Д.Пүрэвдаваа БЗД-т хаан мэт аяглаж байна
2013 оны 4 сарын 24
Д.Пүрэвдаваа БЗД-т хаан мэт аяглаж байна
АН-ын залуус костьюм, эрх мэдлийн гол болж, дураараа аашилж байна. Тэд эрх мэдэлд хөлөө жийлцэж, төрийн албыг төрлийнх болгож байгаа нь нууц биш. Үүний нэг тод жишээ бол Баянзүрх дүүрэг юм. Найз нөхөд, төрөл садандаа албан тушаал хуваарилж, төрийн албыг ур чадвар, туршлагагүй хүмүүсээр бөглөдөг нь энэ төрийн жишиг болсон. Тиймдээ Баянзүрх дүүргийн засаг ноён Д.Пүрэвдаваа жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж суугаа юм. Харин үүнийг энэ дүүргийн оршин суугчдаас авахуулаад золбин гөлөг хүртэл мэдэх нь бий гэх.

Д.Пүрэвдаваа Засаг даргын ажлаа авсан дариудаа дүүргийн хороодын хэсгийн ахлагч нарыг хоморголон халж, тэднийг АН-ын хүнээрээ сольсон явдал гарсан билээ. Тус дүүрэг 28 хороотой бөгөөд өмнө нь ажиллаж байсан 216 хэсгийн ахлагчийг ажлаас нь халж, шинэ хүмүүсийг томилсон юм. Ингэхдээ залуухан хэсгийн ахлагч нарыг сонгосон гэдэг. Нөгөөтэйгүүр Баянзүрх дүүргийн 22 хорооны Засаг даргыг хүчээр өргөдлийг нь өгүүлж “Хэрвээ ажлаа өгөхгүй бол тэтгэмжийг чинь олгохгүй” гэж хүчээр тулгах болсон. Тиймээс 22 хорооны Засаг дарга нь албан шахалтаар өргөдлөө өгч, АН-ынхан энэхүү тэтгэмжээр түрүү барьж ажлыг нь өгүүлсэн явдал гарсан.

Ингээд дүүргийн засаг ноён Д.Пүрэвдаваа 28 хорооны Засаг даргыг автоматаар сонгож, өөрийнхөө зүүн, баруун гарынхныг бүрдүүлсэн гэдэг. Гэвч энэ томилгоог хийхдээ иргэдийн сонгох, сонгох эрхийг боогдуулсан байдаг. Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргыг томилох хурал болоход АН-ын гишүүн болох иргэдийг цуглуулж, тамгыг нь залилан мэхэлж авсан гэх нь бий. Мөн 27 дугаар хороонд энэ явдал давтагдах болсон юм. Уг нь хурал нь өглөө 09:00 цагт болох байсан ч үүрийн 06:00 цагт эхлүүлээд иргэд олон нийтийг ирэхэд “Хурал дуусаад Засаг даргаа сонгочихсон” гэдгээр амыг нь таглаж, хууль зөрчсөн үйлдлээ хүмүүсийн нүдний өмнө илт хийх болсон нь энэ. Түүнчлэн 24 дүгээр хорооныхон хурлаа хийж байхад нь дүүргийн Засаг даргын орлогч н.Баясах гэдэг хүн ирж хурал даргалагчийнх нь микрофонийг булааж, АН-ынхан бүлэглэн зодсон хэрэг гарч байсан юм. 19 дүгээр хороо Иргэдийн хурлаа хийж Засаг даргаа томилсон ч АН-ын хүн биш гэдгээр одоо болтол батламжаагүй. Тэгэхээр Засаг дарга Д.Пүрэвдаваа хүмүүсийг үзэл бодлоор нь ялгаварлан, өөрийн найз нөхдийн мэргэжил ур чадварыг харгалзахгүйгээр төрийн албыг шан харамж болгож байгааг юу гэх билээ.

Үүний зэрэгцээ Д.Пүрэвдаваа нь иргэдтэй бүдүүлэг харилцаж, зүй бус үйлдэл удаа дараа гаргадаг ч гэдэг. 216 хэсгийн ахлагч нарыг ажлаас нь халахдаа тэдэнд огт мэдэгдээгүй. Өглөө ажилд нь ирэхэд “Та нартай үзэл бодол нийлэхгүй. Маргаашнаас ажилдаа битгий ирээгүй” гэсэн нь тэдэнд хүнд байх нь ойлгомжтой. Ажлаасаа халагдсан хэсгийн ахлагч нар Засаг дарга Д.Пүрэвдаваатай уулзахаар очиход “Та нартай ярих юм байхгүй” хэмээн хаалгаа түгжээд өрнөөсөө гараагүй гэдэг. Тэгэхээр бүхэл бүтэн нэг дүүргийг төлөөлж суугаа Засаг дарга нь иргэдийгээ хөөж тууж, үг хэлээ ололцохгүй цугтаж байгаа нь түүний нэг араншин гэлтэй. Хүний нүүр хараад үгээ хэлж чаддаггүй, хууль зөрчиж томилгоо хийдэг энэ хүн баянзүрхчүүдийг яаж ч удирдах билээ гэж зарим иргэн учирлаж суугаа юм.

Д.Пүрэвдаваа нь дүүргийн Засаг даргын ажлыг авахаасаа өмнө гурав болон 10 дугаар хороололд сүлжээ караоке баар ажиллуулдаг байсан ч удаа дараа хууль зөрчиж суудаг эрхтэн дарахтан байсан аж. Гэвч баянзүрхчүүдийг төлөөлж Засаг даргаар суух болсон Д.Пүрэвдаваагийн эрх мэдэл нь хязгааргүй болж, хууль бус томилгоог байнга хийж суугаа нь дээрх жишээнээс тод байгаа юм. Нөгөөтэйгүүр АН-ын хүн биш бол хэнийг ч хамаагүй халж, оронд нь өөрийн хүнээ томилдог засаг ноён маань сүүлдээ хүмүүсийг унтаж байхад нь халгайч нохой шиг гэтэж байгаад рекламны самбаруудыг буулгаж эхэллээ. Тэрбээр зөвшөөрөлтэй рекламны самбаруудыг буулгаж, хэн дуртайгаа албан тушаалд томилж байгаа нь энэ дүүрэгт ёстой хаан мэт аяглаж байгаагийн тод жишээ биз ээ.

С.МӨНХБАЯСГАЛАН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив