Ц.Элбэгдорж “Женко” Х.Баттулгатай уулзаж, нэрээ дэвшүүлэхгүй байхыг ятгажээ
2013 оны 5 сарын 13
Ц.Элбэгдорж “Женко” Х.Баттулгатай уулзаж, нэрээ дэвшүүлэхгүй байхыг ятгажээ
Ардчилсан намын ҮЗХ өчигдөр хуралдаж ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодрууллаа. Хачирхалтай нь Ардчилсан намын олон мянган гишүүдээс ганцхан хүн Ерөнхийлөгчид нэр дэвшихээ илэрхийлж, түүнийг ҮЗХ-ны 186 гишүүн дуу нэгтэйгээр гар өргөн нэр дэвшүүлэхийг дэмжив. Ардчилсан нэртэй энэ намын эл үйлдэл олныг алмайруулж орхив. АН-д үнэхээр Ц.Элбэгдоржтой өрсөлдөх лидер байхгүй гэсэн үг үү. Эсвэл Ц.Элбэгдорж намын гишүүдээ “Азаргалаад” гараад ирэв үү гэдэг нь ард түмний анхаарлыг ихэд татлаа. Хэдхэн хоногийн өмнө коммунистаараа дуудуулдаг МАН-ынхан Бага хурлаа хуралдуулж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулсан. Тэгэхдээ бүр гурав дахин санал хураалт явуулж байж УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ намын дарга Ө.Энхтүвшинээс олон санал авснаар нэр дэвших эрхтэй болсон юм. МАН-ын удирдлагын зохион байгууллалттай, гишүүдээ сонсдоггүй хэмээн шүүмжилдэг. УИХ-ын гишүүн Д.Арвин ч мөн ийм шалтгаанаар намаасаа гарч АН-д элссэн. Тэгвэл тэд өөрчлөгдөж чадсан байна. Тэд гишүүдийнхээ үгийг сонссон төдийгүй бүр анхан шатныхаа нэгжээр дамжуулж, ард олны дунд санал асуулга явуулж, тэдний санал өгсөн хүнийг Ерөнхийлөгийн сонгуульд нэр дэвшүүлж байна. Тэгвэл АН эсрэгээрээ. Жинхэнэ удирдлагууд нь сууж байгаад л одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг 100 хувийн саналаар нэр дэвшүүлэхээр болчихов. Бодууштай л зүйл.

Ардчилсан нам дотор Ц.Элбэгдоржийн өмнөөс үг хэлж, түүнтэй өрсөлдөх зоригтон байхгүй байна гэдэг нь хуучин МАХН-ын системд орчихсон гэсэн үг биш гэж үү. УИХ-ын гишүүн М.Батчимэг “АН-д хуучин МАХН-ын Улс төрийн товчоо бий болчихоод байна” хэмээн хэлж байсан удаатай. Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан энэ эмэгтэй бүсгүй хүний нүдээр болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг аль эрт харчихаж ээ. Харин түүнийг ингэж хэлснийх нь төлөө намын нөхөд нь баахан боорлосон сураг байсан. Гэхдээ яагаад. Тэр хатагтай үнэнийг л хэлсэн байна шүү дээ. Түүний үнэн байсныг өчигдрийн болсон ҮЗХ-ны хуралдаан батлаад өгчихлөө. Бас УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Би коммунист АН-д хэзээ ч элсэхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр үнэхээр АН ардчилсан гэх баг зүүчихээд ард түмний толгойг эргүүлээд байгаа юм биш үү.

ҮЗХ-ны гишүүдээс 100 хувийн санал авсан Ц.Элбэгдорж өнөөдөр Буянт-Ухаа дахь Спорт цогцолборт Ерөнхийлөгчид нэр дэвших батламжаа гардаж авна. Гэхдээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боллоо гэсэн мэдээлэл уншсан, сонссон хэн ч талархаж хүлээж авсангүй. Харин түүний дэргэд Ц.Оюундарийг АН-ын генсек боллоо гэхэд олон хүн баяр хүргэж харагдана билээ. Тэгэхээр юу гэсэн үг вэ. Ерөнхийлөгч ганцаараа лидер гэдэгт итгэснээс үү, эсвэл Ерөнхийлөгч угаасаа л ганцаараа нэр дэвшээд, 100 хувийн санал авна гэдгийг мэдэж байснаас уу. Ямартай ч түүнийг дахин нэр дэвших болсонд хүмүүс нэг их хөөрцөглөсөнгүй. Угтаа АН-д Ц.Элбэгдоржоос өөр лидер байхгүй гэвэл худлаа. Харин Ц.Элбэгдорж гэдэг хүн АН-ыг өмчилчихөж гэвэл үнэнд ойрхон тусахаар харагдаж байна.

Гэхдээ яагаад Ц.Элбэгдоржид АН дотор өрсөлдөгч гарч ирсэнгүй вэ гэдэг нь ард түмний анхаарлыг ихээр татаж байгаа юм. Хэд хоногийн өмнөөс байтугай хэдэн жилийн өмнөөс Э.Бат-Үүлийг Ерөнхийлөгч болоход гэмгүй гэх хүн байсан. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар цөөхөн хүний санал дутуу ялагдсан Э.Бат-Үүл бараг хашгирч, уйлж байлаа. Магадгүй тэрбээр Элбэгээ нэг дээш гарчихвал буухгүй гэдгийг мэдэж байсан ч байж магадгүй. Тэмээ хариулсан хүн буурынхаа занг анддаггүй гэдэг дээ. Тиймээс л Э.Бат-Үүл Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ гаргаагүй байх. Түүнээс гадна Р.Гончигдорж, “Женко” Х.Баттулга, З.Энхболд гээд Ерөнхийлөгчид зүтгүүлчихээр хүн АН-д зөндөө бий. Бүр “Апу”-гийн Г.Батхүү ч нэр дэвшихэд болохгүй гэх зүйлгүй хэмээн олон нийт үзэж байсан. Харин дээрх хүмүүсээс хамгийн магадлалтай нь “Женко” Х.Баттулга байсан юм. Түүнийг олон нийт хайрлаж, хүндэлдэг. Түүний дээр АН-д нэлээд нөлөө бүхий хүн. Гэсэн ч тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөнгүй. Өөрөө хүсээгүй гэвэл тийм биш гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр өчигдөр болсон ҮЗХ-ны хуралдаанаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг хэлэлцэхээс өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Женко” Х.Баттулгыг Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өрөөнд дуудаж уулзжээ. Тэд нэлээд удаан ярилцаж суусан бөгөөд энэ үеэр Элбэгээ “Женко”-г нэр дэвших хүсэлт гаргахгүй байхыг ятгасан аж. Үнэхээр ч “Женко” бол АН дотроо Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамгийн том өрсөлдөгч гэдгийг тэрбээр аль эрт ойлгочихсон байснаас ийм үйлдэл хийсэн бололтой.

Нөгөө талаар УИХ-ын 2012 оны сонгуулиар АН олон болж, Засгийн газраа байгуулах үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэг зүйлийг маш тодорхой хэлсэн. Тэрбээр “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохгүй. Хууль тогтоох байгууллагын хүн хэрэгжүүлэх байгууллагад байх нь зохимжгүй. Би үүнийг байнга хэлдэг” хэмээж байлаа. Яг үүнтэй ижил үгийг АН-ын гишүүд өнгөрсөн оны нэгдүгээр сард хамтарсан Засгийн газраас гарсныхаа дараа хэлж байсан. Тодруулбал, 2012 оны нэгдүгээр сарын 26-нд хуралдсан АН-ын бүлгийн хуралдаанаараа УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх ёсгүй гэдэг байр суурин дээрээ хатуу зогсож буй гэдгээ илэрхийлж, мөн Шадар сайдын үүрэг дахин байх шаардлагагүй хэмээж байлаа. Магадгүй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд Н.Алтанхуягт дээрх үгийг сануулж байсан биз. Гэвч Н.Алтанхуяг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үгэнд ороогүйгээр барахгүй шинэчлэлийн гэх Засгийн газрынхаа сайд нарын 80 хувийг УИХ-ын гишүүдээс бүрдүүлсэн юм. Тухайн үед олон нийт Н.Алтанхуяг их том толгойтой болж, Ерөнхийлөгчийн үгэнд орсонгүй хэмээж байсан. Тэгвэл Н.Алтанхуяг том толгойтойдоо биш, толгойгоо сайн ажиллуулсан учраас аппаратаа ингэж бүрдүүлж чаджээ. Эх сурвалжийн мэдээлснээр тухайн үед Н.Алтанхуяг сайд нарынхаа нэрийг Ерөнхийлөгчид өргөн барихдаа нэг зүйл дээр тохиролцсон гэнэ. Тэр бол 2013 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржийг нам дотор ямарч өрсөлдөгчгүйгээр гаргаж ирэх, нэг ёсондоо ҮЗХ-ны хурлаар 100 хувийн саналтайгаар Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх гэсэн тохироо байжээ. Тэр нь ч биелэв.

Ямартай ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвших эрхээ авчихлаа. Одоо түүнийг ард түмний хайртай аварга, нэгэн цагт түүнтэй, дараа нь түүний өрсөлдөгч Н.Энхбаяртай шадарлаж явсан М.Энхсайхан нар хүлээж байгаа.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив