МИАТ-ийн хэргийн араас “Эрдэнэт”-ийн дуулиан дэгдэж эхэллээ
2013 оны 4 сарын 29
МИАТ-ийн хэргийн араас “Эрдэнэт”-ийн дуулиан дэгдэж эхэллээ
МИАТ-ийн экс удирдлагууд буюу “Дайны эрсдэлийн даатгал” нэрээр мөнгө завшсан хэрэгт холбогдоод буй арван хүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байгаа аж. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин МИАТ-ийн экс удирдлагуудад холбогдох хэргийг шалгаж эхэллээ хэмээн мэдэгдсэнээс хойш энэ мэдээлэл олны анхаарлын төвд байсан юм. Гэвч сүүлийн үед Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах, Тавантолгойн 17 тэрбумын тендер, УИХ-ын дэд дарга С.Баярцогтод ёс зүйн хариуцлага тооцох гэх зэрэг шуугиануудаас болж МИАТ-ийн хэрэг олны анхаарлаас холдчихлоо.

Хэдхэн хоногийн өмнө МИАТ компанийн захирал асан Ц.Орхоны өмгөөлөгч Ц.Монгол мэдээлэл хийв. Түүний хэлснээр Ц.Орхоныг уг хэрэгт яллагдагчаар татсан нь үндэслэлгүй гэнэ. Учир нь Ц.Орхон 2010 оны  долдугаар сард ажлын хэсэг гаргаж, “Дайны эрсдэлийн даатгалын сан” нэрээр мөнгө гаргаж байсан үйлдлийг таслан зогсоож, гэрээг цуцалсан. Ингэснээр гадагшаа урсах байсан дөрвөн тэрбум төгрөгийг МИАТ-ийн орлого болгосон байна. Тэгэхээр өмгөөлөгч Ц.Монголын хэлснээр Ц.Орхон “Дайны эрсдэлийн даатгалын сан” нэрээр мөнгө завшсан биш, харин ч таслан зогсоож, гадагшаа урсах гэж байсан мөнгийг МИАТ-ийн орлого болгосон тул Х.Тэмүүжин сайдын цэргүүд түүнийг хэлмэгдүүлсэн болж таарлаа. Үүнээс гадна энэ хэрэгт банкны ажилтанг холбогдуулан баривчилсан нь мөн л ямар ч холбогдолгүй хүн баривчилсан гэх сураг байгаа. Энэ мэтчилэн дуулиан тариад байсан МИАТ-ийн хэрэг олон дуулиан дагуулж байна.

Тэгвэл МИАТ-ийн экс удирдлагуудын хэрэг прокурорт шилжихтэй зэрэгцэн “Эрдэнэт”-ийн удирдлагуудыг шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.
Энэ сарын 18-нд Орос, Монголын хамтарсан “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийн совет хуралдаж, Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Даваацэрэнг Ерөнхий захирлаар томилсон. Тэгвэл өмнөх удирдлага болох Ч.Ганзоригийг болон тус үйлдвэрийн удирдлагууд, санхүүгийн хэлтсийнхэн, дунд шатны мэргэжилтнүүд зэрэг хүмүүсийг шалгаж эхэлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр тэднийг улсын өмчит компанийн төсөв хэтрүүлсэн, худалдан авах ажиллагааг буруу зохион байгуулсан, үргүй зардал гаргасан гэх мэдээллийн дагуу шалгаж байгаа гэнэ. “Эрдэнэт”-ийг хэзээнээсээ л Монголын саалийн үнээ гэдэг. Өнгөрсөн оны байдлаар “Эрдэнэт” үйлдвэр түүхэнд байгаагүй ашигтай ажилласан гэж байгаа. Гэтэл үүнийгээ дагаад зардал ч өсөж байгаад совет анхаарлаа хандуулж эхэлсэн байна.

Түүнчлэн улсын төсвийн ихэнхийг бүрдүүлдэг энэ үйлдвэрт “Шахааны” бизнес цэцэглэсэн гэх нь бий. “Эрдэнэт”-д нийлүүлдэг бараа бүтээгдэхүүн зах зээлийн үнээс 3-5 дахин үнэтэй байдаг гэх яриа ч байдаг. Үүнээс гадна Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ж.Мягмаржаргал гэгчтэй хамтарч БНХАУ-ын Хонконгод бүртгэлтэй “Helon Company Ltd”, “Great global international” гэдэг хоёр компанийн нэрээр "Эрдэнэт" үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлэх гэрээ байгуулан залилсан хэмээн буруутгаж байсан. Энэ ч дахин сөхөгдөж магадгүй юм. Учир нь Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа мэдлэг боловсрол, үйлдвэр, худалдааны салбарт ажилласан туршлагатай хэмээн  өөрийн дотны хүн Ч.Ганзоригийг нь “Эрдэнэт”-ийн ерөнхий захирлаар томилохыг дэмжсэн гэдэг. Тиймээс 2007 оны арванхоёрдугаар сард хуралдсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Зөвлөл өмнө нь Үйлдвэр, худалдааны сайд, Сангийн дэд сайдаар ажиллаж асан Ч.Ганзоригийг ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилж, 2008 оны нэгдүгээр сард жинхэлсэн юм.

Ч.Ганзоригийг бас нэгэн зүйлд буруутгаад байгаа нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярваад сонгуулийн үеэр тараах мөнгийг нь “Эрдэнэт”-ээс гаргаж өгсөн хэмээдэг. Угтаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ч.Ганзоригийн “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллах бүрэн эрхийнх нь хугацаа дууссан боловч түүнийг нь сунгаад байсан. Харин одоо түүнийг албан тушаалаасаа чөлөөлөгдсөний дараа шалгаж эхэллээ.

Н.БУДСҮРЭН

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив