Ч.Улааны улаан цайм мэдэгдэл
2013 оны 4 сарын 24
Ч.Улааны улаан цайм мэдэгдэл
УИХ дахь МАН-ын гишүүд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах санал өргөн барьж, энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын чуулганаар хэлэлцсэн. УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх явцад МАН завсарлага авсан бөгөөд ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэх юм. Хэдийгээр МАН-ын бүлэг завсарлага авсан ч Ерөнхий сайдыг огцруулах саналд тусгасан асуудлын гол нь гадаадын хөрөнгө оруулалт буурсан, “Чингис” бонд гаргаж үр ашиггүй хүү төлж байгаа, эдийн засгийн өсөлт буурсан гэх зэрэг байгаа. Энэ бол “Шинэчлэлийн” гэгдэх Засгийн газрын Сангийн сайдад зайлшгүй хамааралтай зүйл. Үүнээс болсон уу, эсвэл Засгийн газрын сайд нарын ажлаа тайлагнах дараалал нь тэгж таарсан уу, ямартай ч Ерөнхий сайдыг огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэний маргааш нь Сангийн сайд Ч.Улаан сэтгүүлчидтэй нээлттэй ярилцсан юм. Сэтгүүлчдийн гол сонирхсон зүйл мэдээж эдийн засгийн өсөлт, “Чингис” бонд, гадаадын хөрөнгө оруулалт буурсан асуудал байлаа.

Улс орны сангийн авдрын түлхүүрийг атгасан Сангийн сайд Ч.Улаан Ерөнхий сайдтайгаа  ав адилханаар данс нь улайсан засаг хүлээж авсан хэмээж байлаа. Түүний хэлснээр төсвийн тэнцэл 600 тэрбум төгрөгийн алдагдалтай, төсвийн орлого нэг их наяд 500 сая төгрөгөөр тасалдсан, инфляци 15 хувьтай, төлбөрийн тэнцэл 160 орчим сая долларын алдагдалтай, Хүний хөгжил сан нэг их наяд төгрөгийн хуримтлагдсан өртэй, хөөсөн зарлагатай, зарлагаа даахгүй орлоготой эдийн засгийг хүлээж авсан гэнэ. Харин үүнийг сайжруулахаар ажиллаж байгаа гэдгээ хэлээд “Галтай торх шиг эдийн засаг хүлээж авсан ч ийм байдлаас гарахын тулд татвар нэмээгүй. Цаашид ч татвар нэмэх бодлого байхгүй” хэмээн ам бардам өгүүллээ.

МАН-ын гишүүд Ерөнхий сайд Н.Алтанхуягаас “Чингис” бондын талаар асуухад ““Чингис” бондыг хөдөлгөхгүй байсаар өрөнд орохгүйн тулд Монголбанктай хамтраад менежмент хийж байна” гэснээс илүүг хэлэлгүй Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр руу түлхчихсэн. Харин сайд Н.Батбаяр “Бондын гаргасан хүү тогтмол байдаг. “Чингис” бондын 500 сая ам.долларын бонд нь таван жилийн хугацаанд 1,4 хувийн хүүтэй. Үлдсэн нь 10 жил, 1,5 хувийн хүүтэй. Энэ хүү тогтмол, тэр хугацаа өнгөрсний дараа төлж эхэлнэ.Тогтмол хүүд өөрчлөлт орохгүй” гэхээс илүүг тайлбарлаагүй.

Тэгвэл Сангийн сайд Ч.Улаан сэтгүүлчидтэй уулзах үеэрээ ард олныг айхгүй амар амгалан амьдрахыг зөвлөсөн юм. Тэрбээр “Өнгөрсөн 12 дугаар сард бонд гаргах зайлшгүй шаардлага байсан. Хэрэв гаргаагүй бол валютын ханш өсөж, инфляцийн түвшин 25 хувьд хүрч, эдийн засаг хямрахаар байсан” хэмээн бонд гаргасан шалтгаанаа тайлбарлав. Түүнчлэн “Хүүний хувьд 260 сая төгрөгөөс их айгаад байх шиг байгаа юм. Би тэгвэл хэлчихье. Битгий ай. Монголбанк өөрийн бодлогын хүүгээр арилжааны банкуудад зээлдэг. Өнөөдөр хүү нь 11,5 хувьтай байгаа. Бизнесийн орчин сайжирч байгаа. Үүнийг дагаад зээлийн хүү сүүлийн үед байнга бууж байгаа. Тэгвэл 1,5 тэрбум ам.долларыг Монголбанкны бодлогын хүүгээр арилжааны банкуудад зээлдүүлээд нэг өдөр хэдий хэмжээний хүү авч байна вэ гээд бодоод үз дээ. Чингис бондын нэг өдөр төлөх хүүнээс хоёр дахин их эх үүсвэр тэнд төвлөрч байгаа.

Тэгвэл Монголбанк 50 хувийг нь Чингис бондын төлбөрт өгөөд, 50 хувиар нь ашгаа нэмэгдүүлээд явж байна. Өдөр тутам 260 сая төгрөгийн хүү төлдөг гэж шүүмжлэх хүн олон байдаг. Гэхдээ Чингис бондын таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдалд хэрхэн нөлөөлж байгааг тооцож ярих хүн олдохгүй байгаад харамсаж байна” гэлээ. Үнэхээр Сангийн сайд шиг үг хэлсэн байгаа биз. Тэгэхээр зарим улстөрчийн яриад байгаа шиг “Чингис” бондоос болж монголчууд үе дамжин өрөнд орохгүй гэдгийг тэр үүгээр амлаж байна гэж ойлгож болохоор байна.

МАН-ынхны тавиад байгаа бас нэг асуудал бол гадаадын хөрөнгө оруулалт буурсан явдал юм. Тодруулбал, гадаадын хөрөнгө оруулалт манай улсад 2011 онд 4,6 тэрбум болж өссөн бол энэ тоо, өнгөрсөн онд 3,8 тэрбум ам.доллар болж буурсан үзүүлэлт байгаа.

Гадаадын хөрөнгө оруулалт яагаад буурсан талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиас болж гадны хөрөнгө оруулалт буурч байна” гэж хэлсэн.

Харин Сангийн сайд Ч.Улаан “Энэ нь дан ганц Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль хэрэгжсэнтэй холбоотой гэж үзэхгүй байгаа. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг харилцан ашигтай байх зарчимд нийцүүлэх зорилгоор тогтвортой байдлын гэрээ, хөрөнгө оруулалт болон бүтээгдэхүүн хуваах гэрээг боловсронгуй болгоно гэсэн шинэчлэлийн Засгийн газрын зорилт  бий. Энэ бол их зөв зорилт” гэсэн юм. Эндээс харахад Ерөнхий сайд гадаадын хөрөнгө оруулалт хуулиас болж буурсан хэмээн өөрөөсөө холдуулсан бол Сангийн сайд дан ганц хуультай холбоотой гэхгүй, Засгийн газрын бодлоготой холбоотой гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож болохоор байна.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив