Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг өршөөх талаар бодож эхэлжээ
2013 оны 5 сарын 22
Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг өршөөх талаар бодож эхэлжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАХН-ын дарга Н.Энхбаярыг өршөөж магадгүй гэнэ. Гэхдээ ингэхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандаж өргөдөл бичих ёстой гэнэ.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 12-ны өглөө 06:40 цагийн үед АТГ-ынхан МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрийнх нь үүдийг эвдлэн орж баривчлан, бор оймсыг нь гозолзуулан баривчилсан билээ. Тэрбээр баривчлагдсаныхаа дараа 11 хоног хуурай өлсгөлөн зарласан бөгөөд түүнээс хойш өнөөг хүртэл Н.Энхбаярын бие сайнгүй байгаа. Одоо ч тэрбээр Сайд нарын гэгддэг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярт өнгөрсөн оны наймдугаар сарын 2-нд нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхээс “Н.Энхбаярыг дангаараа болон бусадтай бүлэг¬лэн албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлэн онц их хэмжээний хохирол учруулсан, мөн төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан аж ахуйн нэгж байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан” хэмээн үзэж дөрвөн жилээр хорих ял оноосон юм. Харин үүнийг нь Улсын дээд шүүх хянан хэлэлцээд Н.Энхбаяр нь Япон улсын Буддын шашны Агоншү шашны байгууллагаас ирүүлсэн телевизийн тоног төхөөрөмжийг завшсан болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, Ж.Мягмаржаргалтай хамтран "Эрдэнэт үйлдвэр" ХХК-д онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлүүдийг шалгасан хэдий ч хангалттай нотлогдож тогтоогдоогүй байна гэж үзэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнд анхан шатны шүүхээс оноосон дөрвөн жилийн ялыг 2.6 жил болгон хөнгөлсөн юм.

Хэдийгээр Улсын дээд шүүх түүний ялыг хөнгөлсөн ч Н.Энхбаяр болон түүний гэр бүл, намын нөхөд нь түүнийг улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж, хилсээр ял сонссон хэмээн үзэж байгаа. Нөгөө талаар МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал муу байгаа төдийгүй, түүнийг гадаадад явж эмчлүүлэх шаардлагатай хэмээсэн байна. Тиймээс Н.Энхбаяр өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын Ерөнхий прокурорын газар, Эрүүл мэндийн яаманд хандаж хүсэлтээ хүргүүлжээ. Тэрбээр “Миний бие өнгөрсөн жилийн өлсгөлөнгөөс хойш сул дорой хэвээр байгаа бөгөөд мэр¬гэжлийн эмч нарын комиссын зүгээс ял эдлэх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Энэ бүхнийг харгалзан үзэж намайг эрүүл мэндийн шалтгаанаар хуулийн дагуу чөлөөлөх асуудлыг яаралтай шийдэж өгөх хүсэлтийг тавьж байна. Мөн миний биеийг мэргэжлийн эмч нар гадаадад яаралтай явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасныг харгалзан үзэхийг хүсч байна” гэсэн байлаа. Гэвч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын Ерөнхий прокурорын газар түүнд нааштай хариу ирүүлээгүй байна.

Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлж байгаагаар амь нас нь хутганы ирэн дээр байгаа Н.Энхбаяр буруу газраа хүсэлт гаргасан бололтой. Тэрбээр шууд л Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүсэлт гаргах хэрэгтэй байж. Хэрэв Н.Энхбаяр өөрөө хүсэлтээ ирүүлбэл түүнийг өршөөх талаар бодож үзнэ гэдгээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ илэрхийлсэн юм.

Н.Энхбаярыг баривчилсан мөчөөс эхлэн түүний эхнэр О.Цолмонгоос эхлээд МАХН-ын гишүүд, Н.Энхбаярыг дэмжигчид “Энэ хүний улс төрийн зорилгоор баривчилсан нь Ц.Элбэгдоржийн явуулга” хэмээж байсан. Бүр “Алдарт эх”-ийн одонтой эхчүүд өлсгөлөн зарлаж ч үзсэн. ХаринЕрөнхийлөгч Ц.Элбэгдорж ганц үг ган хийхгүй өдийг хүрсэн билээ.

Тэгвэл ямар салхи үлээгээд Ц.Элбэгдорж Н.Энхбаярын талаар бодож эхлэв ээ. Ц.Элбэгдорж ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшихээр болж, СЕХ хоёр хоногийн дараа түүнд нэр дэвшигчийн батламжийг нь гардуулах гэж байна. Н.Энхбаярыг баривчилсан цагаас хойш авлигачийг баривчилсан хэмээн ам бардам хэлж, “Хорхойтсон баавгайнууд үүрэндээ орлоо. Хууль, шүүхийнхэн маань авлигачдыг хорьж, шийтгэж байна. Гэвч тэд хорихоос мөнгөө удирдаж байна. Хорихоос гар хөлөө хөдөлгөж байна. Тайвширч болохгүй” хэмээж байсан. Гэтэл тэрбээр өнөөдөр түүнийг өршөөх талаар бодож эхлэсэн нь юуны учир вэ.

Мэдээж удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. Н.Энхбаярыг сүр дуулиантай баривчилсан тэр мөчөөс эхлэн Ц.Элбэгдоржийн нэр хүнд асар их унасан. Тэгэхдээ бүр хөдөө орон нутагт бол шалдаа буучихаад байгаа. Тиймээс мань хүн Н.Энхбаярыг өршөөснөөр унаад байгаа нэр хүндээ жаахан ч атугай өсгөх магадлалтай юм. Нөгөө талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг биеэ үзүүлэх нэрийдлээр хоёрдугаар эмнэлэг орж, Н.Энхбаяртай уулзсан гэх мэдээлэл ч бий. Тэгэхээр тэр хоёрын дунд ямар нэгэн тохироо явж байж ч болох гэж үзэх хүн олон байгаа. Угтаа манай Ерөнхийлөгч өршөөх хүнээ өршөөж чаддаг. Тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сард цаазаар авах ял сонссон Н.Мөнх-Оргил гэгчийн ялыг 30 жил болгон өөрчилсөн. Харамсалтай нь бага насны дөрвөн охиныг хүчирхийлж, заримынх нь амийг бүрэлгэсэн тэрхүү бусармаг эрд өршөөл үзүүлсэнд бухимдах хүн олон байсан юм. Харин одоо Н.Энхбаярыг өргөдөл бичих л юм бол бодож үзнэ хэмээж сууна.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив