Хотын дарга “Баг” зүүхийн учир юу вэ
2013 оны 4 сарын 24
Хотын дарга “Баг” зүүхийн учир юу вэ
Монголын уран сайхны “Ховор хүн” киноны “Төлөөлөгч ирлээ. Шинэ халаадаа өмсөөрэй, ширээнийхээ бүтээлгийг тавиараа” гэдэг хэсэг хүмүүсийн сэтгэлд хоногшсон үлдсэн байдаг.

Тэгвэл XXI зууны соёлжсон нийгэм тэр дундаа ардчилсан Ерөнхийлөгч, ардчилсан Ерөнхий сайд, бүр нийслэлийн Засаг дарга нь ч ардчиллын баатар байгаа энэ үед дээрх киноны энэ жишгийг мөрдүүлэхээр болж байгаа нь хачирхалтай. Манай нийслэл Улаанбаатарт энэ сарын 26-29-нд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал болох гэнэ.

Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нийслэлийнхээ өнгө төрхийг сэргээж, яаж гоё харагдуулах вэ гэж өдрийн бодол, шөнийн зүүд болон суугаа аж. Тиймээс элдвийн тушаал, захирамж гаргаж, үүнийгээ мөрдүүлээд эхлэх нь тэр. Драмын театрын өмнө байрлах Ю.Цэдэнбалын хөшөөний суурийг янзуулаад зогсохгүй төрийн албан хаагчид төдийгүй иргэдийг маргааш бүх нийтийн их цэвэрлэгээнд гарахыг айлтгав. Түүнээс гадна машины хөдөлгөөнд дарлуулсан нийслэлчүүдийг 26-29-ний хооронд гэртээ амарч, гадагшаа гарахгүй байхыг сануулчихлаа.
Харин энэ бүхнээр гадаадын орнуудаас ирэх зочид, төлөөлөгчдөд нийслэлээ гоё, сайхан харагдуулах гэж санаархсан ч сачий нь “гоё” биш гэдэг нь ойлгомжтой байгаа юм. Тэртэй, тэргүй  нийслэл Улаанбаатар хот хогондоо дарагдсан, машиных нь тоо хүнээсээ олон шахуу болсон уу гэвэл үнэн. Гэтэл энэ бүгдийг өнгөлөн далдалж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, иргэдийг их цэвэрлэгээнд гарган Улаанбаатарыг түгжрэлгүй, хоггүй цэвэр хот болгох гэсэн нь яг соц нийгмийн хурган дарга нарын үйлдэл гэмээр.

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурлын үеэр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот түүхэндээ анх удаа 1000 гаруй зочин, төлөөлөгч, тэдгээрийн дотор 10 гаруй орны төр, засгийн тэргүүн, Нобелийн шагналтнууд, ардчиллын манлайлагч айлчлахаар болсныг хотын мэр нэр төрийн хэрэг хэмээж сууна.

Үнэхээр ч нэр төрийн хэрэг биз. Монгол Улсад дэлхийн хэмжээний дээд төвшний уулзалт болж, олон улсад нэр хүндтэй ардчиллын манлайлагчид айлчлах нь мэдээж сайн хэрэг. Гэхдээ иргэддээ маск зүүлгэх нь хэр оновчтой вэ. Үнэн юм үнээрээ байвал хэн ч биднийг хуурамч дүр гаргагч гэхгүй баймаарсан. Харин энэ байдалд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл ихэд сэтгэл зовнин, дээрх шийдвэрийг гарган хэрэгжүүлж байгаа нь голоо олсон уу гэвэл үгүй гээд хэлэхэд хилсдэхгүй.

Тэрбээр ардчиллын буянаар монголчууд хувийн өмчтэй болсон хэмээн цээжээ дэлддэгсэн биш бил үү. Гэтэл одоо иргэдийнхээ хувийн өмчид халдаж, эрх чөлөөг нь хязгаарлах болсныг юу гэх билээ. Дөрөвхөн хоногийн хугацаатай Монголд байх 1000 гаруй төлөөлөгчийн өмнө иргэдийг хувийн унаагаараа зорчихыг нь ямар учраас хязгаарласан бэ гэдэг асуудал аяндаа л урган гарч байна.

Байгаа байдлаа хачир, чихэргүй харагдуулбал төр засгийнхнаас юу ч унах гээд байгаа юм бол. Хотын мэр маань хотоо гоё харагдуулахын тулд нийслэлчүүдийн сэтгэхүйтэй ярихын оронд “субботник” хийлгэх болов. Замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг дэмжихийн оронд хөдөлгөөнд оролцохыг нь хорьж байна.

Ингэхэд хэчнээн ч хүн ирсэн байлаа. Замын цагдаа нараараа зохицуулаад явуулчихаж болно шүү дээ. Замын хөдөлгөөний зохицуулалтаас болж тодорхой хэсгүүдэд зохицуулалт хийх тул тухайн өдөр гарах онцын шаардлагагүй нэг нь гэртээ суухыг бас зөвлөж болно. Хийе гэвэл сэтгэлээсээ гэдэгсэн биш билүү. Харин хотын мэрийн “Баг”-наас зүүлцэхийг хүсээгүй иргэд тун бухимдалтай байгаа гэнэ билээ шүү.
 
С.МӨНХБАЯСГАЛАН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив