Ц.Нямдоржийн уучлал ямар үнэтэй вэ
2013 оны 6 сарын 7
Ц.Нямдоржийн уучлал ямар үнэтэй вэ
Ц.Нямдорж бол парламентын брэнд гишүүн. Олон жил төрийн ажилд зүтгэсэн хашир бурхи. Нэг үгээр хэлбэл олон засаг дамжиж, өөрийн биеэр болохоос эхлээд болохгүй бүхнийг туулсан гэдгээр түүнийг үнэлэх хүн бий. Гэвч хэлэх гэснээ шулуухан хэлчихдэг, болохгүй гэснийг чөлөөтэй шүүмжилдэг учир Ц.Нямдоржийг магтахаас илүү муулах хүн ч цөөнгүй. Яагаад гэвэл тэрбээр хүмүүсийн дургүйг хүргэх үг хэллэг хэлэхдээ гаргууд сайн. Энэ нь түүний төрөлхийн зан мэтээр харагддаг ч олон жил гишүүнээр сонгогдсон хүн юу эсэхийг туулах билээ. Тэр ч үүднээсээ толгойдоо олон зүйлийг хуримтлуулсан хашир улстөрч маань үе, үеийн Засгийн газрын булхай, луйварыг нуулгүй хэлчихдэг нь зарим хүний уур бухимдлыг төрүүлдэг. Үүний нэг жишээ нь УИХ-ын гишүүн Х.Баттулгаар илэрсэн удаатай.  

2012 оны хавар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Хууль зүй дотоод хэргийн сайд байхдаа Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгыг “Солонгос, хятадуудтай хамтран төмөр зам барих нууц гэрээ хийсэн. Олон тэрбум ам.долларын өртөгтэй энэ гэрээг нууцаар хэлэлцэж болохгүй” гэж телевизээр “бурж”, тэдний хоорондын зөрчилдөөн хурцдаж, нэг нэгнийгээ үзэхээ больсон. Ингэх болсон нь Ц.Нямдоржийн хардлага, сэрдлэг туйлдаа хүрснээр цээжээ онгойтол ярьж өгсөн гэх нь бий. Гэвч хэн нь гүтгэж, гүтгүүлж байна гэдгийг олуулахын тулд Х.Баттулга Ц.Нямдоржийг шүүхэд өгч, нэр хүндэд халдсан хэргээр маргаанаа шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан юм.

Харамсалтай нь он дамжин сунжирсан сайд нарын маргааныг Нийслэлийн шүүх өнгөрсөн сарын 29-нд буюу долоо хоногийн өмнө эцэс болгож, Ц.Нямдорж Х.Баттулгаас уучлал гуйх ёстой гэдэг шийдвэр үйлдчихсэн. Харин Ц.Нямдорж “Х.Баттулга аа, уучлаарай” гэж энэ үгийг хэзээ ч амнаасаа унагахгүй. Ясны гүргэр хүнээс энэ үгийг Х.Баттулга сонсох болоход магадгүй түүнийг бор оймстой нь барьж аваад өмнөө сөгдүүлж байж хэлүүлж болох юм. Ц.Нямдоржийн хувьд шүүхийн байгууллагыг арван хуруу шигээ мэддэг, толгойдоо бүгдийг биччихсэн гэдэг. Гэвч Ц.Нямдорж гишүүн шүүхийн шийдвэрийг дагахгүй бол ямар хариуцлага хүлээлэхээ маш сайн мэдэх ёстой. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийг үл биелүүлэх нь “Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэр, магадлал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг санаатай биелүүлээгүй, эсхүл биелүүлэхэд нь зориуд саад учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гээд заачихсан бий. Тэгэхээр хашир улстөрч бөхийж, Х.Баттулга гэдийхийн тулд “уучлаарай” гэдэг үг нэг хэсэгтэй үнэтэй болох бололтой.

С.МӨНХБАЯСГАЛАН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив