Элбэгээгийн шоу ба Ан Сан Сү Чийн хатуу үг
2013 оны 5 сарын 3
Элбэгээгийн шоу ба Ан Сан Сү Чийн хатуу үг
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг хоёр жил тэргүүлсэн Монгол Улс ирэх наймдугаар сард хийхээр төлөвлөж байсан АОХН-ийн VII бага хурлыг наашлуулан хийсэн нь Ерөнхийлөгчийн сонгуулийн шоу болж байна гэж үзэх хүн олон бий. Энэ нь үнэн болох мэт энэ чуулганы үр дүн юу байсныг монголчууд ойлгосонгүй. Харин эрх баригчдын хувьд энэ чуулганыг Монголд хийж байгаа нь биднийг дэлхий нийтэд сурталчиллаа хэмээн ард олны тархийг угаалаа. Гэхдээ чуулганы төлөөлөгчдөд нийслэлээ сайхан харагдуулахын тулд хэдхэн хоногийн дотор шоргоолж шиг хөдөлснөөр гадаадын зочдоос бид байгаа байдлаа нууж чадсан юм. Хотын төвөөр өнгө үзэмжтэй машин, өнгөлөг хүмүүс холхилдож байвч хотын захаар хуучин амьдрал үргэлжилж, хулдаасан цаасны ард нурсан балгаж байж л байсан. Үүнийг нь гадаадын төлөөлөгчид харахгүй хэмээн тооцоолсон удирдлагуудын санаа хэр биелэлээ олсон юм бол доо.
Харин энэхүү чуулганы үеэр гадаадаас хэн хэн ирж, ямар үр дүнд хүрэв гэхээсээ илүү хоёр хатагтай од болон гялалзав. Тэдний нэг нь Ардчиллын төлөө тэмцэгч Ан Сан Су Чи.
Мьянмарын хүний эрхийн төлөө тэмцэгч, Ардчиллын төлөө Үндэсний Лиг намын тэргүүн, Нобелийн шагналт хатагтай Ан Сан Су Чи Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болсон АОХН-ийн сайд нарын VII бага хуралд оролцлоо. Үүний дараа тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хамт “Ардчилал эрх чөлөөнд хүрэх зам" лекц уншсан юм.
Амьдралынхаа 15 жилийг гэрийн хорионд өнгөрүүлсэн, дэлхийн хамгийн алдартай улс төрийн хоригдлуудын нэг, Мьянмар Улсын “Хаврын цэцэг” гэгдэх энэ хатагтайн Монголд ирсэн нь монголчуудын төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байсан юм. Түүний амнаас ямар үг гарах бол гэдэг нь олны сонирхлыг татаж байлаа. Тэрбээр Монголд ирмэгцээ твиттер хуудаснаа “Монгол бол их сайхан цэвэрхэн улс юм. 10 жилийн дараа үүнээс ч илүү сайхан хөгжинө гэдэгт итгэлтэй байна” хэмээн жиргэж байлаа.
Тэр бол  хуучин систем унасны дараагаар ардчилал, хүний эрхийн төлөө хэнээс ч айлгүй, тууштай тэмцэж, бодит үр дүнд хүрч чадсан хуруу дарам цөөн хүний нэг төдийгүй  ардчилал, хүний эрхийн төлөө амь биеэ үл хайрлан тэмцэгч эмэгтэй юм. Хатагтай Ан Сан Су Чи АОХН-ийн сайд нарын VII бага хуралд “Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас илүү хортой. Нийгмийн гажуудлыг засахгүй байх шалтаг болдог” хэмээн хэлсэн нь Монголын үнэн дүр царайг олж хараад түүнийгээ хэлчих шиг болов.
Үнэхээр Монгол Улс ардчиллын замаар 23 жил замнахдаа жинхэнэ ардчилал гээчийг олж харсан билүү. Үүнийгээ ардчилагчид МАН эрх барьж байсантай холбон тайлбарладаг. Гэхдээ энэ хугацааны ихэнхийг нь МАН, АН хоёр хамтарч засгийн эрхийг барьж өнгөрөөсөн. Хамтран ажиллана гэдэг амжилтад хүрч болох хугацаа байсан. Гэвч тэгээгүй. Харин одоо боломж байна. Ардчилсан Ерөнхийлөгч, ардчилсан засаглал бүрдчихээд байгаа. Гэвч засгийн эрхийг гартаа авсан ардчилагчид төрийн албан хаагчдыг намын харъяаллаар хоморголон ажлаас халж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдалд халдаж, төрийн албыг төрлийн алба болгон хувиргасан. Энэ бүгдийг харин хатагтай Ан Сан Су Чи олж харж чаджээ. Тэгэхээр тэр хүн Монгол Улсад ардчилал жинхэнэ утгаараа хөгжөөгүй байна гэдгийг хэлсэн хэрэг. Түүнчлэн тэрбээр “Хүн бүр дор бүртээ нэг ТББ байгууллага байгуулж салангид явахыг дэмждэггүй” хэмээн хэлсэн юм. Битүүхэн хэлсэн энэ үгээрээ нам доторхи олон фракци өөр өөрсдийн эрх ашгийн төлөө явна гэдгийг давхар илэрхийллээ.
Мэдээж айлд ирсэн гийчин амнаасаа муу үг унагадаггүй. Үүнтэй нэгэн адил хатагтай Ан Сан Су Чи Монголын тухай сайн сайхан зүйл олныг ярьсан. Гэсэн ч үгэн дотор үг гэдэгчлэн тэрбээр “Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас илүү хортой” гэдэг үгийг манай эрх баригчдад хэлсэн гэдгийг монголчууд сайн ойлголоо. “Ард иргэд өөрсдөө амьдрал сайжирлаа гэдгийг мэдрэх нь хамгийн чухал” гэдгийг онцолсон түүний үг хатуу ч гэсэн үнэн байсан тул монголчууд Ан Сан Сү Чиг хүндэтгэж байна.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив