Аваргууд яагаад АН-д элсэв
2013 оны 5 сарын 31
Аваргууд яагаад АН-д элсэв
Монголчууд бөхөө дээдэлдэг ард түмэн гэдгээ дэлхий дахинаа зарлан тунхаглаж байна. Хэдэн жилийн өмнө бөх хүн барилдаж л байвал таарна гэдэг байсан бол одоо хэн сайн барилдаж, хэн олон мэх хийдэг вэ гэдгээр нь шалгаруулж улс төрд оруулдаг болсон юм уу даа. Дархан аварга Х.Баянмөнх, Ж.Мөнхбат нар Улсын Бага хурлын гишүүн байсан. Тэр үед ард олон нэг их юм ярьдаггүй байлаа. Харин Дархан аварга Х.Баянмөнх УИХ-д хоёр ч удаа нэр дэвшсэн боловч түүнийг нутгийн зон олон нь “Бөх хүн бөхөөрөө л байсан нь дээр” хэмээн сонгоогүй гэдэг. Гэхдээ түүнийг нь зарим хүн АН-аас нэр дэвшсэн болохоор гарч чадаагүй. Түүнээс биш хуучин МАХН-аас нэр дэвшсэн бол сонгогдох байсан хэмээдэг.

Харин Дархан аварга Б.Бат-Эрдэнэ УИХ-ын 2004 оны сонгуулиар Хэнтий аймагт нэр дэвшихэд олон нийт түүнийг мөн л “Бөх хүн бөхөөрөө л үлд” хэмээж байсан. Тэгвэл хэнтийчүүд аваргадаа увсчуудын адил хандсангүй. Тэд аваргадаа итгэл өгч, УИХ-ын гишүүнээр сонгосон. Тэгэхдээ бүр гурван удаа дараалан сонгочихоод байгаа. Б.Бат-Эрдэнэ аваргыг анх УИХ-ын гишүүн болоход түүнийг элдвээр шүүмжлэх хүн олон байсан. Харин тэгвэл одоо түүнийг улстөрч биш гэх хүн алга. Түүгээр ч үл барам Б.Бат-Эрдэнэ аварга УИХ-ын гишүүн болсноор араасаа мөн ч олон бөх улстөрч төрүүлэв. “Женко” Х.Баттулгыг бөх биш гэж хэн хэлэх юм. УИХ-д бөхд, спортод элэгтэй хоёр ч улстөрч УИХ-д орсноор Монгол Улс 2008 оны Бээжингийн олимпод амжилттай оролцсон гэх нь бий.

Тэдний араас кёкүшюзан Д.Батбаяр сумогоос зодог тайлмагцаа улс төрд орох нь тэр. Гэвч тэрбээр УИХ-ын гишүүний суудалд Б.Бат-Эрдэнэ, Х.Баттулга нар шиг удаан сууж чадаагүй. Харин УИХ-ын 2012 оны сонгуульд Улсын аварга Д.Сумъяабазар нэр дэвшиж, одоо УИХ-ын гишүүн болчихоод байгаа. Сонгогчид түүнийг хэр сайн ажиллаж, хэр итгэл даахаас дахин энэ танхимд орох эсэхийг шийднэ. Тэгэхээр монголчууд сонгох үедээ сонгодог, итгэл даавал дахин сонгодог, харин итгэл даахгүй бол сонгодоггүй гэдгээ харуулж байгаа хэрэг.
Бөх хүн зүлэг ногоон дэвжээндээ барилдаад л явж байвал барав гэдэг ийнхүү ард хоцорч, харин ч хурц ухаантай, богино хугацаанд шийдвэр гаргах чадвартай, эх оронч үзэлтэй гэгдэж, харин ч үнэд орж эхлэв бололтой. УИХ-ын чуулганы танхимд араасаа олон бөх дагуулсан, булган сүүлтэй Б.Бат-Эрдэнэ аварга маань энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байна. Үүнийг дагаад бөхчүүд ч ёстой дуулиан тарьж байна даа.

Өнгөрсөн долоо хоногт Улсын заан Д.Долгорсүрэнгийн хүү, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын дүү, арлын Японы сумогийн их аварга Д.Дагвадорж сүр дуулиантайгаар АН-д элсэв. Гэтэл өчигдөрхөн Далай аварга А.Сүхбат мөн л АН-д элслээ. Ерөнхийлөгчийн сонгуульд бөх хүн нэр дэвшсэнтэй холбоотой сүр дуулиантайгаар намд элсэж буй тэдний цаад санаа юунд байв. Олон нийт тэдний сонголтыг зүгээр л сонгуулийн шоу хэмээж байгаа. Зарим нь бүр Д.Сумъяабазар МАН-д, Д.Дагвадорж АН-д, одоо Д.Сэржбүдээ МАХН-д элсэх юм байна л даа хэмээн Д.Долгорсүрэн зааны бөх хөвгүүдээр даажигнаж байна. Аварга А.Сүхбатыг АН-д элссэнийг сонссон олон нийт одоо залуу аваргууд нь замаа бодсон нь дээр. Эдний араас улс төрд бүү ороосой хэмээж байна.

Гэхдээ аваргууд яагаад АН-ыг сонгов гэдэг асуулт хариултаа нэхсээр байгаа нь нууц биш. Олон нийт тэдний ийм сонголт хийснийг Б.Бат-Эрдэнэ аваргын эсрэг хийж байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ажил гэж байгаа. Гэхдээ гадаадад суралцаж, гахай, тахианы мах идэж үзсэн манай Ерөнхийлөгч шиг боловсрол өндөртэй хүн ийм өчүүхэн арга хэрэглэхгүй л дээ. Харин Б.Бат-Эрдэнэ аваргыг Ерөнхийлөгч болгохыг хүссэн АН-ын зарим гишүүдийн бодлогоор хийж буй ажил гэх хүн олон байна. Учир нь бөх хүнийг Төрийн тэргүүнд нэр дэвшүүлэх гэж байна хэмээн дургүйцэж байсан АН-д аваргууд элсэж байна гэдэг нь олон нийтийн хувьд бөх хүн улстөрч байж болно гэдэг сигнал өгч байгаа хэрэг. АН-ынхан сүр дуулиантайгаар аваргуудыг намдаа элсүүлж байгаа юм чинь Б.Бат-Эрдэнэ аваргыг Ерөнхийлөгч болгож яагаад болохгүй гэж хэмээх хүн мэдээж олон гарч ирэх гэнэ. Тэгэхээр АН-ынхан Эбэгийнхээ эсрэг ажиллаад эхэлчихэж байгаа хэрэг үү. Олны үг ортой бол хачирхалтай л тоглолт юм.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив