Ой гаруй настай хүүхэд согтуу жолоочийн балгаас болж халуун пийшинд дарагджээ
2013 оны 5 сарын 22
Ой гаруй настай хүүхэд согтуу жолоочийн балгаас болж халуун пийшинд дарагджээ
Согтуу жолооч айлын гэр дайрснаас ой гаруй насны хүүхэд түлэгдсэн гэх мэдээлэл сонсоод Түлэнхийн төв буюу Мөнгөн гүүр эмнэлгийг зорилоо. Мөнгөн гүүр эмнэлэгт олон хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа ч түүн шиг хөлчүү нэгний балгаар ирсэн нь үгүй.
  
    Эх сурвалжийн мэдээлснээр ой гаруй насны хүүхэд гэрийнхээ хойморьт суугаад хооллож байсан гэнэ. Ээж нь хүүхдийнхээ хажууд сууж байсан бөгөөд бүх зүйл гэнэт болсон байна. Харамсалтай нь согтуу жолооч айлын гэр дайрах явцад бяцхан хүүхдийн дээрээс халуун пийшин унажээ. Пийшинд даруулсан бяцхан хүүхэд байтугай том хүн ч хөдлөхөд бэрх. Тэгэхээр тэр хүүхдийг гаргаж автал халуун пийшинд шарагдсан гэсэн үг. Эмнэлгийн ажилтны хэлж байгаагаар хүүхдийн арьс хуйхалсан толгой шиг болчихсон байсан гэнэ. Харин эмчлэгч эмч нь “Уг нь түлэгдсэн хүүхдийг нэгээс гурав хоногийн дараа хагалгаанд оруулдаг. Харин энэ хүүхдийг яаратай хагалгаанд оруулж, амь насыг нь аврах шаардлагатай байсан тул хагалгаа хийсэн. Бид одоогоор хүүхдийн амь насыг аврахад л бүх анхаарлаа хандуулж байна. Одоо бол хүүхдийн гоо сайхны асуудал чухал биш, хамгийн гол нь амийг нь аврах л чухал байна” гэлээ. Илүү тодорхой мэдээлэл авч чадсангүй. Хүний амь насыг аврахаар яарч байгаа эмчээс илүү ихийг асуух нь илүүц биз ээ.

    Бяцхан хүүхдийн ээж Завхан аймгийн Отгон сумын иргэн н.Эрдэнэцэцэг болон хүүгийн ааваас тодруулга авах гэсэн боловч тэд ярилцлага өгөхийг хүссэнгүй. Чухам яагаад ярилцлага өгөхгүй байгааг асуусан ч тэд юм дуугарсангүй. Харин согтуу жолооч танай хамаатан садан байсан юм уу гэхэд үгүй гэлээ. Харин нэг нутаг усны хүмүүс гэдгээс өөрийг хэлсэнгүй. Бяцхан хүүхдээ сахиж байгаа ээж, аавын буруу гэж ч юу байх вэ дээ хэмээн бодоод н.Эрдэнэцэцэгийн ахаас тодруулахад тэрбээр мөн л цааргалав. Тэрбээр “Энэ хэрэг одоогоор мөрдөн байцаалтын шатанд явж байгаа учир ямар нэг зүйл яримааргүй байна. Ямар ч байсан эхлээд хүүхдийнхээ биеийг эмчлүүлэх хэрэгтэй байна” гэлээ.
    Хүүхдийн ээж тав, зургаан сартай болов уу гэмээр хөл хүнд бүсгүй байлаа. Үрийнхээ төлөө энэлэн шаналж байгаа тэднийг зовоохыг хүссэнгүй. Харин ямар хүн согтуугаар машин жолоодож, хүний бяцхан үрийг хуйхалсан толгой мэт болгочихов гэдэг л анхаарлын төвд байсаар байна. Хүүхдийн гэр бүлийнхэн магадгүй нэг нутаг усны хүмүүс болохоороо хүн чанар гаргасан байх. Энэ бол монгол хүний тэр дундаа хөдөөгийнхний хүн хүнээ гэсэн хүнлэг зан. Энхрий бяцхан үр нь үхэлтэй тэмцэн уйлан байхад тэд нутгийн хүнийхээ нэр усыг ч хэлсэнгүй. Ах дүү, амраг садан, найз нөхөд ч биш. Зүгээр нэг голын хүмүүс. Тэдний сайхан сэтгэлийг тэр хүн ойлгож байгаа юу гэдэгт л асуудлын гол зангилаа юм.
Нөгөө талаар хүүхэд эмнэлэгт ирээд гурав хонож байна. Гэхдээ цэцэг цэврүү шиг бяцхан хүүхдийн бие хэзээ эрүүлжиж, хэзээ урьдын адил бүтэн арьстай болох вэ. Эмнэлгийн ажилтны хэлснээр энэ хүүхдийг Солонгост аваачиж мэс засал хийлгэвэл илүү хурдан бөгөөд үр дүнтэй гэнэ. Манайд арьс нөхөх мэс засал хийдэг ч хүүхдийн хувьд дэндүү балчир, нөгөө талаас нэлээд удаан эмнэлэгт хэвтэх юм байна. Хэдийгээр манай эмч нар хагалгаа хийж, эрүүл  саруул болгосон ч цомирлогоо нээж буй цэцэг шиг энхрийхэн хүүхдийн бие өмнөх шигээ болох уу гэдэг бас л эргэлзээтэй.

    Хэн ч байсан дөнгөж хурууныхаа үзүүрийг халуун плиткад хүргэхэд ямар их хорсож, өвддөг билээ. Тэгвэл тэр бяцхан үр тэрнээс хэдэн зуу дахин их шаналалтай тэмцэж хэвтэнэ. Хөл хүнд ээж, хөөрхий аав нь түүний дэргэд байна. Гэхдээ л согтуугийн балгаар нэгэн гэр бүл эмнэлгийн өрөөнд шаналж байна. Хэдэн сар эмнэлгээр эргэлдэхийг хэлэхэд арай эрт аж. Гэхдээ тэр тэнгэрээс заяасан юм хойно хурдан эдгэрэх байх.

    Хүүхэд гэдэг бидэнд бурхнаас заяасан бэлэг. Харин балмад нэгний болчимгүй үйлдлээс болж сүүлийн үед хэчнээн ч хүүхэд бие болоод сэтгэлийн шарх эдэлж байна даа хэмээн бодсоор эмнэлгээс гарлаа. Согтуу жолоочийн тухай бодсоор ажил дээрээ ирэхэд “Согтуу жолоочийн балгаар хоёр айл орон гэргүй болж, нэг хүн амиа алдлаа” гэх харамсалтай мэдээ дуулдлаа. Цөөхөн хэдэн монголчууд минь ээ. Юу л болоод байна даа.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив