Ардын намын гүлдгэрүүд ээ, Д.Арвин шиг байгаач
2013 оны 4 сарын 24
Ардын намын гүлдгэрүүд ээ, Д.Арвин шиг байгаач
МАН-ынхан өнгөрсөн сонгуульд ялагдаж, цөөнхийн суудалд шилжээд есөн сар өнгөрлөө. Харин тэд сөрөг хүчин шиг сөрөг хүчин байж чадсангүй. Тэд үнэндээ сөрөг хүчин ямар байдгийг ойлгох яагаа ч үгүй байна. Учир нь Н.Энхбаярыг хаан байх үед МАН /хуучнаар МАХН/-ынхан авч болох бүхий л эрх мэдлийг гартаа авч, сууж болох бүхий л сэнтийд заларч байсан. Гэтэл одоо тэд сөрөг хүчний суудалд сууж, АН-ынхан эрх баригч болчихоод байна. Энэ есөн сарын хугацаанд АН-ынхны эрх мэдлийн хэнээрхэл, гаргаж буй ааш авир, хийж буй үйлдлийн хариуд тэд юу ч хийж чадахгүй байна.

Үнэндээ Ардын намынхан сөрөг хүчин болсноос хойш гүлдийчихээд юу ч хийж чадсангүй. Гүлдийх гэдэг нь хулгана залгичихсан могой шиг наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацчихыг хэлдэг. Хэлэх үгээ хэлж болдоггүй. Буцаагаад залгичихаж бас болдоогүй. Үүнийг л гүлдийх гэдэг. МАН-ынхан яг л тийм байна. Хэлэх үгээ олигтой хэлж, хийх үйлдлээ олигтойхон хийчихэж чадахгүй гүлдийчихэж. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирчихээд байхад хэнийг нэр дэвшүүлэхээ мэдэхгүй, хөл толгойгоо ч олохгүй байгаа бололтой. Ямар сайндаа л ард түмний санал асуулгаар хэнийг нэр дэвшүүлэхээ тодруулна гээд сууж байх вэ дээ. Ер нь МАН-ынхны хийж байгаа бүхэнд болж, бүтэж байгаа зүйл нэг ч алга.

МАН-ынхан сөрөг хүчин боллоо гээд Төрийн ордонд “Буйдантай суулт” зарлаж үзсэн. “Газрын наймаачин” хэмээгдсэн М.Энхболд, “Орондоо хууль зассан” гэгддэг Ц.Нямдорж тэргүүтэн суулт хийж байгаа нь энэ хэмээн Төрийн ордонд тухлаж, буйдан дээр заларсан. Тухайн үед ард түмэн тэднийг шоглосон уу гэхээс дэмжээгүй. Түмний доог болон байж “Буйдантай суулт” хийсэн тэд хийсэн суултынхаа үр шимийг одоо хэр нь амсаагүй сууна. Угтаа тэд Өвөрхангайгаад МАН-аас нэр дэвшин олонхийн санал авсан С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх санаатай байсан. Гэтэл тэдний суултын дараа АН-ын гишүүн Г.Батхүү тангараг өргөөд УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд заларчихсан. Одоо Д.Зоригт орж ирэх үү, С.Чинзориг орж ирэх үү гэдгийг МАН-ынхан лав мэдэхээсээ өнгөрсөн бололтой. МАН-ынхан бас болоогүй ээ. УИХ-ын хаврын чуулганы нээлтэд бөөн уриа лоозонтой орж ирсэн. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг үг хэлж байхад МАХН-ын гишүүн З.Баянсэлэнгийг дагаж чуулганы хуралдааныг хаяж гарсан. Ингэснээр тэд “Үг сонсож сураагүй” гэдэг үгийн бай болчихов. Бас болоогүй зарим нэг нь тэднийг З.Баянсэлэнгээр замаа заалгалаа хэмээн шоолж байсан нь нууц биш. Ерөнхийлөгчийн үг тэднийг чиглэсэн ч бай, эс чиглэсэн ч бай УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд З.Баянсэлэнгийн араас гарснаараа намдаа хасах оноо авчирсан. Үнэхээр л хурал хаяж гармаар байсан юм бол түрүүлээд гарах нь яасан юм.
Ардын намынхны хамгийн сүүлд авч байгаа арга хэмжээ нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах санал. Анхнаасаа УИХ байгуулагдсанаас хойш 24 цагийн дотор намын бүлэг байгуулах хүсэлтээ ирүүлэх ёстой байсан тэд том толгойлж байгаад бүлэггүй хоцорчихсон. Үүнийхээ горыг одоо амсаж МАН-ын нэг гишүүн нэг л байнгын хороонд харъяалагдаж байна. Тэгэхээр нэг байнгын хороонд хоёрхон гишүүн харъяалагдана гэсэн үг. Ийм байхад тэд юу хийж чадах вэ дээ. Ерөнхий сайдыг огцруулах саналыг нь Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцээд 18 гишүүнээс 16 нь огцруулах шаардлагагүй гэсэн кноп дарж байна. УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцсэн ч нэг их газар авахгүй янз орохоор МАН-ынхан завсарлага авсан. МАН-ын гишүүдийн асуусан асуултыг Ерөнхий сайд нь тоглоом тохуу болгоод өнгөрч харагдсан. Үнэндээ сөрөг хүчин шиг сөрөг хүчин байсан бол тэдэнтэй ядаж хүндэтгэлтэй хандана биз дээ.
МАН-ынхан бас болоогүй ээ. Өвөр зуураа хөлөө жийлцэнэ. Намын гишүүдээ дэмжихгүй. Тэднийхээ үгийг ч сонсохгүй. Ерөнхийдөө удирдлагын бүтэцтэй. Яг ийм байдлаас нь болж УИХ-ын гишүүн Д.Арвин намаасаа гарч АН-д элссэн. Үнэндээ түүнийг Баянзүрх дүүрэгт намын нөхөр Б.Батзоригтой дахин санал хураалтад өрсөлдөж байхад үнсэнд хаясан шалз шиг орхисон нь МАН-ынхан шүү дээ.

Д.Арвин МАН-аас УИХ-д сонгогдсон өмнөх жилүүдэд гишүүн шиг гишүүн байсан. Тэрбээр муухан эр хүний хэлж чадаагүй үгийг хэлж, намаа өмөөрч ширээ шааж босож байсан удаатай. Гэтэл түүнийг намаасаа урвалаа, шарвалаа гэдэг. Нам нь өөрийн гэсэн бодлогогүй, өөрийн гэсэн тоглолтгүй юм чинь гишүүн нь хаялгүй яадаг юм. Өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Арвиныг хэвлэлд ярилцлага өгснийх нь төлөө түүнийг дахиад л урвагч, шарвагчаар нь дуудаж байна. Хамт туг барьж явсан хүнээ нэг ярилцлага өгснийх нь төлөө экс намынх нь залуус шоглож байгааг хараад юу гэж ойлгох вэ. Д.Арвин МАН-ын гишүүн байхдаа намынхаа шинэчлэлийн төлөө “Элсний-13” хүртэл зүтгэж, өдөр шөнөгүй тэмцэж явсан. Намын удирдлагуудын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг нэгэн. Тиймдээ ч “Манай намынхан өөрсдийгөө удирдаж байсан үе үеийн удирдлага, дарга нараа үргэлж хэлмэгдүүлсэн. Би МАН-ыг ядарсан үед нь орхиогүй, задарсан үед нь гарч байна” хэмээн хэлээд зоригтой шийдвэр гаргасан. Д.Арвиныг жийлээ, хаалаа, боолоо гээд байсан. Тэгсээр байгаад нөгөөдөх нь АН руу явчихсан. Тэгвэл Д.Арвингүй МАН сайжирсан уу гэвэл үгүй.

Эцэст нь хэлэхэд МАН-ын гүлдгэрүүд ээ. Та нар есөн сар гүлдийлээ. Одоо та нарыг дэмжиж сонгосон иргэдийнхээ итгэлийг дааж, идэвхтэйхэн шиг ажиллах цаг нь болсон юм биш үү.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив