Эрх баригчид Йинлак Чинаватаг онцгойлон хүндэтгэхийн учир
2013 оны 5 сарын 2
Эрх баригчид Йинлак Чинаватаг онцгойлон хүндэтгэхийн учир
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дөрвөн өдрийн турш гадны зочид төлөөлөгчийн хөлд дарагдаж, нүүрээ угаасан хүүхэд шиг цэвэр цэмцгэр байлаа. Энэ өдрүүдэд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/-ийн Сайд нарын YII Бага хурал болсноос тэр. Өнгө зүсээ зассан их хотын иргэд хэдийгээр унах унаа, явах замаа хаалгаж, явах эрхээ хязгаарлууллаа хэмээж байсан ч хүн бүрийн амнаас “Хот маань дандаа ийм байгаасай” гэх үг гарч байсныг нуух юун. Арга ч үгүй биз. Ардчилсан орнуудын төлөөлөгчид ирэх гэж байна гээд нийслэлүүдийн удирдлагууд царай муутай хүмүүсийг гэрээс гарахыг хориглож, хотын төвөөр дандаа царайлаг хүмүүсийг алхуулахыг хүссэн. Тэр байтугай хотын төвөөр тоосоо угаагаагүй автомашин зорчуулахгүй, замаа хүртэл угаасан болохоор ардчиллын төлөө тэмцэгч, Мьянмарын Ардчиллын төлөө Үндэсний Лиг намын тэргүүн, парламентын гишүүн хатагтай Ан Сан Сү Чи “Монгол Улс бол маш цэвэрхэн орон байна” хэмээн жиргэхгүй гээд ч яах билээ. Царайлаг хүмүүс хотын төвөөр алхуулна гэдэг нь эгээ л Хойд Солонгосыг санагдуулна. Тэд л гаднаас ирсэн зочдод улсаа сайхан харагдуулж, иргэдээ сайн сайхан амьдардаг хэмээн харуулахын тулд Пхеньянаар дүүрэн царайлаг хүнийг алхуулдаг юм гэнэ билээ.

Дэлхийн 100 гаруй орныг төлөөлөн ирсэн 1300 орчим хүндэт зочид, төлөөлөгчид гурван өдрийн турш Улаанбаатар хотноо ардчиллын ололт амжилт, алдаа оноо, цаашдын чиг хандлагыг дүгнэн хэлэлцэж, бие биеэсээ суралцан, харилцан туршлага солилцлоо. АОХН-ийн Сайд нарын YII Бага хуралд Тайландын Ерөнхий сайд Йинлак Чинават, Коста Рикагийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Альфио Пива Месен, Нигерийн Дэд Ерөнхийлөгч Намади Самбо, Европын комиссын Дэд ерөнхийлөгч Катрин Аштон, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Кассым-Жомарт Токаев, Нобелийн шагналт Аунг Сан Суу Чи, Нобелийн шагналт Тавакул Карман, АОХН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мариа Лайсснар зэрэг хүндэт зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирсэн нь дэлхий нийтэд Монголыг таниулж, дэлхийн олон оронтой харилцаа, хамтын ажиллагаагаа урагшлуулахад томоохон үүрэг гүйцэтгэсэн чухал үйл явдал болсныг Гадаад харилцааны сайд Л.Болд сайд онцлон тэмдэглэсэн юм. Гурван өдрийн дотор Бага хурлын хүрээнд таван удаагийн салбар чуулга уулзалт, есөн удаагийн сэдэвчилсэн бүгд хуралдаан, бүс нутгийн нэг, хоёр талын маш олон уулзалт, Сайд нарын албан ёсны хурлыг оролцуулаад нийт 18 хуралдаан болж, 100 гаруй хүндэт зочид, төлөөлөгч, иргэний нийгмийн төлөөлөл олон хүн үг хэлж санал бодлоо хуваалцсаны эцэст “Улаанбаатарын тунхаглал” хэмээх төгсгөлийн баримт бичгийг батлан гаргалаа. Монгол Улс АОХН-ийг даргалсан хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил, таван удаагийн салбар форумаас гаргасан зөвлөмж зэргийг албан ёсны баримт бичиг болгон энэхүү тунхаглалд тусгасан байна.

Гурван өдрийн турш Монголыг дэлхий нийтийн анхаарлын төвд байлгасан АОХН-ийн сайд нарын хурал ийнхүү өндөрлөлөө. Төлөөлөгчид ч сэтгэл хангалуун буцаж байна. Тэднийг сэтгэл ханамжтай байлгах гэж л хотын мэр тушаал гаргаж, нийслэлийг хоёр, гуравхан хоногийн дотор цэмцийлгэсэн. Ингэсний хүчинд нэр төртэйгээр дэлхий нийтэд улсаа сурталчилж чадлаа.

Гэхдээ манай төр засгийн өндөрлөгүүд хүрэлцэн ирсэн 100 гаруй орны зочид төлөөлөгчид дундаас ганцхан хүнд онцгой сайн хандаж байгаа нь олны анхаарлыг ихэд татав. Тэр бол Тайландын Ерөнхий сайд хатагтай Йинлак Чинават. Манай Төрийн тэргүүнүүд энэ эмэгтэйн өмнө толгой бөхийлгөж, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр бүсгүй хүнийг босго давуулдаггүй өргөөнийхөө үүдийг сөхөн өгч, бүр тулганы галаа асаалгаж байв. Чухам яагаад энэ бүсгүйд ийн хөл алдаж байгаа нь бүх нийтийн сонирхлыг татахаас ч өөр аргагүй.

Хатагтай Йинлак Чинават нь Тайландын экс Ерөнхий сайд, барууны орнуудад "Ардчиллын бамбар" хэмээн нэрлэгдсэн Таксин Чинаватрагийн төрсөн дүү. Таксин Чинаватра 2006 онд засгийн эрхийг цэргийнхэн булааж авсны дараа улсаасаа дүрвэсэн юм. Түүнийг авлига авсан, олон зуун хүний амийг хөнөөсөн хэмээн цэргийн тал буруутгадаг байна. Таксин Чинаватра Ерөнхий сайд байхдаа АНУ, Хятад, Австрали, Бахрейн, Энэтхэгтэй чөлөөт худалдааны хэлэлцээр хийсэн байдаг. Түүнчлэн 2004 онд америкчуудад дэмжлэг үзүүлж, Ирак руу хүмүүнлэгийн 423 ажилтан илгээж байсан юм.

Харин түүнийг нутгаасаа дүрвэн гарсныхаа дараа Монголд байгаа талаар шуугиж байсан удаатай. Түүгээр ч үл барам "Орос, Японы асуудлыг зохицуулагч Монгол дахь төлөөлөгч" хэмээн бичиж байлаа. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Таксин Чинаватра монголын улстөрчидтэй нарийн холбоо сүлбээтэй гэх. Тиймээс манай ардчиллынхан түүний дүүгийн өмнө нүүрээ улалзуулахыг хүсээгүй аж. Улстөрчид байтугай бизнесийнхэн ч хатагтай Йинлак Чинаватыг хөл алдан гүйлдсэн нь түүний төгс сайханд биш гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьж байна.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив