Н.Алтанхуяг 17 тэрбумын төлөө Тавантолгойг таг зогсоосон хэрэг үү
2013 оны 4 сарын 25
Н.Алтанхуяг 17 тэрбумын төлөө Тавантолгойг таг зогсоосон хэрэг үү
Гурван сар сул зогссоны эцэст Тавантолгойн нүүрсээ Хятад руу гаргаж эхэллээ. Гэхдээ өнөө алдагдалтай байна, гэрээнд өөрчлөлт оруулмаар байна, өмнөх Засгийн газрын балгаар “Чалко”-д өртэй болсон гэх зэргээр шүүмжлээд байсан яг тэр үнээрээ нийлүүлж байгаа гэнэ. Анх гэрээ байгуулахдаа “Чалко”-д нэг сая тонн нүүрсийг индекс хэрэглэхгүйгээр /ханш харгалзахгүй/ тонныг нь 70 ам.доллараар нийлүүлэх гэрээ  хийсэн байна. Харин өнгөрсөн оны  хоёрдугаар улирлаас эхлэн индексийн аргаар үнэ тооцох болж хоёрдугаар  улиралд 68,57 ам.доллар, гуравдугаар улиралд 65,9 ам.доллар, дөрөвдүгээр  улиралд 56,7 ам.доллар  болж буурчээ. Яг  одоогоор  нийлүүлэх тонн нүүрсний үнэ 53,6 ам.доллар  болж багассан байна. Үүнээс болж манай “Эрдэнэс Тавантолгой” компани нэг сая тонн нүүрс нийлүүлэхдээ 40, түүнээс хойш өнөөг хүртэл 59 сая орчим ам.долларын алдагдал хүлээжээ.

Шинэчлэлийн гэх Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг өмнөх Засгийн газрын үед Тэргүүн Шадар сайд байхдаа энэ гэрээний ажлын хэсгийг ахалж байсан. Гэхдээ тэрбээр Ерөнхий сайд болмогцоо өмнөхөө мартчихсан. Нэг ёсондоо “Чалко”-д хямд нүүрс нийлүүлж байгаа нь өмнөх Засгийн газрын буруу гэдгийг хатуу хэлж эхэлсэн. Харамсалтай нь “Чалко”-той хийсэн гэрээг сайжруулна хэмээн амны уншлага мэт ярьж явсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэд хоногийн өмнө сэтгүүлчидтэй уулзах үеэрээ ““Чалко”-той хийсэн гэрээг өөрчлөх аргагүй юм билээ” хэмээн тайлбарласан. Түүний энэ үг, өмнө нь хэлж байсан үгнээсээ зөрсөнд олон нийт зүгээр л алмайрч хоцорсон. Угтаа Монгол Улсын иргэн бүр Тавантолгойгоос  1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа санаатай юм болохоор хэзээ ашгаа өгөхийг нь харуулдаж суусан биз. Гэвч монголчууд хувьцаанаас ашиг хүртэнэ гэдэг нь бараг л үлгэр болов.

Учир нь “Эрдэнэс Тавантолгой” аль хэдийн нүүрсээ өмнөд хөрш рүү зөөгөөд эхэлчихлээ. Нөгөө “Хэрэв цаашид тонн нүүрсээ 53,6 ам.доллараар нийлүүлэх тохиолдолд гэрээний үлдэгдэл 186 сая ам.доллараа төлж дуустал бид нэмж 60 сая  ам.долларын алдагдал  хүлээхээр байгаа” хэмээн тайлбарлаж байсан Засгийн газрынхан чинь яагаад гэнэт нүүрсээ нийлүүлээд эхлэв ээ. Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой”-н захирал Я.Батсуурь “Чалко”-той хийсэн гэрээний талаар яримааргүй байна. Яриа хэлэлцээрийн шатандаа явж байгаа. Бид зардлаа хэмнэж, бууруулсан гэх тайлбар өгч байх юм. Аливаа байгууллага зардлаа хэмнэнэ гэхээрээ ажилчдаа цомхотгож, цалингаа бууруулдаг аргатай байдаг. Тэгэхээр шинэчлэлийн гэх Засгийн газар “Чалко”-гийн гэрээнд бус ажилчдын цалин хөлс, ахуй амьдралд шинэчлэл хийчихэв бололтой. Хэчнээн хүн ажлаас халагдсан юм бол доо хөөрхий.

За энэ ч яах вэ. Төрийн албыг төрлийн алба болгосон тэдэнд хэдэн монгол хүнийг ажилгүй болгох нь юу ч биш. Түүнээс том ашиг орж ирээд байгаа хойно. Ингэж хэлэхийн учир юу гэвэл Тавантолгойгоос Хятад руу нүүрс тээвэрлэх 17 тэрбумын тендерт Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дүү, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэнгийн эхнэр Ч.Уянга гэгч эмэгтэйн “Говь повер” ХХК ялсан гэх мэдээлэл юм. УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Ерөнхий сайдын дүүгийн компани 17 тэрбумын тендерт ялалт байгуулсан гэсэн мэдээлэл байна. Таны дүү гэдэг нь ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэнгийн эхнэр. Үүнд та ямар тайлбар хийх вэ” хэмээн асууж байсан. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Насанд хүрсэн хүмүүсийн асуудлыг би мэдэхгүй. Надад битгий наах гээд бай. Үүнийг өөрсдөө олж мэд” гэх мэтээр өөрөөсөө холдуулж, асуултаас бултсан. Н.Алтанхуягийн хэлсэнчлэн УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “Эрдэнэс Тавантолгой”-д шалгалт хийж байгаа.

Эх сурвалжийн мэдээлснээр Ч.Уянгын “Говь повер” ХХК нь Барилгын засал чимэглэлийн компани гэнэ. Энгийн нэг барилгын компани уул уурхайн тендерт ялалт байгуулах нь байтугай оролцох ч боломжгүй. Гэтэл “Говь повер” ХХК уг тендерт ялалт байгуулсан нь ашиг сонирхлын зөрчил, авлигын асуудал дагуулаагүй гэхэд итгэхэд бэрх. Үнэхээр Ч.Уянга гэгч нь Н.Алтанхуягийн төрсөн эгчийн охин, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэнгийн эхнэр юм бол энэ тендерт ялахгүй гээд яах юм. ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэн нь “Эрдэнэс Тавантолгой” ТӨК-ийн ТУЗ-ийн дарга, “Төрийн банк”-ы ТУЗ-ийн гишүүн юм. Харин тэрбээр дээрх шуугиан тарсны дараа “Намайг гүтгэж байна. Би “Эрдэнэс Тавантолгой”-н тендерт оролцдоггүй” гэх тайлбар өгсөн харагдана.

Гэхдээ тэр яг л хадам ах Н.Алтанхуягийн нэгэн адил хэтэрхий бөөрөнхий хариулт өгчээ. Үнэхээр л тэнд ашиг сонирхлын зөрчил үүсээгүй юм бол, үнэхээр түүний эхнэр 17 тэрбумын тендерт ялаагүй юм бол Г.Дэнзэн “Миний эхнэр энэ тендерт ороогүй” гээд зоригтой хэлэх байсан. Гэвч тэр тэгсэнгүй. Тэгэхээр Г.Дэнзэнг тендерт нөлөөлөөгүй гэхэд бэрх л юм. Нөгөө талаас “Эрдэнэс Тавантолгой” компанийн дээр “Эрдэнэс МГЛ” хэмээх вант улс бий. Энэ компанийн гүйцэтгэх захирал нь О.Сайнбуян. О.Сайнбуян нь Н.Алтанхуягийн гарын хүн бөгөөд бараг л гарынх нь үзүүрээр хөдөлдөг хэмээн зарим эх сурвалж өгүүлж байгаа. Тэгэхээр Н.Алтанхуягийн төрсөн эгчийн охин Ч.Уянгыг тендерт ялуулах ажиллагаанд нөлөөлсөн байж болзошгүй аж.

“Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал О.Сайнбуян нь Увс аймгийн харъяат, АН-ын ҮЗХ-ны гишүүн. Анх 2003 онд үйлдвэр, худалдааны “ТЭСО” ХХК-ийг байгуулж “Бамбар” нэртэй зайрмагны үйлдвэр байгуулж байжээ. Түүнчлэн “Хаан чипс”, “Ice Mark” зэрэг хүүхдийн дуртай амттануудыг энэ эрхэм үйлдвэрлэдэг. Үүгээр ч зогсохгүй “Итгэлт баян”-ы рекламддаг Милко сүү, “Вит Ойл” масло бүгд эднийх. Хүнсний бүтээгдэхүүн үйлдэрлэдэг О.Сайнбуян 2011 оноос “Тэсо Майнинг” ХХК-ийг байгуулж уул уурхайн бизнес рүү орсон байна. Харин үүнээсээ нэг жилийн дараа “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал болжээ. Тэрбээр УИХ-ын 2012 оны сонгуульд Увс аймгаас нэр дэвших гэж байсан ч аймгийн намын хорооноос дэмжлэг аваагүй унасан учир түүнийг Н.Алтанхуяг найз нь “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захиралд зүтгүүлсэн нь энэ юм.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив