерөнхий сайдын ер бусын үйлдэл
Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээх хамгийн том замыг Н.Алтанхуягийн Засгийн газар тавьж байна гэж хэлж болно. Ерөнхий сайд Н.Алтанхуяг шинэчлэлийн хэмээх Засгийн газрыг удирдаад есхөн сарын дотор огцрох дээрээ тулаад байна. Энэ нь түүний удаа дараа хийж буй гэнэн тэнэг үйлдлүүдтэй холбоотой гэж хэлж болно. Тэрбээр засгийн эрхийг гартаа авмагцаа ах дүүсийн албан тушаалын томилгоо хийж эхэлснээр ард иргэдийн дургүйцлийг төрүүлж эхэлсэн юм. Ах дүүсийн томилгоо нь эцэстээ амраг, туслах, нарийн бичиг гээд АН угшилтай, АН-аас албан тушаалын бялуу хүртсэн болгоны тойрон хүрээлэгчдээр хүрээгээ тэлсэн. Албан тушаалын бялуу хуваалт нь сүүлдээ түүнийг бялууруулж орхив. Хэт бялуурсан Ерөнхий сайд орон нутгийн томилгоог “Харалган” хийсэн нь эцэстээ Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлыг хоёр ч удаа хуралдуулах шахсан. Аймгуудын Засаг дарга нар зөвхөн АН-ынх байх ёстой хэмээн хэт туйлширсан тэрбээр орон нутгийн сонгуульд МАН ялалт байгуулсан аймгийн Засаг даргыг батламжлаагүйн дээр АН-ын гишүүдийг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. Орон нутгийн хурлын сонгуулийн дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хөвсгөл аймгийн Засаг дарга Лааганы Цэрэнжавыг  “Ажлаас чөлөөлөх тухай”,  Дармаагийн Амарбаясгаланг Хөвсгөл аймгийн Засаг даргын “Үүрэг гүйцэтгэгчээр түр томилох тухай”, мөн 2013 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр Дорнод аймгийн Засаг даргаар Д.Цэрэнчимэгийг Засаг даргын ”Үүрэг гүйцэтгэгчээр түр томилох тухай” захирамж гаргасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн нь тогтоогдсон. Түүнчлэн өнгөрсөн оны 11 дүгээр сард  Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар өмнө нь Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд, Татварын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан Д.Ариунсанг томилсон нь мөн л Үндсэн хууль зөрчсөн тул Ерөнхий сайд маань Үндсэн хуулийн Цэцийн хуралдааны өмнөх өдөр шийдвэрээ цуцалсан байдаг.
Түүнчлэн Н.Алтанхуяг 20-оодхон хоногийн өмнө сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Орос, Хятад хоёр улсын төрийн тэргүүнүүдийн уулзалтын талаар “Тэр хоёр хүн уулзана уу, байна уу. Хэнд хамаатай юм” хэмээн хэлсэн юм. Урд, хойд хоёр хөршийн удирдагчдын уулзалт Ерөнхий сайдад байтугай эгэл жирийн иргэний анхаарлыг татаж байв. Гэтэл манай Ерөнхий сайд ийн хэлсэн нь түүнийг гадаад харилцаа, хөрш хоёр орны талаар ямар бодолтой яваа нь хачирхалтай. Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг энэ сарын эхээр буюу дөрөвдүгээр сарын 6-нд намын баяраа тэмдэглэхээр Бурхан Халдунд төөрч 70 хүний амиар “туг тахих” шахсан. Түүнийг эрэн хайх ажиллагааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удирдсан төдийгүй 100 гаруй сая төгрөгийг салхинд хийсгэсэн нь олон түмний дургүйг дахин төрүүлэв. Үүний дээр "Оросын төмөр зам" хувьцаат нийгэмлэгийн  ерөнхийлөгч В.Якунины Ерөнхий сайдад илгээсэн "Шинэ төмөр зам" төсөлд ОХУ оролцох боломжгүй гэсэн утгатай захидал нь нэгэн сонинд хэвлэгдсэнийг олж мэдээд тагнуул, цагдаагийнхнаар шалгуулахаар санаархсан. Ингэснээрээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэвлэл мэдээлэлд хамгийн халтай хүн гэдгээ харуулсан юм. Түүний удирдсан “Шинэчлэлийн” гэх Засгийн газрын үед веб сайтуудын сэтгэгдэл нэрээр сайтуудыг хянах гэж оролдох,  кабелийн телевизүүдийг хоморголон хаах, хэвлэлийн эрх чөлөөний хууль нэрийдлээр хэвлэлийн эрх чөлөөг бүрэн хумих хууль батлуулахаар оролдох, одоо сайтад зөвшөөрөл өгдөг болохоор санаархаж суугаа нь түүнийг хэвлэлийн эрх чөлөөг хэрхэн уландаа гишгэж буйг харуулж байгаа юм.
Ерөнхий сайдын паян үүгээр дуусахгүй ээ. Тэрбээр хамгийн сүүлд л гэхэд Туркын Ерөнхий сайдын айлчлалын үеэр “Манай Турк Улс” хэмээн хэлсэн нь туркуудыг шуугиулаад амжсан. Үүнтэй зэрэгцэн Тавантолгойн нүүрсийг БНХАУ руу ачих, буулгах ажлыг гүйцэтгэх компани шалгаруулах тендерт Н.Алтанхуягийн төрсөн эгчийн охин Д.Уянгын “Gobi Power” ХХК ялалт байгуулсан гэх мэдээлэл цацагдаж эхлэв. Д.Уянга нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Дэнзэнгийн эхнэр юм. Угтаа өнгөрсөн жил Засгийн газар байгуулагдахаас өмнө “Засгаа хурдан байгуулахгүй бол МАН-ын сайд нар хууль бус тендер, төслөөр мөнгө идээд байна шүү” гэх утгатай мессеж тарааж байсан Ерөнхий сайд маань ийнхүү өөрөө, хүргэн, дүүтэйгээ нийлээд тендерийн асуудалд орооцолдож эхлэв.

“Шинэчлэлийн” хэмээх Засгийн газраас хамгийн түрүүнд огцрох хүсэлт гаргуулж байгаа сайд бол Х.Тэмүүжин. Тэрбээр Хууль зүйн сайд болсноосоо хойш Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг оффис болгохоос өөр гарт баригдаж, нүдэнд харагдахаар зүйл хийгээгүй. Аль 2009 онд илэрсэн хэмээсэн МИАТ-ийн экс удирдлагуудын мөнгө угаасан гэх хэргийг өөрөө илрүүлсэн мэтээр олон нийтэд дэлгэсэн. Гэтэл Хууль зүйн сайдыг ажлаа хүлээн авснаас хойш гэмт хэргийн гаралт өссөн, ялангуяа онц ноцтой гэмт хэргийн гаралт өссөн гэх. Түүнчлэн албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагч буудуулж нас барсан, тагнуулын хоёр ажилтан нэгнийхээ амийг хөнөөсөн, шоронд хүн шатсан зэрэг онц ноцтой хэргүүд гарсаар байхад Хууль зүйн сайд нэг ч үг хэлээгүй. Харин ч салбарынхныгаа өмөөрсөн.
Хамгийн гол “Шинэчлэлийн” гэгдэх Засгийн газар ард олны хамгийн ихээр хүлээж байсан Оюутолгойн гэрээнд өнөө хэр нь өөрчлөлт оруулж чадаагүй байгаа. Үүний дээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг өмнөх Засгийн газарт Тэргүүн Шадар сайд байхдаа өөрөө удирдаж ажилласан Тавантолгойн нүүрсийг Хятадын “Чалко”-д нийлүүлэхээр хийсэн гэрээгээ таг зогсоочихсон. Үүнийгээ өмнөх Засгийн газрын буруу гээд сууж байгаа.
Энэ бүгдээс үүдээд МАН-ын зүгээс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах өргөдлөө УИХ-ын даргад өргөн барьчихлаа. Үүнтэй зэрэгцэн “Шинэчлэлийн” хэмээх Засгийн газрыг бүрдүүлж байгаа “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг өчигдөрхөн "Ардын намынхны Ерөнхий сайдыг огцруулахаар тавьсан үндэслэл ор үндэсгүй, хий хоосон улстөржсөн асуудал биш" хэмээн мэдэгдлээ. Энэ мэдэгдэл “Шинэчлэлийн” гэх Засгийн газрын хувь заяаг бараг шийдэж мэдэх юм.

СЕХ-ны “Солиотой” алхам
УИХ-ын 2012 оны сонгууль болсноос хойш Сонгуулийн ерөнхий хорооныхон жинхэнэ “Солиотой” үйлдлүүд хийх болов. Үүнийг нь олон нийт СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнтэй холбон тайлбарлаж байгаа. Өнгөрсөн оны буюу 2012 оны аравдугаар сарын 5-нд хуралдсан УИХ-ын чуулганы хуралдаанаар СЕХ-ны даргаар Ч.Содномцэрэнг томилсон юм. АН угшилтай, 1996-2000 онд АН-ыг засгийн эрх барьж байх үед Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд байсан Ч.Содномцэрэн СЕХ-ны дарга болмогцоо олныг цочироосон нэгэн шийдвэр гаргав. Тэрбээр нэг л орой УИХ-ын 10 дугаар тойрог буюу Өвөрхангайд ялалт байгуулсан МАН-ын хоёр гишүүний нэрийг эгүүлэн татаж, АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарын нэрийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв. Гэнэт гаргасан энэ шийдвэрийн талаар тодруулахыг хүссэн хэвлэл мэдээллийнхэн болон МАН-ын удирдлагууд СЕХ-ны үүдийг сахисан ч Ч.Содномцэрэн муур хулгана болж нуугдсаар өөр хаалгаар гарч зугтсан юмдаг. Аргаа барсан МАН-ынхан Төрийн ордонд “Буйдантай суулт” хийсэн ч Ч.Содномцэрэн болон АН-ынхан Г.Батхүүг УИХ-ын гишүүний тангаргийг өргүүлж дөнгөсөн.
Харин одоо Сонгинохайрхан дүүргийн дахин сонгуулийг бантан болгочихоод байна. Тойргийн хорооныхон нь Сонгуулийн хуулиа сайн хараагүйгээс 22.00 цагт дуусгах ёстой санал хураалтаа 20.00 цагт дуусгах тогтоол гаргаж, түүнийг нь СЕХ баталсан гэх. Сонгинохайрханы дахин сонгууль явагдсан өдөр сонгинохайрханчуудыг саналаа өгөхийг уриалсан реклам телевиз, радиогоор өдөржин цацагдаж байхад Сонгуулийн хууль баталсан, өөрчлөлт оруулсан хүмүүс бүгд л харж байсан баймаар. Гэтэл санал хураалт дуусаад, санал тоолж эхэлсний дараа хууль зөрчлөө хэмээн дуугарч байгаа хуульчдыг яах вэ. АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр болон АН-ын “Туршилт”-ын генсек Ц.Оюундарь нар мэдэж байсан юм бол санал хураалтыг 22.00 цаг хүртэл явуулах ёстой гээд өглөө эрт биш юмаа гэхэд 20.00 цагаас өмнө ам нээж, анхааруулах нь яасан юм.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив