Н.Алтанхуяг шиг Ерөнхий сайдыг дэлхийгээс хайгаад олохгүй
2013 оны 5 сарын 27
Н.Алтанхуяг шиг Ерөнхий сайдыг дэлхийгээс хайгаад олохгүй
Албан тушаалын томилгооноосоо болоод шүүх, цагдаад дуудагддаг Ерөнхий сайд цэнхэр дэлхийн улс гүрнүүдээс манайд л ганцхан байдаг гэнэ. Тэр нь одоогийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг. Болж байна шүү. Нэг ч гэсэн зүйлээрээ дэлхийд цор ганц байна гэдэг чинь хэр баргийн хүнд олдохгүй хувь тавилан. Ингэж хэлэхийн учир нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Нэг агентлагийн дарга томилох эрхгүй, шүүх, цагдаад дуудагдаад явдаг Ерөнхий сайдыг дэлхийгээс хайгаад олоорой” хэмээлээ. Түүний хэлснээр хийсэн томилгооноосоо болоод шүүх, цагдаад дуудагддаг Ерөнхий сайд дэлхийн хаана ч байдаггүй юм байна. Харин манай сайд яагаад дуудагдаад байна вэ гэдэг нь сонирхол татав. Тэр үнэхээр дэлхийн улс гүрнүүдийн Ерөнхий сайд нартай ижилхэн үйлдэл хийснийхээ төлөө дуудагдаад байна уу, үгүй бол үнэхээр хууль зөрчөөд, хувийн эрх ашгаа урьтал болгосноос тэр үү. Бодууштай л зүйл.

Угтаа тэрбээр Засгийн газрын энэ сарын 18-ны хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б.Ариунсанг томилсон юм. Улсын халамжийн газрын дарга, Татварын ерөнхий газрын дэд дарга, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд асан Б.Ариунсанг энэ албан тушаалд томилсон нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Б.Ариунсан хоёрыг ямар учиртай энэ албан тушаал руу улайран зүтгээд байна гэх хардлага төрүүлж байгаа юм. Арга ч үгүй биз. Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн 2012 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн “Ажилд томилох тухай” 83 дугаар захирамжаараа Засгийн газрын тохируулагч агентлаг -Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар томилсон байдаг. Харин иргэн Д.Лхамжав түүний энэ томилгоог хууль бус хэмээн үзэж Үндсэн хуулийн Цэцэд хандсан нь нэг хэсэг шуугиан тарьж байлаа. Учир нь Үндсэн хуулийн Цэц иргэн Д.Лхамжавын гомдлыг хэлэлцэж үзээд “Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дээрх захирамж нь Үндсэн хуульд заасан “хууль дээдлэх” зарчмыг алдагдуулж, улмаар үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах  төрийн үүргийг хөсөрдүүлж байна” гэсэн дүгнэлтэд хүрсэн боловч Ерөнхий сайд Н.Алтанхуяг Цэцийн дунд суудал хуралдахын өмнөх өдөр шийдвэрээ өөрчилснөөр “Хууль зөрчсөн” гэх дүгнэлтээс аятайхан аврагдаж чадсан.

Тухайн үед Н.Алтанхуяг аймгуудын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч нарыг хууль бусаар томилсон хэмээн мөн л буруутгагдаж байсан. Гэхдээ тэрбээр асуудлаас цэвэрхэн сугараад үлдэж чадсан.

Харин энэ удаад Ерөнхий сайд маань нэлээд омголон байна. Тэрбээр Б.Ариунсан гэгчийг Тагнуулын ерөнхий газрын даргаар томилсноо өөрийн мэдлийн хүрээнд хийсэн байдаг л нэг томилгоо хэмээж байгаа нь хачирхалтай. Тэр бүү хэл Б.Ариунсанг томилсон томилгооныхоо төлөө өөрийн байр сууриндаа хатуу зогсоно гэдгээ ч мэдэгдлээ. Гэхдээ л Ерөнхий сайд Н.Алтанхуяг Б.Ариунсанг яагаад заавал Тагнуулын ерөнхий газарт өндөр албан тушаал хашуулах гээд байгаа нь иргэдийн анхаарлыг татсаар байна.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив