Ерөнхий сайд аа, Засгийн газарт юу болоод байна вэ
2013 оны 6 сарын 4
Ерөнхий сайд аа, Засгийн газарт юу болоод байна вэ
Засгийн газрын есөн хүн ажлаасаа халагджээ. Ерөнхий сайд аа, та үүнийг мэдсэн үү.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонго болон түүнтэй цуг найман хүн ажлаас халагдсан нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэнтэй холбоотой гэх мэдээлэл цацагдаж байна. Энэ бүхний цаана Г.Дэнзэн гэх хүргэн дүүгээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргад зүтгүүлж байгаа нь нэгэнт ил боллоо гэж хэлж болох биз. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Засгийн газар байгуулагдаад есөн сар болж байгаа ч бид чардайн ажиллаж байна” хэмээн ярих дуртай. Тэр бүү хэл ам нээх бүрдээ шинэчилж, өөрчилж байна гэх үгийг унагадаг тэрбээр ажилчдаа халснаар нөгөө хэрэгжүүлэх гэсэн бодит өөрчлөлтөө хийж байгаа бололтой.  
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын ажлаа хэдхэн хоногийн өмнө өгсөн Ш.Солонгын хувьд туршлагатай, ажилдаа чадвартай хэмээн хүлээн зөвшөөрөгддөг. Сангийн сайд асан С.Баярцогт түүнийг Төрийн банкны ТУЗ д орж ажиллах туршлагатай нэгэн гэж үзэж, тэрбээр маш олон баримт бичгийг нь боловсруулсан гэдэг. Мөн Ш.Солонгыг энэ албаа хүлээлгэж өгье гэхэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Ч.Сайханбилэг түүнийг Тэргүүн дэд даргын албыг хашиж чадах туршлагатай хэмээгээд зөвшөөрөөгүй гэх нь бий. Харин хамгийн хачирхалтай нь Хэрэг эрхлэх газарт мэргэжилтнээс авахуулаад Тэргүүн дэд даргаар 30 жил ажиллаж, төрд зүтгэж ирсэн Ш.Солонгыг ажлаас нь гэнэт халсан нь анхаарал татаж байгаа юм.
Г.Дэндэн гэх Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бол Н.Алтанхуягийн баруун гар болж ажилладаг хүн гэдэг. Н.Алтанхуягийг Тэргүүн Шадар сайд байхад туслахаар нь ажиллаж, энэ засгийн үед Хэрэг эрхлэх газрын дэд даргаар томилогдсон. Нэг ёсондоо Засгийн газрын тэргүүн хүргэн дүүдээ өөрийнхөө томилгооны бялуунаас том хэсгийг нь хүртээсэн юм. Том хэсэг гэсэн учир нь Г.Дэнзэн хамтран амьдрагч гэх Н.Алтанхуягийн дүү Г.Уянгыг “Эрдэнэс Тавантолгой” компаниас зарласан 17 тэрбумын тендерт ялуулсныг УИХ дахь МАН ын бүлгийн гишүүд илчилсэн. Үүгээр ч зогсохгүй Н.Алтанхуягт эрүү үүсгэж шалгуулахаар болоход прокурорынхон “Эрүү үүсгэх шаардлагагүй” хэмээн өмөөрөөд авна билээ. Г.Дэнзэнгийн хувьд “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ ийн дарга. Тэгэхээр Н.Алтанхуяг түүнд эрх мэдэл, албан тушаалыг баруун солгойгүй цацсан нь тодорхой байгаа юм.
Харин тэрбээр Н.Алтанхуяг ахынхаа өгсөн эрх мэдлэгийг бүр том болгон хувиргах гэж санаархах болжээ. Учир юундаа байна гэвэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Ш.Солонгыг Засгийн газар байгуулагдсанаас хойш хавчиж, хатуурхаж ирсэн гэдэг. Өөрөөр хэлбэл, түүний албан тушаалыг булаах гэдэг болсон байна. Ш.Солонго энэ талаар ч нуулгүй ярьсан удаатай. Г.Дэнзэн Ш.Солонгыг “Чи муу зайлаарай. Чамайг халуулна даа” хэмээн хэлж байжээ. Тэр ч байтугай Хэрэг эрхлэх газрын ажилтнуудыг цуглуулж, хурал хийгээд “Би Тэргүүн дэд болохдоо л болно. Засгийн газрын тамгыг авч, нэгдүгээр гарын үсэг зурахыг минь та нар хараарай” гэж хэлж байсан байна. Тэгэхээр Ш.Солонгыг яагаад ажлаас халсан нь анхаарал татаж байсан бол одоо нэгэнт ил болж байх шиг байна. Н.Алтанхуяг шинэчлэл гэдэг нэрийн дор ажилчдаа үүнээс өөр зүйл бодуулахгүй. Юу болох, болохыг ч сөхөөрөх завгүй явдаг гэдэг. Харин Г.Дэнзэн ангийн хүүхэд, найз, нутгийн хүмүүсийг ажилд авахыг санаархаж, төсөв тооцоог нь хийгээгүй байж элдэв янзын төсөл хэрэгжүүлэх гэснээр Ш.Солонготой зөрчилдөж, сүүлдээ Засгийн газрын тэргүүндээ алтан хошуу хүргэдэг байсан аж. Гэвч нэгэнт алтан хошуу хүргэсэн нь хожиж, үнэн ч шударгаар ажилласан нь хохирдгийг Н.Алтанхуягийн Засгийн газар жинхэнэ утгаар нь харуулж, тогоондоо байгаа хүмүүсээ ээлж дараалан халаад явах хэрэг гэж үү. Харин Ерөнхий сайд ийм зүйлийг хүсэж, туршлагатай ажилчдаа халаад сууж байгаа нь шинэчлэл мөн үү.

С.МӨНХБАЯСГАЛАН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив