“Алтангадас”-ынхан С.Баярцогтын суудлыг Р.Гончигдоржид өгөх үү
2013 оны 4 сарын 29
“Алтангадас”-ынхан С.Баярцогтын суудлыг Р.Гончигдоржид өгөх үү
УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнгээр парламентад гурван нам бүлэг байгуулах хэмжээний суудалтай болсон юм. Иймээс УИХ дахь АН, МАН болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс өөрсдийн төлөөлөл болгож дэд дарга нарыг томилсон билээ. Харин АН-ынхан УИХ-ын дэд даргад С.Баярцогтыг томилсон ч тэрбээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдлөө. Энэ нь УИХ бүрдсэнээс хойш хамгийн шуугиан тарьсан үйл явдал байсан гэхэд болно. Тэгвэл түүний оронд хэнийг суулгах вэ гэдэг тулаан АН дахь фракциудын дунд ширүүхэн өрнөж байна. Угтаа энэ суудал “Алтангадас” фракцийнх. Тэд Засгийн эрх барих нөхцөл бүрдсэн учраас дараалал хүлээхгүйгээр визтэй болсон гэсэн үг.

Тиймээс УИХ дахь АН-ын бүлгээс томилох дараагийн дэд дарга “Алтангадас” фракциас хэн байх вэ гэдэг нь анхаарлын төвд байхаас ч өөр аргагүй. Тэр үүднээс УИХ-ын дэд даргаар томилох хүний нэрс дунд Ш.Түвдэндорж, Р.Гончигдорж, Р.Бурмаа, Г.Баярсайхан, Р. Амаржаргал нар цойлж байна. Мөн УИХ-ын дэд даргын томилгоог ирэх долоо хоногт бүлгээрээ оруулж, чуулганаар хэлэлцүүлэх талаар АН-ынхан ярих боллоо.

“Сонгогчдын боловсрол” төвийн тэргүүн, УИХ-ын гишүүн Р.Бурмаа 2008 оны болон 2009 оны нөхөн сонгуулиар УИХ-д нэр дэвшсэн ч ялагдаж байсан удаатай. Харин УИХ-ын 2012 оны сонгуулиар намын жагсаалтад бичигдсэнээр парламент дахь эмэгтэй гишүүдийн нэгээр сонгогдсон юм. Заргач гэгддэг түүнийг Өргөдлийн байнгын хорооны даргаар томилох болсон нь санаандгүй хэрэг биш. Тэрбээр 2007 онд Ц.Нямдоржийг Үндсэн хуульд засвар хийсэн хэмээн Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаж, УИХ ын даргын суудлаас нь унагаж байсан юм. Ш.Түвдэндорж гишүүний хувьд АН дахь “МоАХ” фракцийнх. Х.Баттулга сайдын хүн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийслэлийн АН ын дарга байснаар УИХ д орж ирсэн бөгөөд “МоАХ” фракциас бялуу хүртэж яваа. Энэ нь УИХ ын Хууль зүйн байнгын хорооны дарга гэдгээр илэрхийлэгдэж буй.

Гарьдхүүгийн Баярсайхан  гишүүний нэр УИХ ын дэд даргаар томилогдох хүмүүс дунд багтаж байгаа нь санаандгүй хэрэг биш. АН ын залуу улстөрчийн хувьд тэрбээр хэлье гэснээ хэнээр ч хориулдаггүй. Бас УИХ д хоёр дахь удаагаа сонгогдсон учир зовлон, жаргалыг нь хамгийн сайн мэдэрч байгаа. Энэ хэрээр улс төрийн туршлага суусан учир “Алтангадас” фракцийнхан УИХ ын дэд даргад зүтгүүлэхэд буруудах юм байхгүй. Харин тоон дотор үсэг цохиж явна гэгчээр Г.Амаржаргал гишүүний нэр дуулдах болсон нь түүнийг улс төрийн зангарагтай, бусдыгаа бодвол туршлагатай гэдгээр орсон байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэрбээр намынхныхаа эсрэг байдаг ганц хүн. УИХ ын дарга болмоор байна гэхэд Н.Алтанхуяг З.Энхболдыг зүтгүүлсэнд шархладаг гэдэг ч дэд даргын суудлыг амархан авна гэдэг нь бас л эргэлзээтэй. Тэгвэл энэ дунд Р.Гончигдорж гишүүн ганцаараа цоройж үлдлээ. Түүний хувьд 2004 2006 онд АН ын даргаар сонгогдож байсан юм. Тиймдээ ч АН ынхны гол тоглогчийн нэг. Гэхдээ “Алтангадас” фракцийн тоглоомонд ороогүй үлдсэн. Нэгэнт тус франкийнханд С.Баярцогтын суудал виз болоод ирсэн учир Р.Гончигдоржийг хөзрийн модны толгойд тавьж, бялуунаасаа хүртээх нь нэгэнт ил болж байх шиг байна.
                                  
 С.МӨНХБАЯСГАЛАН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив