Хагас эрх чөлөө ба хаалт хориг
2013 оны 5 сарын 2
Хагас эрх чөлөө ба хаалт хориг
Ардчилал гэдэг үгийг хаа сайгүй л хэрэглэх болж. Энэ үгийг Грек хэлнээс орчуулбал “Ард түмний засаглал” гэх утгыг агуулдаг юм билээ. Ард түмний засаглалын амин сүнс, цохилох зүрх нь чөлөөт хэвлэл. Тэгвэл Ардчиллыг үлгэр жишээ хөгжүүлж байгаа орны тоонд орж 104 орны сайд нарыг уриад буй манай улсад чөлөөт хэвлэл мэдээлэл нь ямар түвшинд яваа вэ гэдгийг сонирхох хүн олон байж болох юм.

Олон улсын байгууллагаас манай улсыг хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орны тоонд оруулжээ. Дэлхийн 187 улсын бараг л 100-д орж хэвлэлийн хагас эрх чөлөөт гэх гуншинг зүүх нь. Америкийн хэвлэлийн эрх чөлөө гэж хамгийн их мөнгөтэй 200 хүний л эрх чөлөө гэдэг үг бий. Тэгвэл манайд улсад ч гэсэн хэвлэлийн эрх чөлөө гэх зүйлийг хамгийн их эрх мэдэлтэй, хөрөнгөлөг хэн нэгний халаасны хэмжээгээр хязгаарлаад удаж байна. Эзэн нь эрх мэдэл, нэр хүндээ хамгаалуулахаар өөрийн өмчөө хүссэнээрээ удирдаж бүтэн эрхээ эдэлдэг нь нууц биш. Монголд 140 орчим сонин, сэтгүүл, 24 телевиз, 20 гаруй радио болон 200 орчим мэдээллийн сайтын 90 хувь нь хэн нэгний гарт байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй биз.  Энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн үнэн бодит мэдээлэл хүргэх зорилгод эзэн нь өөрийн үзэл баримтлал, хүсэл сонирхлын дагуу хаалт хийдэг. Мөн үүн дээр нэмэгдээд төрийн албаны байгууллагуудын хүнд суртал, хаалттай соёл, мэдлэггүй байдал, мэдээллийн эрх чөлөөний хуульд харшлах хуулиуд гээд хэвлэл мэдээллийн салбарт хориг тавих зүйлүүдийг дурьдахгүй өнгөрч болохгүй мэт. Өнөөдөр аль нэг байгууллага, аль нэг албан тушаалтан хэдэн төгрөгийн татвар төлөх төлснийг харах хүртэл хуулиар хориотой. Төрөөс маш олон мэдээллийг үндэслэлгүйгээр нууцалдаг. Хэдийгээр Үндсэн хууль, 1998 оны Хэвлэлийн эрх чөлөөний тухай болон 2011 оны мэдээллийн ил тод байдал мэдээлэл олж авах хууль, 2005 оны олон нийтийн радио телевизийн тухай хууль байгаа ч энэ салбарт зохицуулалт мах их дутагдаж байна.

Бүтэн эрх чөлөөг олж авах Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн эсрэг хагас эрх чөлөөг тунхаглагч эзэд нь бат зогслоо. Энэ салбар төгс хуультай болно гэдэг бараг л 100 жилийн мөрөөдөл мэт. Энэ талаар хууль санаачлагчийн нэг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хэвлэн нийтлэх эрх чөлөө бол ардчилсан нийгмийн хамгийн  үнэт зүйл. Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн гол үзэл санаа нь энэ эрх чөлөөг дэмжих, баталгаажуулахад байх ёстой. Хэлэлцүүлгийн явцаас харахад хуулийн утга санаа, зорилго өөрчлөгдөж байгаа юм шиг байна. Хэвлэлийн эрх чөлөөг боомилсон хуультай байснаас хуульгүй байсан дээр биз” гэсэн байдаг. Үнэхээр ч “Нуухийг нь авах гээд нүдийг нь сохлов” гэдэг болчихвол яана.
Гэхдээ л энэ салбарт хаалт хориг ихдэж хамгаалалт дутагдаж байна. Хэн нэгэн хөрөнгөтний элдэв булхай луйврыг илчилсэн сэтгүүлч хуулийн өмнө ялагдал хүлээж, өр төлбөрт унасан дүр зураг хэзээ хүртэл үргэлжлэх бол... Өнөөдрийн мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчинд бол сэтгүүлч шүүхийн өмнө мэдээлэл өгсөн эх сурвалжаа илчлэх эсвэл өөрөө хариуцлага хүлээх гэсэн хоёр сонголттой тулгарч байгаа.

Бас нэг санаа хэвлэл мэдээллийн орлого уул уурхайгаас хэтэрхий их хамааралтай болж байгаа. Уул уурхайн компаниуд “Хамтран ажиллах гэрээ” гэгчээр хэвлэлийн мэдээллийн “амыг барьдаг”. Ингэснээр хэвлэл үнэн бодит мэдээллийг гуйвуулагч болон хувирч Үндэсний ауюлгүй байдалд заналхийлж эхлэхэд ойрхон байна. Энэ “Хамтран ажиллах” гэрээ гэгчээр олон булхай луйвар олонд хүрэх замдаа замхардаг. Зүгээр л жишээ нь уул уурхай.

Анх Африк тивийн өмнөд хэсэгт орших Намиб улсад сэтгүүлчид “Бие даасан хараат бус олон ургалч үзлийг дээдлэгч чөлөөт хэвлэлийн тухай” тунхаг гаргаж түүнийг нь НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхий нийтийнх болгосон байдаг. Ингэж жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Харин манай хэвлэл мэдээллийнхний хувьд энэ өдрийг бяцхан хүлээн авалт маягаар хязгаарладаг. Угаасаа дээрх тунхагийг хэрэгжүүлэх нь байтугай сонсох ч дургүй эзэд олон байгаагаас тэр байх.
 Өнгөрсөн 2010 онд Пакистаны сэтгүүлчид 200 машины ралли зохион байгуулж гэрлээ асаан, сигналдаж Хэвлэл мэдээллийн байгууллагын эзэд, Засгийн газарт хандан сэтгүүлчдийн ажиллах нөхцөлийг  сайжруул, аюулгүй байдлын баталгаа гаргаж өг гэсэн шаардлагыг хүргүүлж байсан. Тэд эрх чөлөөнийхөө өдрөөр эрх чөлөөний төлөө ингэж тэмцжээ.

 Гэтэл Үндэсний сэтгүүл зүйн 100 жилийн ойгоор нь кабелийн есөн телевизийг хааж,  цахим сайтуудын мэдээллийн доор иргэд сэтгэгдэл бичихэд хязгаарлалт гээчийг хийж байхад хэвлэлийнхэн дуугүй даган биелүүлэгчийн үүрэг гүйцэтгэж байв. Энэ нь манай засгийн ардчиллыг хөгжүүлж байгаа энгийн нэгэн дүр зураг. Хагас эрх чөлөөт сэтгүүлчдэд хуулиар баталгаажсан эрх байхгүйн улмаас хаалт хоригийг сэтлэх боломжгүй гэсэн үг үү.

П.НАНСАЛМАА
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив