Ц.Элбэгдоржтой АН-аас хэн өрсөлдөх вэ
2013 оны 5 сарын 7
Ц.Элбэгдоржтой АН-аас хэн өрсөлдөх вэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болоход нэр сар гаруйн хугацаа үлдлээ. УИХ-д суудалтай намууд энэ сарын 10-ны дотор нэр дэвшигчээ тодруулж, зарлах ёстой. Тиймээс МАН өнгөрсөн амралтын өдрүүдэд Бага хурлаа хуралдуулж Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодрууллаа. Өөрөөр хэлбэл улс төрийн ууган хүчин анхан шатны нэгжээсээ эхлээд Бага хурал хүртлээ шат дараалсан саналаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр болсноо зарлав. УИХ-ын гишүүн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Даяар дурсагдах Далай Даян Дархан аварга, Хуульзүйн ухааны доктор, Цагдаагийн хурандаа Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг Ерөнхийлөгчид нэр дэвших болсныг олон нийт өөр өөрийн өнцгөөс хүлээн авч байна. Зарим нь бөх хүнээр тэргүүнээ болгох гэлээ хэмээн дургүйцэж байвч ихэнх нь түүнийг нэр цэвэр, эх оронч, газар шорооныхоо төлөө хувиралтгүй тэмцэгч хэмээн баяртайгаар хүлээн авч байна.

МАН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ зарлачихлаа. Тэгвэл эрх баригч хүчин хэнийг нэр дэвшүүлэх вэ. Олон нийтийн дунд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэр дэвших нь тодорхой хэмээх яриа байгаа. Энэ ч яах вэ. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэлдгээр өмнөх эрх баригч хүчний тогтоосон жишиг байх. Учир нь Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди нар тус тус дараалан нэр дэвшиж тасралтгүй найман жил Ерөнхийлөгч хийж байсан. Тэгвэл Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр мөн л хоёр удаа нэр дэвшиж байсан юм. Гэхдээ тэрбээр өмнөх хоёр Ерөнхийлөгч шигээ үргэлжлүүлэн суудалдаа үлдэж чадаагүй. Түүнийг 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-аас нэр дэвшсэн Ц.Элбэгдорж өвдөг шороодуулснаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дөрвөн жил ажиллаж байгаа нь энэ.

Сунайсан дөрвөн жилийг ардаа орхисон Ц.Элбэгдорж энэ өдрүүдэд нэгийг бодож, нөгөөг тунгааж буй биз ээ. Тэрбээр УИХ-ын 2012 оны сонгууль болохоос хоёр хоногийн өмнө буюу өнгөрсөн жилийн зургадугаар сарын 26-нд Монголын үндэсний олон нийтийн телевизээр УИХ-ын гишүүдэд хандаж “Хавар, хаварт махны үнэ нэмэгддэгийг мэддэг хэрнээ зохицуулж чадаагүй. Шатахуунаа гурван сараар нөөцөлж аваагүй, Замын үүдийн хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулаагүй, төмөр замын асуудал шийдвэрлээгүй. Энэ бүгд үнийн өсөлтөд нөлөөлж, үүнээс үүдэн ард түмний амьдрал доройтоход хүрлээ. УИХ, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид дөрвөн жил идэвх багатай сууж байгаад сүүлийн дөрвөн сард нь бөөн бөөн асуудал шийдэх гэж гүйлддэг. Ингээд сонгуулийн үеэр их сайн асуудлыг шийддэг улсууд болох гэж оролддог дутагдалтай. Энэ дутагдлыг арилгахын тулд “Та бүхэн хийх ёстой ажлаа дөрвөн жилдээ хий. Гишүүн болж ирсэн эхний өдрөөсөө л ажлаа хийж эхэл. Сонгуулийн үеэр та бүхэн ард түмэнд юу амлаад явж байсан видео, TV бичлэгүүдээ үз. Цаасан тэмдэглэл, мөрийн хөтөлбөрөө эргэж нэг унш. Аудио бичлэгээ эргэж нэг сонс. Ер нь сард юмуу долоо хоногт нэг удаа “Би чинь тэр үед юу ярьж явлаа” гэдгээ эргээд нэг харж байх нь маш их чухал. Тэндээс таны хийх гэж байгаа ажил, тэндээс ард түмний хүсэж мөрөөдөж байгаа зүйл гарч ирнэ” гэж хэлж байсан билээ. Тэгвэл яг одоо энэ үгс түүний толгойд орж буй биз ээ.

Учир нь АН маргааш ҮЗХ-гоо хуралдуулах гэж байна. Түүгээр Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхээ шийднэ. Олон нийтийн дунд Элбэгээ нэр дэвших нь тодорхой хэмээх сул яриа явж байгаа ч АН-ынхан нэг суудалд нэгнээ олон жил суулгахыг төдийлөн хүсдэггүй гэдэг яриа ч бий. Тэгэхээр Ерөнхийлөгчийн суудалд ч нэг хүнийг дархлаад суулгах биш олуулаа ээлжилж суух хүсэлтэй ч байж мэдэх. Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой өрсөлдөж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүн АН дотор байгаа юу гэдэг асуулт гарч ирнэ. АН хэдийгээр МАН шиг 90 гаруй настай биш ч гэлээ нам дотор тодорхой лидерүүд байж л байгаа. тэдний дундаас Элбэгээгийн хамгийн том өрсөлдөгч нь Э.Бат-Үүл. Тэрбээр өнгөрсөн 2009 онд АН-ын ҮЗХ-ны хуралдаанаар Ц.Элбэгдоржид ялагдчихаад бараг л уйлж байсан хүн. Тиймээс “Би хашгирмаар байна” хэмээн нийтлэл хүртэл бичиж байсан. Одоо тэрбээр даагаа нэхэхгүй гэсэн баталгаа байхгүй. Түүний хувьд хотын мэр болсноосоо хойш нийслэлчүүдийн хүндэтгэлийг багагүй хүртээд байгаа. хамгийн сүүлд л гэхэд Ардчилсан орнуудын сайд нарын долдугаар бага хурлын өмнө нийслэлийг хэдхэн хоногийн дотор цэвэрхэн болгож, муу муухайг нь хэрхэн нууж болдгийг харуулж чадсан.

Хотын мэр Э.Бат-Үүлээс гадна Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой өрсөлдөх хүмүүсийн тоонд Р.Гончигдорж багтаж байлаа. Гончигоог Ерөнхийлөгч боллоо гэхэд нэг их гайхах хүн байхгүй. Гэвч түүнийг одоогоор УИХ-ын дэд даргад зүтгүүлж байгаа болохоор Элбэгээтэй өрсөлдүүлэх нь юу л бол. Харин Ерөнхийлөгчийн хамгийн том өрсөлдөгчөөр “Женко” Х.Баттулга тодроод байна. МоАХ-г гартаа авсан тэрбээр УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө намын даргын суудалд суух хүний тоонд багтаж байлаа. Түүнээс гадна МоАХ-аас жил бүр ахмадуудад орон сууц гардуулдаг төдийгүй нийслэл, орон нутагт ч нэр хүнд сайтай байгаа. Үүнийг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж аль эрт мэдэрсэн бололтой. Сүүлийн үед мань хоёр жаахан түнжин муутай болсон. Ямар сайндаа л Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Женко”-г олон нийтийн сүлжээгээр буюу твиттер хуудсаар “гүлдийгээд” хэмээн загнах вэ дээ.

АН-ын ҮЗХ маргааш хуралдана. Тэр хурлаас ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржийг уу, эсвэл өөр хэн нэгнийг нэр дэвшүүлэх үү гэдэг нь тодорхой болно.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив