Сонгохгүй юм бол сонгууль хийгээд яадгийм !!!
2013 оны 5 сарын 2
(ҮЛДЭГДЭЛ ХУВААХ ЗАРЧМААР ЯВДАГ СОНГУУЛЬ ӨВӨРХАНГАЙД БОЛОХ ЮМ)

1. Өвөрхангайчууд гэж өрөвдөлтэй сонгогчид байна аа. Хөөрхий тэдэнд сонгууль өгөх эрх нь байгаа бололтой юм. Дөрвөн жилд нэг удаа яах аргагүй, хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж, хөдөөгийн зон олон тод өнгийн торгон дээлээрээ гоёж сонгууль өгөх юм. Өвөл мөнсөн бол цасны баяртай зүйрлэмээр, зунсан бол наадам цэнгэлтэй зүйрлэмээр ард түмэн ач холбогдол өгч хаврын хаварт төрийнхөө сонгуульд оролцох юм аа. Цаад утгаараа УИХ-д өөрийн гэсэн төлөөлөлтэй болох гэсэн оролдлого юм л даа. Даан ч үр дүн нь дэгэн догон, өвдөг нь шороодсон бөх ч дэвээд туг тойрч байх шиг. Даваа шаваатай бөхийг нь ч хөлийн цэцэд нь наадмын талбайгаас хөөж  ч байх шиг. Нэг л тийм сонин. Жүжиг гэхэд амьдрал байж байдаг. Амьдралаа гээд үзэхээр жүжиг ший ч юм шиг учир нь үл олдоно. Марзан Шаравын “Монголын нэг өдөр” хэмээх феодлын үеийн Монгол орны байдлыг харуулсан дэлгэмэл зураг шиг тийм нэг марзан дүр зураг сонгуулийн үеэр Өвөрхангайд болох юм.
Нэн шинэ түүх сөхтүгэй.
   2004 оны сонгуулиар Өвөрхангайн нэг багт маргаан болсон юм. Эдүгээгийн УИХ-ын дарга З. Энхболд, Үндсэн хуулийн цэцийн гишүүн  Д.Сугар нар сонгуулийн дараа тунаж үлдэв ээ. Бас л маргаан, мэтгэлцээн үүссэн хэрэг. З.Энхболд 60 орчим саналаар ялсан хэрэг. Гэвч Сугарын талынхан: “22 цагаас хойш хайрцгаар санал цуглуулсан” гэсэн зарга үүсгэв. Гэвч 22 цагаас хойш гадуур саналын хайрцгаар цуглуулсан санал нь дөнгөж 20 хэдэн санал байв. Ингээд Энхболд 40 орчим саналаар ялсан юм. Д.Сугар ч бас ч гэж жудагтай хүний ёсоор сугаа өргөв. МАН ч адгаж, арвалзсангүй. Гэвч адгийн зарга 10 хоногтой гэгчийн үлгэрээр З.Энхболд бараг нэг жилийн дараа парламентад суудлаа эзэлсэн юм. Ийм жишиг манайд газар авах нь. Энэ бол муу жишиг. Уг нь Үндсэн хуулинд: “ Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна” гээд заачихсан. Гэтэл одоо УИХ нэг танхимтай, 74 гишүүнтэй байна. Гэтэл нэг танхимтай хэдий ч 76 гишүүнтэй байхгүй байгааг юу гэж үзэх вэ? Бүтэн бус парламент байгаа биз?! Тэгэхээр бүтэн бус парламентын шийдвэр юу вэ гээд фантазлаад Үндсэн хуулийн цэцийг хэдэн өдөр ажлаар дарж болох л байдалд хүрчихээд байгаа юм. Ер нь УИХ-ын удирдлага парламентын бүрэн бүтэн байдлын төлөө анхаарал сул тавьж байгаа нь харагдаж байна. Парламент маань нэг том даргатай, гурван дэд даргатай байж энэ талын санал санаачлага гаргахгүй байгаа нь үнэхээр тухайн асуудалд хариуцлагагүй хандаж буйг илэрхийлнэ. Мундагаар хэлбэл ард түмний хүсэл эрмэлзлэл бүтнээрээ парламентад орж ирэхгүй байна шүү дээ. Тэдний төлөөллийн ардчиллыг парламент хаачихаад байна. Уг нь саяхандаа, “Бөгчим байна. Цонхоо онгойлгооч!” л эж хашгиралддаг байсансан. Одоо бол “Боогдмол байна. Хаалгаа онгойлгооч!” гэх дээрээ тулчихаад байна. 

2.
2012 оны сонгуулиар Өвөрхангайд 23493 сонгогчийн буюу 47,6 хувийн санал авсан нэг хүн байна. Монгол улсын иргэн. Нас 25-ын босгыг даваад 25 жил болж байгаа нэг ийм хүн байна. Парламентад хамгийн олон санал авсан нь ордог юм бол энэ хүн орохоор бүх болзлыг хангажээ. Гэвч орсонгүй. Нэр Чинзориг. Овог Содном. Одоо бол энэ хүнийг Өвөрхангайхан бүү хэл Монгол даяараа андахгүй боллоо доо. Хамгийн олон санал авдаг ч парламентад орж чаддаггүй хүн гэдгээрээ Гиннесийн номд бичигдчих юм бол тив дэлхий  ч мэдэж авах байх. Хөөрхий дөө, муу Чинзориг 27 жил төрд зүтгэж байгаа юм. Өвөрхангайн захиргаанд хамаг л халуун залуу насаа үдсэн нэгэн. “Монголын төр  зүтгэсэн хүндээ хатуу” гэж Өвөрхангайн Арвайхээрийн П.Гэндэн гуай нэгэнтээ аргаа бараад одоогоос 80-аад жилийн өмнө хэлсэн юм гэнэ лээ. Одоо ийм үгийг мөнөөх хазгар Гэндэнгийн нутгийн Чинзориг л хэлэх цаг болжээ. Түүний төрд хийгээгүй ажлаас нь хийсэн ажлыг нь тооцвол амар биз ээ. Аймгийн захиргаанд мэргэжилтэн, хэлтсийн дарга, Засаг даргын орлогч, ИТХ-ын дарга. Дэд сайд. Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга, Ерөнхий сайдын зөвлөх гээд дэс дараатай, жинхэнэ төрийн хүний сайхан замыг туулжээ. Тэгсэн атлаа Их хуралд орох гэхээр л дэгээдүүлчихээд байдаг юм. 2008 он ч тэр. 2012 он ч тэр. 48 хувь аваад л байдаг. Нэмэр байдаггүй. Олон түмэн нь өргөмжлөөд байдаг. Ор тас мартагдахгүй юм аа гэхэд ордог газар нь хаалгаа нээдэггүй нэг ийм хачин явдал болоод байна. Сая манайд АОХН-ийн Сайд нарын бага хурал болоод өнгөрлөө. Ардчилсан орнуудын сайд нарыг цуглуулаад байгаа Ардчилсан орнуудын “даргын” ажлыг хийдэг Монгол улсад ийм юм болдог нь Норвеги, Литвийн төлөөлөгчдийн ой тойнд орохгүй нь ойлгомжтой. Бүр Сомали, Мозамбикийн төлөөлөгчид дор хаяж л гайхширна шүү. Ийм л юм болоод байгаа юм даа. Хэрэв ээ олонхийн санал цуглуулж сонгогдсон иргэнийг үл хүлээн зөвшөөрч шүүхийн журмаар л УИХ-ын гишүүдийн асуудлыг шийдээд байх юм бол энэ маягаар төрийн эргэлт ч хийж болох нь байна шүү дээ. Энд ард түмний хүсэл эрмэлзэл гээгдэж шүүгчийн “дотоод итгэл” үнэртэнэ гэсэн үг. Сонгууль гэдэг зөв үү, буруу юу гэсэн шүүхийн шийдвэрээс илүүтэйгээр иргэд нийтээрээ сонгосон уу, эс сонгосон уу гэдэгт л гол ач холбогдол нь оршино. Өөрөөр хэлбэл иргэд нийтийн олонхийн төлөөлөл парламентад орж тэдний хүсэл эрмэлзлэл төлөөллөөрөө дамжиж төрийн бодлогод хүрч байх ёстой. Түүнээс “Сайн уу, муу юу аль нь вэ хө” гэсэн хүүхдийн дуу байдаг шиг сайн уу, муу юу гэдэг шүүхийн шийдвэр хамгийн гол хэрэглэгдэхүүн болж болохгүй л дээ. Хэрэв ингэх юм бол бид ардчилал гэж яриад ч утга учиргүй. Ардчилсан орнуудын сайд нарыг цуглуулаад ч бүр утгагүй!

3.
Монгол Улсын дөрөв дэхь Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж шүүхийн шинэчлэл гэж олонтаа ярьсан. (Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч гээд радио телевиз, сонин хэвлэлээр их яригдах болсон учир жишгийг дагав.) Одоо ч ярьж буй. Энд нэгэн жишээг дурдахад илүүдэхгүй байх. Нөгөө л Чинзоригтой холбоотой.  Чинзориг гол өрсөлдөгчид болох Г.Батхүүгээс 3500, Д.Зоригтоос 6500 саналын зөрөөтэй ялалт байгуулжээ. 2012 оны зургаадугаар сарын 28-нд сонгууль явагдаж сонгуулийн дүн мэдээ 29,30 –нд тодорсон. Гэтэл Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч Н.Мөнхбаярын даргалсан шүүх хурал долдугаар сарын 03-нд боллоо. Шуурхай байгаа биз. Шүүхийн шинэчлэл гэдэг энэ болой гэмээр байгаа биз? Уншигч Та ийм шуурхай шүүх хурал үзсэн үү? Хээрийн шүүх энэ тэр гэсэн эрт балрын үеийн юмыг тооцохгүй шүү дээ. Эдүгээ цагт ийм шуурхай шүүх үзээгүй л болов уу. Уг шүүх хуралд нь өнөө хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур С.Чинзориг, Н.Төмөрхүү нар ч байдаггүй. Ёстой өнөө онцгой ажиллагааны журмаар явлаа гэдэг л болж. Харамсалтай нь нотлоод тогтоочихсон юман дээр л дээрх журмаар явдаг л даа.  Энэ шүүх хурлаас хойш С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын УИХ-д орох зам гацлаа. Гэвч 2012 оны наймдугаар сарын 17-нд Нийслэлийн шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, М.Наранцэцэг, Ч.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй болсон шүүх хурлаар : “...УИХ-ын гишүүнд нэр дэвшигч Н.Төмөрхүү, С.Чинзориг нар сонгуулийн сурталчилгаа явуулахдаа сонгогчид мөнгө, эд хөрөнгө тараасан, насанд хүрээгүй хүүхдийг сурталчилгааны ажилд оролцуулсныг тогтоолгох” тухай нэхэмжлэгч Д.Зоригт, Ц.Доржпалам нарын гаргасан нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж  шийдвэрлэжээ.
Хан-Уул дүүргийн шүүхийн шинэчлэл гайхалтай явж байна. Өчигдөр нь өгсөн өргөдлийг өнөөдөр нь хэлцээд л шийдвэр гаргаж байна. Энэ манай Ерөнхийлөгчийн хэлээд байгаа шүүхийн шинэчлэл үү. Бүх шүүгчийг Ерөнхийлөгч маань томилох, чөлөөлөх эрх нь байгаа цагт энэ шинэчлэлтэй Төрийн тэргүүний нэр холбогдохоос өөр яах вэ?! Ард иргэд бид шүүхийн шинэчлэл энэ мөн болой гэж ойлгох уу? Ийм л асуултууд гарч ирж байна.
Тэгээд цааш нь Өвөрхангайн шүүхийн шийдвэрүүд бүр сонин. Одоо иргэн С.Чинзориг юун депутат манатай шүүх  хуралд өөрийгөө төлөөлж оролцох замгүй, Дээд шүүхэд зарга мэдүүлэх бололцоогүй явна. Энэ тухай бичье гээд судалбал дор хаяж 4-5 шог өгүүллэг, 10-12 урт богино онигоо гарах юм. Иймд энэ бүхнээ түр орхия.Манайд бүх юмыг өөртөө ашигтайгаар тайлбарлах үйл явц маш хурдтай хөгжиж байна. Мораль, ёс суртахуун, ичих айх, өрөвдөх, өмгөөлөх гээд хүнд байх ёстой бүх чанаруудыг өөртөө ашигтайгаар тайлбарлаж, хүчирхийлэн хийж байгаа тохиолдолд бүгд л байхгүй болдог юм байна.

4.
  Ар халхын малгай болсон олон сайхан эрчүүд манай Монголд бий. Морь мал уядаг, дээл бүс, малгай хүрмэнд ач холбогдол өгч хүндэлж гангардаг. М.Энхболд, Г.Батхүү, Ц.Цэнгэл гээд тэдний нэрс үргэлжлэнэ. Тэд жудагтай байвал Монгол түмний маань өнгө харагдах буй заа. С.Чинзоригийн асуудлаар хоёр намын тохироо ч байдаг гэж дуулдсан. Хоёр хүний тохироо ч байдаг биз. Нэгэнт АН-ын Г.Батхүүд УИХ-ын танхимд суух боломж нь бүрдсэн байхад “Монголын “за” андгай буй зээ” хэмээн нэрт эрдэмтэн, зохиолч Б.Ринчен гуайн үгийг санаж С.Чинзоригийг Д.Сумъяабазартай хамт тангараг өргүүлж парламентаа 76-н гишүүнтэй болгож УИХ-аа бүтэн байлгавал яасан юм бэ?!  С.Чинзориг чинь өрсөлдөгч Д.Зоригтоосоо 6500 саналын илүүтэйгээр ялсан нь мадаггүй үнэн. Энэ бол факт. Хүнийг яль шалихгүй татлаа түтлээ, батлагдаж барагдахгүй гүтгэлэг явуулгаар хоргоох нь эр хүний хийморь лүндээд ч онцгүй зүйл бус уу. Тэгээд ч Г.Батхүүг тангараг өргөхийн үед Д.Зоригт Сонгинохайрханы Л.Эрхэмбаяр шиг жудаг заасан үг хэлж Их хурлаас татгалзаж байсан шүү дээ. Иймд тэр хүнд ч бүхэл бүтэн 6500 саналаар дутчихаад Их хуралд суудал эзлэх нь моралийн хувьд ч хүнд бэрх байх биз ээ.
Олонх болсон нь орж болдоггүй парламент гэдэг хоёр хүн шатар тоглож байгаад хожигдоод ирсэн нэг нь хамаг шатраа нураагаад шатрынхаа хөлгөөр нөгөөгийнхөө толгойг цохиж байгаатай л адил явдал. Ийм юм болбол юун шудрага сонгууль байх билээ.
Хэрэв ээ, олонх болсон нь сууж болдоггүй парламент юм бол сонгууль явуулахын хэрэг юу байна гэдэг асуулт гарна. Хамгийн гол нь, бүр голын гол нь, сонгуулийн цаад учир утга нь дийлэнх иргэдийн хүсэл эрмэлзлэлийн төлөөллийг парламентад хүргэх гэсэн концепци маань эвдэрч байна гэсэн үг. Энэ тохиолдолд юун ардчилал вэ? Өнөө шууд ардчилал байтугай дүр эсгэсэн ардчиллын тухай ч яриа алга болно. Уншигч Та санадаг биз. Ардын зураач Д.Амгалан гуайн “Капитализмыг алгасагч” гэдэг нэг сүрхий зураг байдаг. Тэнд феодлын Монгол капитализмыг алгасаад социализмд морьтойгоо  харайн орж буйг үзүүлдэг.
Одоо цагт заримдаа бид ёс суртахуун, шудрага ёс энэ тэрийгээ гээгээд капитализмаас социализмын “хар ангал” дээгүүр харайгаад буцаад феодализм руугаа эрчит дөрвөн мориныхоо туурайгаар “дэвхрэн”  бууж байгаа ч юм шиг сэтгэгдэл төрөх  юм. Ер нь бол ардчилал ч үгүй, социализм ч үгүй болбол феодлын ёс л бидэнд үлдэнэ. Ноёны бөх дийлж байдаг ч юм уу, эсвэл “Ноёнтой заргалдвал толгойгүй, нохойтой яавал хормойгүй” гэдэг ч юм уу тийм л юм руу орно. Ардчиллыг бид жинхэнэ утгаар нь хүний өөрийн гэж алагчлалгүй хэрэгжүүлэхгүй бол өмнө маань феодализм л хүлээж байна гэсэн үг шүү дээ.


Х.Бүрэнтогтох
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив