Э.Бат-Үүл, М.Сономпил нар баянзүрхчүүдийг “хошгируулав”
2013 оны 5 сарын 27
Э.Бат-Үүл, М.Сономпил нар баянзүрхчүүдийг “хошгируулав”
Шинэчлэлийн Засгийн газар эрчим хүчний салбарт хөрөнгө төвлөрүүлж, онцгой анхаарч байгаа гэдэг. “ТЭЦ-4”-ийг 100 мегаваттаар өргөтгөхөөр цахилгаан эрчим хүч төдий хэмжээгээр нэмэгдэнэ, дулаан ч тэр хэмжээгээр өсөх нь тодорхой гэж цагаан цаасан дээр тодоос тод бичээстэй бий. Эрчим хүчний сайд М.Сономпил “Бид гадаадаас биш дотоодоос дулаанаа 100 хувь хангадаг болно” гэж амлаж байсан удаатай.

Харин Баянзүрх дүүрэгт дулааны цахилгаан станц барихаар Засгийн газраас шийдвэрлэж, хөрөнгө мөнгийг шийдсэн билээ. Тэр бүү хэл  “Амгалан” дулааны станцыг түлхүүр гардуулах нөхцлөөр барьж байгуулах гэрээнд Эрчим хүчний болон Эдийн засгийн хөгжлийн яамныхан, “Чайна машинэри инженеринг” корпорацийн  ерөнхийлөгч Жан Чун нар гэрээнд гарын үсэг зурсан. Нэг ёсондоо Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа дулааны хэрэглээг хангах зорилгоор нийслэлийн Баянзүрх дүүрэгт “Амгалан” дулааны станцыг  барихаар Засгийн газраас тогтоол гарсны дагуу гүйцэтгэгч компанитай түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр энэхүү гэрээг байгуулсан юм. Гэтэл “гай газар дороос” гэгчээр цахилгаан станцаа барих болоход олон бэршээл тулгарч, үүнийг шийдэж чадахгүй суугаа нь харамсалтай.

“Амгалан” цахилгаан станц барих асуудлаар Засгийн газар шийдвэр гаргаад хоёр сар болж буй. Харин энэ нь одоо хэр нь хэрэгжээгүйг Ерөнхий сайд онигоо мэт ярьж байгаад юу гэх билээ. Учир нь цахилгаан станцаа барина гэж гарын үсэг зурчихсан ч түүнийхээ үйлдвэрлэлийн ажлыг эхлүүлэх гэхэд иргэд газраа өгөхгүй байгаа юм.  Уг нь хонхорт энэ станцыг барина гэж анхнаасаа тооцоолсон ч дараагийн эх үүсвэрээ яах вэ гэдгийг шийдвэрлээгүйд Засгийн газрын болон энэ салбарын алдаа гарч байгаа юм. Эрчим хүчний сайд нь Ерөнхий сайдад “Амгаланд цахилгаан станц барихад газрыг нь чөлөөлөхөд 36 тэрбум төгрөг хэрэгтэй байна” гэжээ. Үүнд  нь Ерөнхий сайд “36 тэрбум төгрөг гаргаж чадахгүй, баяртай” хэмээн гэдийж байгаа ч нийслэлийн гаргасан шийдвэрийг буруутгаж, толгойгоо цохиж суугаа ч гэдэг. Харин шаварт унасан шарын эзэн хэн бэ гэвэл Ерөнхий сайд. Гаргаж байгаа шийдвэрээ эргэж хардаггүй, бүх юмыг шинэчилнэ гэж ярьдгаас болж байгаа гэх нь бий.

Нийслэлийн зүүн бүс өнтэй өвөлжих нөхцөл бүрдлээ хэмээн нийслэлийн засаг ноён хүртэл цээжээ дэлдэн ярьж байсан удаатай. Тэгвэл “Тэд гоё ярьдаг. Харин хэрэгжүүлэх гэсэн ажил нь балагтай” гэдгийг Баянзүрхт барих цахилгаан станцаар илэрхий байна. 1,5 тэрбум ам.долларын бондоос эрчим хүчний салбарт голлох томоохон хөрөнгө оруулалт хийхээр тусгасан. Тавантолгойд барих 300 мегаваттын цахилгаан станцийг бондоос санхүүжүүлнэ.  Мөн Багануурт барих цахилгаан станцын 30 хувийг нь мөн л энэ бондоос санхүүжүүлэхээр ярьж байгаа. Харин “Амгалан” станц шиг балагтай юм болох вий дээ.

С.БАЯСГАЛАН 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив