Э.Бат-Үүлийн эхнэрийн дүү Б.Тулга газрын наймаа хийдэг үү
2013 оны 4 сарын 24
Э.Бат-Үүлийн эхнэрийн дүү Б.Тулга газрын наймаа хийдэг үү
Ардчилсан намынхан Э.Бат-Үүлтэй дайн зарлалаа. Ардын намд “Хотын фракци” гэж хамгийн нөлөө бүхий том фракци байдаг бол нийслэлд Засаг дарга Э.Бат-Үүл, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга тэргүүтэй хотын фракци аль хэдийн байгуулагдсан нь намынхных нь дургүйцлийг хүргэж эхлэв.
Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар тойргийн дахин санал хураалтад Д.Сумъяабазар ялалт байгуулж, УИХ дахь МАН-ын бүлэгт нэг суудал нэмлээ. Харин олуулаа эрх мэдэлтэй болж, олуулаа хөлжихийн төлөө улайрч байгаа АН ялагдал хүлээв. Энэ бол зөвхөн Л.Эрхэмбаяр гэдэг ганц хүний ялагдал биш. Э.Бат-Үүл тэргүүтэй хотын фракцийнхан Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болсон энэ том тулаанд намынхаа тугийг бөхийлгөсөн нь фракци хоорондын зөрчлийг улам хурцатгасан байна.

Өнгөрсөн даваа гарагт Төрийн ордонд томоохон дажин дэгдэх шахжээ. Бүр тодруулбал, УИХ дахь АН-ын бүлгийнхэн “Э.Бат-Үүл, Д.Баттулга тэргүүтэй хотын фракцийнхны хандыг хага даръя” хэмээн үгсэж мань пролетариудыг дуудтал цаадуул нь гэдийгээд ирсэнгүй. Харин албан тушаалын амтыг дөнгөж амталж эхэлж байгаа хэдэн сагсуу залуусыг элч болгон илгээжээ. Энэ нь УИХ дахь АН-ын бүлгийнхний аллергиг ихээхэн хөдөлгөсөн аж. Э.Бат-Үүл нэгэнтээ УИХ-ын гишүүдтэй цуг гадаадад явж байхдаа “Муу, сайн УИХ-ын гишүүд хэн юм, юу юм” гэхчилэн томорсон удаатай гэдэг. Гэтэл хамгийн сонирхолтой нь Э.Бат-Үүлийн албатуудад “Дарга нартай чинь ярих юм байна. Э.Бат-Үүл Д.Баттулга хоёрыг дуудаач” гэхэд цаадуул нь “Ярих юм байвал бидэнтэй ярьчих” хэмээн шазайсан дуулдана. Угтаа УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд “Сонгинохайрхан дүүрэгт болсон дахин санал хураалтын үеэр нам яагаад ялагдав. Э.Бат-Үүл тэргүүтэй хотынхон Л.Эрхэмбаярын төлөө яагаад ажилласангүй вэ. Тэр тойргийг эзэнгүй хот шиг орхисныхоо шалтгааныг хэл” хэмээн Э.Бат-Үүл, Д.Баттулга нарын амыг асуухаар төлөвлөсөн байжээ.

Мэдээж хэрэг цаадуул нь намынхаа төлөө ажиллаагүй, Л.Эрхэмбаярыг ганцаардуулсан нь үнэн болохоор зугтаад ирээгүй нь тодорхой. Хотын мэр Э.Бат-Үүл ядаж л нийслэлд хэрэгжүүлэх гэж буй ажлынхаа талаар сонгинохайрханчуудад тайлагнах нэрээр тэдэнтэй уулзаж болох байсан. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу орчмыг Улаанбаатар хотын дэд төв болгон дахин төлөвлөж, хөгжүүлэх гэж байгаа талаараа ам мэдэн ярьдаг. Энэ талаараа ч болтугай ярих нэрийн дор сонгинохайрханчуудтай уулзаж болох байсан. Түүгээр ч үл барам Долоон буудлыг Дарханаас хоёр дахин том хот болгох гэж байгаа үлгэрээ ч сонгинохайрханчуудтай хуваалцаж болох байлаа. Гэвч Э.Бат-Үүл тэгээгүй. Дахин санал хураалтад намаа ялуулахын төлөө хуруугаа хөдөлгөх нь бүү хэл ганц үг ган хийгээгүйг намын нөхөд нь байтугай эгэл жирийн гишүүд нь ч сайн мэдэж байгаа. Энэ байдал нь АН дахь томоохон фракциуд Э.Бат-Үүл, Д.Баттулга тэргүүтэй хотын фракцийнхныг нэгмөсөн дарах аянд хөтөллөө.
Ерөнхийлөгчийн сонгуулийн марафон хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байхад УИХ дахь АН-ын бүлэг Э.Бат-Үүл тэргүүтэй хотынхны дунд ийм том хагарал үүссэн нь ихээхэн аюултай.

Үүнтэй зэрэгцэн хотын мэр Э.Бат-Үүлийн талаар хэд хэдэн ноцтой мэдээлэл дуулдах боллоо. Эх сурвалжийн мэдээлснээр Э.Бат-Үүлийн эхнэрийн дүү Б.Тулга газрын наймаа хийдэг, бас уул уурхайн лиценз зарж нэлээд хөлжсөн гэх. Түүгээр ч зогсохгүй Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай нь барилгын тендерт ялсан нь АН-ынхны ярианы сэдэв болоод байна. Э.Бат-Үүл нийслэлийн Засаг дарга болцмогцоо барилгын компаниудтай дайн зарласан. Бүр зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг нураах шийдвэр гаргасан. Үүгээр ч зогсохгүй буруу талдаа рультэй автомашиныг долоо хоногийн хоёр өдөр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гаргах гэж улайран дайрсан. Самбарын зомпаниудын самбарыг хөрөөдөж, эвдэж буулгасан гээд Э.Бат-Үүл бизнес эрхлэгчдийн хувийн өмч рүү хэтэрхий халдаж эхэлсэн юм. Ямар сайндаа л Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Э.Бат-Үүл ээ, чамд буруу рультэй машинаар оролдохоос өөр ажил алга уу” хэмээн загнах вэ дээ. Ерөнхийлөгчөөс банга хүртсэн ч тэрбээр хийж байгаа үйлдлээ зогсоохыг хүсэхгүй байгаа бололтой. Өөрийгөө нийслэлийн Засаг дарга болсныг нэгэн вант улсын хаан болсноор төсөөлж, бүх зүйлийг өөрийн хүслээр хийж байгаа түүний үйлдлийн цаана ард иргэд, бизнес эрхлэгчид хохирч байгааг тэрбээр ер тоосонгүй. Харин ч одоо нийслэлийн дахин төлөвлөлт нэрийн дор нэг хашаанд хэд хэдээрээ байдаг айл өрхүүдийг очих газаргүй, нэг ёсондоо хотоос шахан гаргаж, эзлэн түрэмгийлэхээр дайрч байна.

Үүлийн үйл ажиллагаанаас үүдээд бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхэн хохирч байгааг ойлгосон АН-ын зарим гишүүд бизнес эрхлэгчидтэй уулзжээ. Тэд “Япон Улс хэдэн сая хүн амтай мөртлөө хэдхэн арал дээр багтаад байна. Тэгэхэд ганцхан сая хүн амтай нийслэлд бизнес эрхлэх нь байтугай дөрвөн уулынхаа дунд багтахаа болилоо. Ардын намын үед бизнес эрхэлж, ажил хийж болж байсан. Харин Э.Бат-Үүлийн үед бид хувийн өмчтэй байж болохгүй болчихлоо. “Хувийн өмчид минь хэзээ халдах бол” гэсэн айдастай амьдарч байна” гэжээ. Тэд бүр “Хохирогч бизнес эрхлэгчдийн холбоо” байгуулсан байна. Энэ мэтчилэн Э.Бат-Үүлийн гаргасан шийдвэрүүд удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн том хасах оноо авчрахаар байгаа нь АН-ынхны дургүйг асар ихээр хүргэж байгаа юм.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив