Гярхай нийгэм
2013 оны 5 сарын 23
Хөгжсөн нийгэм гэж гярхай нийгмийг хэлдэг юм байна гэсэн бодолд өөрийн эрхгүй хүрч байна. Үүнийг нотлох олон жишээ бий. Санаанд орж буй жишээг энд тэмдэглье гэж бодлоо. Миний олон жилийн өмнө танилцсан найз япон эмэгтэй нэгэнтээ сонин яриа дэлгэж билээ. Тэрбээр,
-    Япон эмэгтэй хүн өнөөдөр өмссөн хувцастайгаа маргааш нь ажил дээрээ ирдэггүй юм гэв.
Би тэр үед ядуу монгол орны картын барааны гишүүн иргэн байсан (одоо ч гэсэн бараг хэвээрээ баяжиж төлжсөн юм алга) хүний хувьд гайхаж: “ Япон хүн гэдэг замбараагүй олон хувцастай хүн байдаг хэрэг дээ” гэж бодоод,
-    Урд өдөр нь өмсөж байсан хувцастайгаа өнөөдөр ажилдаа ирэхэд юу нь болохгүй гэж? Би жишээ нь нэг костюмыг долоо хоног өмсөөд туучихдаг юм гэж залав.
“Залав” гэдгийн учир нь 90-ээд оны эхэн үед надад уртаашаа хоёр ээлжийн костюм л байсан хэрэг. Аль нэг костюмаа сар дамналдуулан өмсөх бол миний хувьд байдаг л нэгэн жирийнээс жирийн үзэгдэл байв.
 Тэгээд би,
-    Япон эмэгтэй болгон 365 хувцастай байх хэрэг үү? гэсэн асуулт асууж  мангарлав.     
Тэгтэл Япоша ( миний бие тэр япон эмэгтэйг дотроо ингэж нэрлэж байв) маань намайг шоолон жиг жиг инээж,
-    Чи буруу ойлгож  байна гээд бас цаашаа үргэлжлүүлж жиг жиг хийгээд
улам намайг ичээв. Би өтгөн бантанд хөл, гэдсээ дүрчихсэн ялаа шиг хачин боллоо. Энэ чинээлэг орны соёлтой эмэгтэйд тактикийн бус асуулт тавилаа даа гэж сандарсан хэрэг.
-    Үгүй, тэгээд өдөр болгон хувцсаа сольж өмсөхийн ач холбогдол юу байна аа? гээд арга ядсандаа хашрахгүй дахин мангарлав.
-    Гэтэл өнөөх маань өдөр болгон хувцсаа бүгдийг нь сольж өмсөхгүй шүү дээ? Хүзүүнийхээ зүүлтийг ч юм уу, эсвэл гутал, цамц, цүнх, ороолт зэргээ сольж ирнэ шүү дээ гэлээ.
Би гайхан балартаж,
-     Үгүй тэгээд, ач холбогдол нь юу байна аа? гэж асуун ээлжит мангарлалтаа тууштай үргэлжлүүллээ.
-    Яахав дээ, ажлын газрын ойр орчныхонд маань энэ хүн гэрээсээ ирсэн юм байна гэдэг ойлголт төрүүлэх нь л хамгийн чухал юм шүү дээ гэв.
“Өө, муу траншейнд ормор! Ийм энгийн юмыг ойлгохгүй” гэж өөрийгөө дотроо харааж билээ. Тэр үед нийгэм эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн золиос болж санаанд ормооргүй сайхан хүмүүс зарим нь архинд орж, зарим нь бүр траншейнд үүрлэж байсан үе л дээ. Одоо харин тагтаа, траншейныхан хоёр цөөрч байна даа. Тагтааг нь яахав шонхорт тавиад байгаа юм уу, огцом цөөрсөн. Гандангийн хэдийг эс тооцвол шүү дээ. Харин траншейныхныг маань хаашаа зөөгөөд байгаа юм бүү мэд!  Амьдрал нь сайжраад алга болов уу, эсвэл аль нэг газар тэдний хэрэг болов уу.
Энэ бол тусдаа том асуудал.
  Иймийн учир эргээд япоша бидний яриа руугаа оръё.  Дээрх ярианаас үүдэж миний бие: “Япон нийгэм бол янзын гярхай нийгэм байна даа” гэж тэр үедээ бодоогүй ч одоо бодож байгаа билээ. Тухайн цагтаа мань мэтийн мангарладаг усан нүдтэй, цусан зүрхтэй хүний ажиглалтаар: “Юун сүртэй юм?” гэж лайхайдан бодохоор. Гэвч үүний цаана хөгжлийн түлхүүр байна. Учир юун гэвэл япон хүн гэдэг бидний санаанд оромгүйгээр нэрээ хичээдэг байна. Япон эмэгтэй хүн гэртээ хоносон гэдэг “очкоов” олохын төлөө ингэтэл нэрээ хичээж байна гэдэг бусад юман дээр нэрээ хичээнэ гэж “алаад өгдөг”-ийн илрэл биз дээ? Ажил албан дээрээ, амьдрал ахуй дээрээ, амралт чөлөөт цагаараа бол бүр санаанд оромгүй нэрээ хичээнэ биз дээ?! Уншигч Та тэгж бодож байна уу? Би ч гэсэн бас тантай адил ингэж бодлоо. Ийм гярхай нийгэмд хүн шудрага шулуун, зарчимч үнэн амьдралын төлөөх уралдаан явахаас өөр яах вэ? Гэртээ хоносноо нотлох гэж өрсөлддөг Японд бол дарга нь хулгай хийгээд цэрэг нь мэдээгүй дүр эсгээд байхгүй л гэсэн үг. Японд бол дарга нь ч нэрээ хичээнэ. Цэрэг нь ч нэрээ хичээнэ. Японд бол гадаадын дансанд мөнгөө нуугаад: “Цөөхөн хэдэн юм байсан юм аа, би мартчихаж. Санасан бол хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ дармалаар бичих байсан юм аа” гэж алиалахгүй нь байна шүү дээ. Эсвэл хамгийн наад захын жишээ татахад шүүх нь, Өвөрхангайд 2012 оны УИХ-ын сонгуулиар бусдаасаа үнэмлэхүй олонхийн санал авсан С.Чинзоригийн зарга мэдүүлэх эрхийг нь хаан боогдуулах хэмжээний бүдүүлэг алдаа зүүдэндээ ч гаргахгүй. Харин иймэрхүү юм бол феодал агуулгатай, дүр эсгэсэн ардчилалтай улс оронд л тарваганы зуулт шиг оршин тогтнож байна. Хөгжсөн орон гүрэнд нийгмийн хариуцлага, бусдын өмнө нэрээ хичээх явдал дээд цэгтээ хүртэл хөгжсөн байнам. Япон хүний компани дампуурахад уг нь ажилчид нь: “Бид ажилгүй боллоо” гээд боож үхэх бор шидмэс эрж явалтай билээ. Гэтэл эсэргээрээ японы компаны эзэн хамт олны өмнө алдсан хариуцлагаасаа болж  ажилчдынхаа өмнө бөхөлзөн уучлалт гуйна. Өөрийгөө егүүтгэсэн тохиолдол ч гарна. Манайд бол цалин өгөхгүйн төлөө харин ч компаниа дампууруулж ч чадна. Манайд бол оюутан залуусыг туршилтаар гурван сар ажиллуулна гээд хоёр сар 29 хоног цалингүй ажлуулаад амандаа багтсан арга саам хэлээд хөөгөөд явуулдаг ёс ч байна. Гадаадын ажилчдыг (хятад гол төлөв) ажиллуулж ажиллуулаад цалинг нь хэргээс луу унжиж визнийх нь хугацаа дуусангуут 24 цагийн дотор хөөгөөд гаргах ажил зохион байгуулдаг эзэн байдаг гэж вагонд хамт явсан хятад иргэн нулимс дуслуулан ярьж байв. “Аа, муу хужаа яадаг юм” гэж хэлэх нэгэн байж болох ч тэр ядуу хятад эрийн ард, “Аав монголоос мөнгөтэй ирнэ” гэж хүлээж буй хүүхэд нь бий. Ханиа мөнгөтэй ирнэ гэж хүлээж буй ядарсан тариачин эмэгтэй бий. Насан өндөр аав ээж нь бий. За, тэр муу хятад ажилчин яах вэ гэсээр яваад бид өөрсдөө зарчмаа идээд байна. Давхар нэр хичээх чанараа идээд байна. Тэгэхээр бид хэзээ япон болох юм бүү мэд. Тэнд энд хоёр тэнгэр газар шиг ялгаа байх  юм даа. Уг нь монголчууд: “Нэр хугарахаар яс хугар!” гэж гайхалтай хэлсэн шүү. Эрт урьдын монголчууд ийм жудагтай байсан юм болов уу? Эсвэл бид хэлж чаддаг хийж чаддаггүй улсууд юм уу? Манай Монголын нийгмийг пирамид гэж үзвэл орой дээр нь байдаг улсууд сайхан сайхан мултрах юм. Үнэн ярьж байгаа юм шиг худлаа ярина. Дээдэх нь суудлаа оолохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэж үг бий. Пирамидын дор бол худлаа ярих мэт утгаа алдсан. Японы гярхай нийгэм ганцхан японд ч байдаггүй бололтой юм билээ. Би нэгэнтээ хотын захиргаанд ажиллаж байхдаа Австри улсад ажлаар явсан билээ. Тэндэхийн Хөдөлмөр, эдийн засгийн яаманд ажилладаг австри эмэгтэй яг л өнөө япоша шиг юм надад ярьсан юм. Гярхай нийгэмд хяналт байдаг. Хяналт нь ойр орчимд нь иргэд өөрсдөө байдаг учраас худлаа ярих, хулгай хийх, авилгал авах, жудаггүй загнах, өөдгүй новш байх зэрэг нь хууль хяналтын байгууллагад хүрэхээс өмнө ёс суртахуун, хүмүүс хоорондын зарчмын харилцаан дээр л засагдаж янзлагддаг байна. Манайд бол замд нь засах, бие биедээ шаардлага тавих үе шат нь байхгүй учир Авилгатай тэмцэх газар, эдийн засгийн цагдаа, эрүүгийн цагдаа хүрч байж нэг юм болно. Тэр үед өнөө хүн маань нэгэнт нэг худаг руу явах хэмжээнд хүрсэн байдаг билээ. Энэ нь Монгол хүн бага зэргийн өвчин тусахад үл тоодог. Хацар дээр нь хатиг гарахад шүлсдэж нэг үзнэ. Зарим гүжир нэг нь үнсдэж хүртэл үзнэ. Элэг бөөр нь өвдөхөд өөрөө ангаах гэж нэг үзнэ. Тэгсээр байгаад эдгэх аргагагүй болсон хойно нь эмнэлэгт очдог шиг л юм.  Эмнэлэгт очсон хойно эдгэх нь өнгөрсөн байдаг. Үүнтэй л агаар нэг болой.
Саяхан Ардчилсан орнуудын сайд нарын хурал Монголд боллоо. Энэ үеэр нобелийн шагналтан  эмэгтэй Аун Сан Су Жи “Буруу замаар явж ялснаас зөв замаар явж ялагдсан дээр” гэсэн утгатай нэгэн үг хэлжээ. Энэ үнэн шүү. Тэгэхээр бид пирамидын дээр дооргүй л нэрээ хичээх цаг иржээ. Үнэхээр ичиг ичиг гэхээр юм элбэг шүү, манайд. Илаарших боломж байгаа дээр нь л цөмөөрөө “эмнэлгийн үзлэгээр” орж сурцгаахсан.

   Х.Бүрэнтогтох

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив