Эрх мэдлийн өмнө сөхөрсөн сэтгүүлзүй
2013 оны 4 сарын 24
Эрх мэдлийн өмнө сөхөрсөн сэтгүүлзүй
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Worldaudit.org сайтын гаргасан судалгаагаар манай улс хэвлэлийн эрх чөлөөт орнуудын жагсаалтын  48 дугаарт бичигджээ. Дэлхийтэй харьцуулахад энэ чамлахааргүй тоо. Гэхдээ энэ бол гадаадын сайтын гаргасан судалгаа. Монголын сэтгүүлзүй үнэхээр чөлөөт, хараат бус байж чадаж байна уу, үгүй юу гэдгийг монголчууд өөрсдсөө сайн мэдэж байгаа.

Монгол Улсад 1913 оны гуравдугаар сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар нийслэл Хүрээнд хэвлэгдэн гарснаар Монголын тогтмол хэвлэлийн түүх эхэлсэн юм. Энэ бол 1911 оны “Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн”-өөс үүдэлтэй билээ. Тэгвэл 1990-ээд оноос Монголд чөлөөт хэвлэл хөгжсөн нь ардчилсан хувьсгалын үр шим гэж үздэг. Нэг үгээр хэлбэл шинэ Үндсэн хуульд иргэд үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг тусгаж өгсөн юм. Түүнчлэн 1998 онд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, 2005 онд МҮОНРТ-ийн тухай хууль, 2011 онд Ил тод байдал, иргэд мэдээлэл олж авах эрхийн тухай хууль гарснаар Монголд чөлөөт хэвлэл мэдээлэл жинхэнэ утгаараа бүрэлдэн төлөвших хууль, эрх зүйн орчин бүрдсэн гэж үздэг. Гэсэн хэдий ч Монголын хэвлэл мэдээллийн салбарт Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчлэл зайлшгүй хэрэгтэй байгаа. Үүнийг хүн бүр мэддэг, хэлдэг. Гэвч өнөөдрийг болтол Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль биеллээ олоогүй байна.

Дэлхийн 70 гаруй улс оронд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль  хүчин төгөлдөр үйлчилдэг байна. Угтаа Монгол Улсын Ерөнхийлөгч Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль санаачлан УИХ-д өргөн барьсан боловч, өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-ын чуулганы хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэж байх явцад тэрбээр өргөн барьсан хуулийн төслөө эргүүлэн татсан билээ. Монгол улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн тус хуулийн төсөлд сэтгүүлч эх сурвалжаа нууцлах эрхтэй  хэмээн заасан байсан. Түүнчлэн бичсэн мэдээлэл, нийтлэлийнхээ төлөө сэтгүүлч эрүүгийн хариуцлага үүрдэг байсныг уг хуулийн төсөлд зөөллөж иргэний хуулиар зохицуулахаар тусгаж байсан юм. Ерөнхийлөгч санаачилсан хуулийн төслөө эргүүлэн татсан шалтгааныг хэвлэл мэдээллийн хэрэгслийн цаад эзэдтэй холбон тайлбарладаг. Учир нь энэ хуульд эздийн эрх ашигт нэлээд нөлөөлсөн заалт байсан гэж байгаа. Гэтэл Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн дийлэнх олонхийн эзэд нь УИХ-ын чуулганы танхимд, нэг ёсондоо хууль батлах, үгүйг шийддэг кнопны эзэд болсон гэсэн үг. Тэгэхээр Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль анхнаасаа л бүтэхгүй зүйл байсан бололтой. Одоо тэр хуулийг хэзээ, хэн дахин санаачилж батлуулах юм бүү мэд. Эх сурвалжийн мэдээлснээр энэ хууль ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа гэсэн бүдэг бадаг чимээ байна.

Арга ч үгүй биз. Аливаа сонгуулийн үеэр ард олонд сурталчилгаа хийдэг ганц зэвсэг нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Тэгэхээр тун удахгүй сонгууль болох гэж байхад хэвлэлийнхний эрх чөлөөний талаар хөндөхийг хэн ч хүсэхгүй. Яагаад гээч. Сонгуулийн өмнө олонд түгэх элдэв хар, цагаан PR-аас тэд айсандаа тэр. Өөрсдөө мөнгө төлж захиалж бичүүлчихээд, сэтгүүлч рүү, редакци руу буруугаа чихэх гэсэн явуургүй арга. Хаалтын гэрээ гээчийг байгуулж, редакцийн амыг үдчихээд дураараа дургихыг тэд хүсэж байгаа юм.

Угтаа ардчиллын салхиар агаар амьсгалсан чөлөөт хэвлэл өнгөрсөн жилээс жинхэнэ утгаараа хөгжих байлаа. Учир нь яг одоо Монгол Улс ардчилсан Ерөнхийлөгчтэй, ардчилсан засагтай байгаа билээ. Гэвч хүний хэлэх эрх чөлөөг тунхагласан ардчилал гэдэг үг Монгол хэлний үгсийн сангаас арчигдаж байгаа дүр зураг харагдах болов. Өөрсдийгөө “Шинэчлэлийн” хэмээн нэрийдсэн Засгийн газрынхны амнаас хаана, хянана, хорино, цагдана гэдэг үг урсах болсон нь эмгэнэлтэй. “Шинэчлэлийн” гэх Засгийн газрын шинэчлэлийн бодлогын буянаар кабелийн есөн телевиз эфирээ хааж, арав гаруй вэбсайт хаагдсан. Хууль зөрчсөн нэг нь байдаг л байх. Гэхдээ шаардлага хангаагүй гэдэг нэрийн дор хоморголон хаана гэдэг ардчиллын үнэт зүйл үү.

Сэтгүүлчдийг ардчиллын үнэт зүйлсийг хамгаалдаг “Хоточ ноход” гэдэгсэн биш билүү. Хүний эрх, эрх чөлөө, чөлөөт байдлыг хэвлэл мэдээлэлгүйгээр бэхжүүлэх, хөгжүүлэх ямар ч бололцоогүй хэмээдэг. Сэтгүүлзүй бол ил тод байдал, олон ургальч үзлийн индэр болж, төр засгийн бүх үйл ажиллагааг түмэн олны нүдэн дээр тод байлгах үүрэгтэй. Харин одоо сэтгүүлчид энэ үүргээ биелүүлж чадахгүйд хүрээд байна.

Тэд эрх мэдлийн өмнө хүссэн ч , эс хүссэн ч сөхөрч байна. “Шинэчлэлийн” гэх Засгийн газар сэтгүүлчдэд нээлттэй юм шиг харагдах хэрнээ дээр дурьдсанаар амаа үдүүлж байна. Үүний дээр өдөр тутам хурдацтай хөгжиж буй вэбсайтыг “Айлгах төлөвлөгөө”-гөө ардчиллыг тунхаглагчид тун сайн бодож олсон. Энэ нь Сэтгэгдлийг зохицуулах журам. Энэ журмыг гаргаснаар эрх баригчид сэтгүүлчдийг, эрхлэгчдийг амандаа багтаахыг эрмэлзэж байна. Өөр таалагдаагүй сэтгэгдлээ “Утас цохиод” устгуулахыг хүсэж байна. Үүнийг биелүүлэхгүй бол үйл ажиллагааг нь зогсооно гэж байна. Сэтгэгдэл хянах журмаас болж захын хүн редакци руу залгаад “Наад сэтгэгдлээ хараач. ХХЗГ-т хандана шүү” хэмээх болж. Сэтгүүлч хүн сэтгэгдэл хянаад сууж байх завтай байх ёстой хэрэг үү.

Нөгөө талаар вэбсайт гэдэг сэтгүүлзүйн бусад салбараас өвөрмөц онцлогтой. Хэдий хэрийн материал бичсэн ч минутад баригддаг телевиз, хэмжээнд хавчигддаг сонин биш. Хүссэнээрээ оруулж, бас авчихаж болдог. Харин энэ байдлыг нь эрх мэдэлтнүүд дэндүү сайн ойлгочихсон. Тиймээс таалагдаагүй материал нийтэлсэн сайтын эрхлэгчид рүү нь залгаж, эх сурвалжаа хэлэхийг шаардана. Бүр эвгүйдвэл материалаа устгахыг тушаана. Айсан нэг нь гуйна.

Өмнө нь төр засгаас сэтгүүлчдэд хандсан ямар нэгэн үйл ажиллагаа явагдахад чи, би гэлгүй сэтгүүлчдээ хамруулдаг байсан. Харин ардчиллын эрэн үед ардчиллыг хэн сайн магтан дуулсаныг нь сонгодог болсон. Төрийн тэргүүний гадаад, дотоод айлчлал, сэтгүүлчдийн сургалт, тэр бүү хэл Төрийн ордонд орох зөвшөөрөл хүртэл визтэй. Ардчилсан Ерөнхийлөгч, ардчилсан Засгийн газрын үед хэдэн сэтгүүлчдийг хонь хурга шиг ялгах болж. Үнэндээ сэтгүүлч гэдэг нийгмийн эмч нар “Шинэчлэлийн” гэх Засгийн газрын үед сээр нуруугаа авахуулсан мэт болж байна. Хамгийн сүүлд л гэхэд өдөр тутмын сонинд "Оросын төмөр зам" хувьцаат нийгэмлэгийн  ерөнхийлөгч В.Якунины Ерөнхий сайдад хаягласан захидал нийтлэгдсэний төлөө цагдаа, тагнуул хэмээн бужигнуулсан. Энэ мэтчилэн эрх мэдлийн амтыг мэдэрсэн энэ засгийн үед сэтгүүлчид эрх мэдлийн өмнө сөхөрч, бүр мөлхөж ч мэдэх нь ээ.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив