Н.Энхбаяргүй сонгуульд Ц.Элбэгдорж, Ө.Энхтүвшин нарын хэн нь ялах вэ
2013 оны 5 сарын 3
Н.Энхбаяргүй сонгуульд Ц.Элбэгдорж, Ө.Энхтүвшин нарын хэн нь ялах вэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сард болно. Тиймээс УИХ-д суудалтай намууд энэ сарын 10-ны дотор Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхээ шийдвэрлэхээр “Морьд”-оо шинжиж байна. МАН-ынхан энэ сарын 4-нд Бага хурлаа хуралдуулж нэр дэвшигчээ тодруулах гэнэ. МАН Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхээ тодруулахаар анхан шатны нэгжээрээ дамжуулж ард олны дунд санал асуулга явуулсан. Одоогийн байдлаар намын дарга Ө.Энхтүвшин, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол нарын нэр тодроод байгаа. Тэгвэл ИЗНН Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ыг дэмжиж оролцоно хэмээн албан бусаар мэдэгдсэн байгаа бол МАХН, МҮАН ямар нэгэн шийдвэр гаргахгүй байдлыг ажигласан байдалтай байна. МАХН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-тай хамтарч оролцож магадгүй гэх битүү ярианаас өөр бодит шийдвэр гаргаагүй байгаа юм.

Харин АН-ынхан энэ сарын 10-ны дотор Гүйцэтгэх товчоо, Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулж нэр дэвшигчээ тодруулахаар болсон. Гэхдээ эрх баригч хүчний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүн нь бараг тодорхой болсон. Энэ бол одоогийн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж. Тэрбээр 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшин, тухайн үеийн Ерөнхийлөгч буюу МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг ялснаар Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч болсон юм. Тэгэхээр АН энэ удаад Ц.Элбэгдоржийг дахин нэр дэвшүүлэх магадлалтай байна. Арга ч үгүй биз. Ардчилсан Ерөнхийлөгч гэгдэж буй Ц.Элбэгдорж 2009 онд Н.Энхбаярт бараг ялагдах шахсан. Сонгуулийн урьдчилсан дүнгээр Н.Энхбаяр илт ялалт байгуулж байсан юм. Орон нутгийн сонгуулийн дүнгээр бол Ц.Элбэгдорж ялагдсан. Харин нийслэлийн санал хураалтын дүнг нэгтгэхэд тэрбээр ялалт байгуулсан юм. Энэ нь одоо хэрнээ олон хүний эргэлзээг төрүүлсээр байгаа.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр Ц.Элбэгдорж тухайн үеийн МАХН-ын удирдлагуудтай нийлж “Хор найруулж” байгаад Н.Энхбаярыг ялсан гэдэг. Тиймдээ ч Н.Энхбаяр МАХН-ынхан Ц.Элбэгдоржтой нийлж байгаад түүнийг “Тонгорчихсон”-д шаралхаж намаасаа өрх тусгаарласан юм. Ерөнхийлөгчийн сонгуулиар Н.Энхбаярыг “Далаар нь тавьсан” Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсныхоо хувьд Н.Энхбаярт ганцхан сайн зүйл хийж өгсөн билээ. Энэ нь МАХН гэдэг нэрийг Н.Энхбаярт бэлэглэсэн явдал байв.
Угтаа Н.Энхбаяр намаасаа гармагцаа МАХН-ыг байгуулах гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газарт МАХН гэсэн товчлол бүхий нэр бүртгэлтэй болсон байлаа. Яаж ч шүүлгээд нэмэргүй болсон тул Монгол ардын хувьсгалт нам гэдэг нэрийнхээ төлөө Н.Энхбаяр шүүхэд хандсан юм. Эцэст нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 оны зургадугаар сард ОХУ руу айлчлахаар явахдаа Дээд шүүхээр Н.Энхбаярт МАХН гэдэг нэрийг өгүүлсэн. Ингэснээрээ Н.Энхбаярт бүрэн боломж олгож, нөгөө талаар МАН-ыг Н.Энхбаяр, Сү.Батболд гэж хоёр хувааж чадсан юм. Эх адаг нь мэдэгдэхээ больсон МАН-ын гишүүд Н.Энхбаяр, Сү.Батболд хоёрыг бараадан хоёр хуваагдах нь тэр. Элбэгээгийн энэ алхам нь өнөөгийн УИХ-д АН-ыг олон болгох суурийг тавьсан явдал байлаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт МАХН нэр бэлэглэх нь МАН-ыг хоёр хувааж чадсан ч энэ жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд түүний хамгийн том өрсөлдөгч нь Н.Энхбаяр хэвээр байсан юм. Н.Энхбаярын ойрын хүний хэлснээр Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг замаасаа зайлуулахын тулд АТГ-аар түүнийг баривчлуулж, улмаар шүүхийн шийдвэрээр ял оноолгон, “Хэцүү нэрт”-ийнд аваачсан байна. Гэвч АТГ-ын сүр дуулиантай баривчилгаанаас болж Н.Энхбаярын нэр хүнд улам өсөж, Ц.Элбэгдоржийнх эсрэгээрээ унаж эхлэв. Ц.Элбэгдорж санасандаа хүрч хамгийн том өрсөлдөгчөө замаасаа зайлуулсан ч түүний нэр хүнд хөдөө орон нутагт 2009 онд байснаасаа ч дордсон гэж хэлж болно. Одоо тэрбээр хөдөө орон нутгийн сонгогчдоос 2009 оныхоос ч бага санал авахаар байна.

Гэтэл өчигдөрхөн нэгэн санал асуулгын дүн гарчээ. Энэ бол “Сант Марал” сангаас өнгөрсөн дөрөвдүгээр сард Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдлын талаар нийслэл болон зарим аймгагт явуулсан судалгаа юм. Уг судалгаанд “Таны бодлоор Монголын төрийн тэргүүний /Ерөнхийлөгчийн/ албан тушаалыг хэн нь хамгийн сайн гүйцэтгэж чадах вэ” гэсэн хэсэг байна. “Сант марал” төвийн гаргасан судалгаагаар Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр, Н.Багабанди, С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан нарын нэр дээгүүр давхисан байна. Гэхдээ энд нэг зүйл байна. Сонгуулийн тухай хуульд зааснаар “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалтын үр дүнг нь хэвлэн нийтлэх, тараах, сурталчлахыг хориглосон” байдаг. Энэ заалтыг “Сант Марал” төвийнхөн сайн мэдэж байгаа. Гэтэл саяхан батлагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.6-д “Аливаа этгээд санал авах өдөр хүртэлх долоо хоногийн хугацаанд нам, нэр дэвшигчдийн талаар санал асуулга явуулах, энэ төрлийн мэдээллийг бүх төрлийн мэдээллийн хэрэгсэл ашиглан нийтлэх, тараахыг хориглоно” хэмээн заачихжээ. Үүнийг “Сант марал” төвийн Л.Сумати тун сайн ашигласан байна шүү. Тэгээд түүний явуулсан судалгааны дүн нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг илүүд үзсэнээр гарсан нь хачирхалтай. Зарим эх сурвалжийн мэдээлснээр бодит амьдрал дээр иргэд С.Ганбаатарыг илүү дэмжиж, түүний араас Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр, Н.Багабанди, Б.Бат-Эрдэнэ, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжэнцан нарыг жагсаасан гэж байгаа. Тэгэхээр Л.Сумати гэгч эрхэм иргэдийн сонголтод нөлөөлөхөөр ийм судалгаа хийсэн үү гэдэг бас л эргэлзээтэй.

Олон нийтэд дэлгэсэн судалгаанаас харахад энэ судалгааг хэн захиалж хийлгэсэн бэ гэдэг нь бараг харагдана. Ардчилсан орнуудын сайд нарын чуулганыг эх орондоо зохион байгуулсан хэмээн АН-ынхан нэлээд шоудлаа. Харин одоо арав хоногийн дотор хэнийг нэр дэвшүүлэхээ шийднэ. Л.Суматигийн гаргасан судалгаагаар бол АН-д Ц.Элбэгдоржоос өөр нэр дэвшихүйц хэмжээний санал авсан хүн алга. Тэгэхээр Ц.Элбэгдорж ногоон гэрлээр нахих нь тодорхой болов. Тэрбээр ингэх л гэж замаасаа зарим нэгнийг зайлуулсан юм хойно. Тэгвэл түүний эсрэг хэн зогсох вэ. Дээр нэр дурьдагдсан МАН-ынхны хэн нэг нь зогсох нь лавтай. МАН-аас олон хүний нэр дуулдаж байгаа ч эх сурвалжийн мэдээлснээр Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан хоёр тунаж байгаа сурагтай. Д.Лүндээжанцан нэр дэвшихэд болохгүй гэх зүйлгүй. Энэ парламентад хамгийн туршлагатай, хашир хуульч. Хэлэх үг, хийх үйлдэл нь тун ч жинтэй нэгэн. Намын дарга Ө.Энхтүвшин ч мөн нэр дэвшихэд нэлээд сайн давхичихна. Улс төрийн туршлага энэ тэрээр хэнээс ч дутахгүй. Түүнчлэн ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН магадгүй МАН-тай хамтарч оролцоно. Ингэвэл ч МАН, МАХН хамтдаа АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг унагаж мэдэх л юм. Тэд 2009 оныг шиг алдаагаа давтахгүй л болов уу.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив