“Ажнай” Д.Бат-Эрдэнэ 20 тэрбумын орлогоороо УИХ-ын гишүүдийг манлайллаа
2013 оны 5 сарын 13
“Ажнай” Д.Бат-Эрдэнэ 20 тэрбумын орлогоороо УИХ-ын гишүүдийг манлайллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирж, УИХ-д суудалтай намууд нэр дэвшигчээ тодруулсан халуухан өдрүүд үргэлжилж байна. Ирэх дөрвөн жилд Төрийн тэргүүн хэн байх вэ гэдэг нь олны анхаарлын төвд байх зуур Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг нийтлэгдсэн нь мөн л хүмүүсийн сонирхлыг татлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчид хоёр дахь удаагаа нэр дэвшиж байгаа Ц.Элбэгдоржийн нэг жилийн орлого 118 сая 462 мянган төгрөг аж. 1990-ээд оны үед ардчиллын тугийг хийсгэж явахдаа “Малын малчинд нь өгөх ёстой” гэдэг уриалгыг гаргаж байсан Ерөнхийлөгч маань гурван үхэр, 20 хонь, 25 адуу, 15 ямаатай аж. Түүнчлэн тэрбээр 418 сая 911 мянган төгрөгөөр үнэлэгдсэн нэг орон сууцтай, унах унаагүй нэгэн юм байна. Муштааг, Анх Эрдэнэ, АСУ, Женко тур бюро, Ремикон компаниуд болон Либерти дээд сургуулийн хувьцаа эзэмшдэг. Дансандаа 75 сая 459 мянган төгрөгийн хадгаламжтай.

Тэгвэл УИХ-ын шинэхэн дарга З.Энхболд мөн л унах унаагүй нэгэн гэнэ. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг Lexus-570, Lexus-470 гэсэн хоёр машин хөлөглөдөг ажээ.

Олны анхаарлыг ихэд татаж буй зүйл нь гэр хороололд амьдардаг УИХ-ын гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэг байлаа. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийн өөрийн орлого нь 30 сая 254 мянган төгрөг. Харин гэр бүлийн гишүүн нь зургаан сая 876 мянган төгрөг аж. Орон сууц, үйлдвэр үйлчилгээ явуулдаг барилга байгууламж байхгүй. 15 сая төгрөгөөр үнэлэгдсэн хашаа байшинд амьдардаг. Засгаас өгсөн унааг голсон гэдэг нэр зүүгээд амжсан гишүүн бүсгүй маань Hyundai, Sonata V-2, Jeep-1 ийм хоёр машинтай. 28 адуу, 120 хоньтой, 18 үхэртэй. Иргэн Н.Даваасүрэнгээс 22 сая төгрөгийн авлагатай бол ХААН банкид зургаан сая төгрөгийн зээлтэй, ямар нэгэн компанийн хувьцаа эзэмшдэггүй хэмээн хөрөнгө орлогоо мэдүүлжээ.

Тэгвэл З.Баянсэлэнгэ гишүүнтэй мөр зэрэгцэн орж ирсэн УИХ-ын гишүүн Г.Уянгын өөрийн орлого 22 сая 945 мянга, гэр бүлийн гишүүний орлого 12 сая төгрөг юм байна. Нэг орон сууц, хоёр барилга байгууламжтай. 25 сая төгрөгийн үнэтэй Toyota, Corolla машинтай. Хувь хүнээс таван сая төгрөгийн авлагатай. “Улс төрийн сонин” ХХК-ийн 10 хувийг эзэмшдэг.

Төрийн дээд албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг үзсэн олон нийтийн хамгийн их анхаарал татсан нэг зүйл нь Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж байртай болсон явдал байлаа. Ц.Нямдорж гишүүн өнгөрсөн жил 150 сая төгрөгөөр үнэлэгдсэн орон сууцтай болжээ. Гэвч тэрбээр Үндэсний хөрөнгө оруулалтын банкид 89 сая төгрөгийн зээлтэй ажээ. Түүнд хувь эзэмшдэг компани бараг байхгүй. Учир нь тэрбээр төрөөс иргэн бүрт олгосон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2144ш хувьцаатай юм байна. Гэвч энэ хувьцааныхаа үр шимийг хүртэж амжаагүй байгаа нэгэн.

Хөрөнгө орлогын мэдүүлгийн хамгийн их жин дарж, хамгийн их талбай эзэлж байгаа гишүүд бол Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Лу.Болд, УИХ-ын гишүүн Г.Батхүү, “Женко” Х.Баттулга, Н.Номтойбаяр, Б.Наранхүү, О.Содбилэг, Б.Чойжилсүрэн, Ж.Энхбаяр нар байлаа.

УИХ-ын гишүүн Г.Батхүү нэг тэрбум 18 сая 557 мянган төгрөгийн орлоготой бол эхнэр, хүүхдээ хөлөг онгоцоор зугаалуулдаг хэмээгддэг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ 20 тэрбум наймас сая, 880 мянган төгрөгийн орлогтойгоор УИХ-ын гишүүдийн толгой баян гэдгээ харууллаа. Түүний гэр бүлийн гишүүний орлого 324 сая төгрөг бөгөөд нэг тэрбум 680 сая төгрөгөөр үнэлсэн гурван орон сууцтай, 190 саяар үнэлэгдсэн хоёр автомашинтай аж.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив