Б.Жаргалсайхан: Монголын уран бүтээлчдийн ур чадварыг кино урлагаар дамжуулан гадаадын зах зээлд харуулна
2013 оны 6 сарын 15
Б.Жаргалсайхан: Монголын уран бүтээлчдийн ур чадварыг кино урлагаар дамжуулан гадаадын зах зээлд харуулна
Үндэсний урлагаа уран бүтээлчдийн хамт гадаадын зах дээл гаргаж, дэлхийд таниулах эрхэм зорилго өмнөө тавиад буй МУГЖ Б.Жаргалсайхантай ярилцлаа.

-Ойрын үед уран бүтээлийн сонин сайхан юу байна?
-Уран бүтээлийн сонин гэвэл гэр бүлийн сэдэвтэй уран сайхны кинонд тоглолоо. Зураг авалт нь өчигдөр өглөөний зургаан цагт дууссан нэг уран бүтээл байгаа. Киноны сэдэв нь таалагдсан учраас тоглосон. Бидний үеийн буюу 40-өөс дээш насныханы хайр сэтгэл, амьдралын тухай өгүүлсэн зөв эерэг бодол төрүүлэхүйц уран бүтээл болсон гэж бодож байна. Үзэгчдэд гэр бүл гэдэг зүйлийг зөв талаас нь ойлгуулахаар хийгдсэн. Энэхүү киноны ажлын нэр нь “Голланд сарнай” боловч дэлгэцэнд гарахдаа ямар нэртэй болохыг мөн хэзээ гарахыг хэлж мэдэхгүй байна. Үүнийг зохиолч, найруулагч нар нь шийдэх болов уу.

-Таныг монголынхоо урлагаа гадаадын зах зээл дээр гаргаж, сурталчилан таниулах компанийн захирлаар ажиллаж байгаа гэж сонссон. Компанийхаа талаар танилцуулаач?
-Хийж байгаа ажил маань яагаад ийм амархан хүмүүст тарчихав аа. Үндэсний урлаг маань дан ганц монголдоо байгаад байх нь учир дутагдалтай.Тиймээс киноны уран бүтээлчид, найруулагчид, түүхэн киноны хувцасыг урладаг зураачдын ур чадвар, авъяасыг гадны зах зээлд үнэлүүлэхийн зэрэгцээ театрынхаа уран бүтээлийг гадаадын улс оронд үзүүлж, уран бүтээлчдийнхээ ур чадварыг харуулах үүднээс компаниа байгуулсан. Ингэснээр бидний хойч үеийг залгамжлах залуучуудад дэмжлэг болохоос гадна урлагт маш хариуцлагатай ханддаг болж, өндөр амжилтад хүрэх орон зайг нь бий болгоно гэж бодож байна.

-Компаниа хэзээ байгуулав?
-Компани байгуулах талаар хамтран ажиллах хүмүүстэйгээ хоёр жилийн хугацаанд ярьсны үр дүнд жилийн өмнө компаниа байгуулсан. Уран бүтээл нөхдийн хамт ажилладаг.

-Гадаадын ямар улс орнуудтай хамтран ажиллаж байна?
-Хятадын кино урлаг Азидаа төдийгүй дэлхийд маш том зах зээл эзлэх болсон байна.Тиймээс хамгийн эхлээд хятадын уран бүтээлчидтэй уран бүтээл хийх бодол төрсөн. Энэ бодол маань буруудаагүй гэж бодож байна. Хамтран ажиллах талаар олон удаа ярилцсаны дүнд сар шинийн өмнөхөн санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд хятадын уран бүтээлчид тэр дагуу монголд хүрэлцэн ирээд байна.

-Уран бүтээлч хүн ажлынхаа хажуугаар бизнесийн чиглэлээр компани толгойлоод ажиллахад хүндрэл бэрхшээлтэй зүйл юу байна?
-Дуртай мэргэжлээрээ өөрийн чаддаг зүйлээ хийгээд явж байгаа учраас хэдий ядарсан ч шантралгүй эрч хүчтэй ажиллаж байна. Монголын түүх соёл, уламжлалаа гадаадынханд танилцуулж, уран бүтээлчидтэй уулзаад завгүй байгаа ч гэсэн үр дүнг нь харахын тулд өдөр шөнөгүй нойр хоолоо хасаад явах нь аз жаргал юм даа. Энэ удаад хамтарч ажиллаж байгаа компани бол хятадын топ 500 аж ахуй нэгжийн нэлээдгүй дээгүүрт ордог киноны компани байгаа. Мөн киноны төрлөөс гадна өөр олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ удаагийн айлчлалаар уран бүтээлийг хариуцаж байгаа шийдвэр гаргах түвшний хүмүүс хамтран ажиллахаар хүрэлцэн ирээд байна. Хамтын ажиллагаа эхлэх шатандаа байгаа ч хоёр талын сэтгэгдэл өндөр байна. Бид нар өдрийнхөө хийсэн бүх л уулзалт ярианы талаар маргааш өдөр нь тайлагнаж, үр дүнгээ хэлэлцэж байгаа. Бидний яриан дунд санал нийлэх зөрөх зүйлүүд цөөнгүй байна. Ер нь аливаа зүйл маргаангүйгээр шийдэгдэх нь ховор.

-Хятадын компанитай хамтран ажиллах уран бүтээлийнхээ талаар тодруулбал?
-Дэлгэцийн уран бүтээл байгаа. Монголын түүх соёл, уран бүтээлчдийн ур чадварыг гадаадын зах зээлд хамгийн хурдан харуулах зүйл бол кино урлаг юм. Тиймээс кино хийх төсөл дээр ажиллаж эхлээд байна. Энэ удаагийн төсөл дээр хятадын талаас 60 ангит уран сайхны кино хийж байгаагын 10 ангид нь монголын түүх соёлыг харуулсан байгаа. Түүхэн уран бүтээл хийх гэж байгаа учраас зан заншлын талаар эрдэмтэн зохиолчидтой уулзаж санаа бодлоо солилцох зэрэг олон талын судалгаан дээр суурилна.

-Хятадын уран бүтээлчидтэй хамтарч дэлгэцийн түүхэн уран бүтээл хийх төсөл хэзээ хэрэгжих вэ?
-Энэхүү төсөл маань ирэх оны дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ.Үүнээс гадна уран бүтээлчид жүжигчидтэй уулзаж, монголын түүхийг өгүүлэх 10 ангид тоглох жүжигчдийг сонгоно. Эхний шатны шалгаруулалтын ярилцлага дуусч байна.Одоогийн байдлаар эмэгтэй нэг гол дүр дээр хоёр жүжигчин тунаж үлдээд байгаа бөгөөд удахгүй аль нэгийг нь сонгох байх. Харин эрэгтэй жүжигчдийн биеийн галбир, харц, байгаа байдал, жүжигчний ур чадвар, тоглолт зэрэг нь бүгд өндрөөр үнэлэгдсэн.

-Хятадын уран бүтээлчидтэй хамтарсан уран бүтээлээр монгол жүжигчдийг таниулах алхам нь юу вэ?
-Хятадын уран бүтээлчидтэй хамтын ажиллагааны бас нэгэн томоохон зорилго нь монгол жүжигчдийг хятадын уран бүтээлд тоглуулах явдал юм. Тиймээс хятадад хийгдэж байгаа киноны хоёроос гурван уран бүтээлд монгол жүжигчдийн заавал тоглуулж байх гэрээ хийсэн. Монголын уран бүтээлчид өөрсдийн авъяас чадвараа хятадын кинонд тоглож дэлхийд өөрсдийгөө таниулах үүд хаалга нээгдэж байгаа юм.

-Таны ажил хэрэг болгохыг зорьж буй мөрөөдөл чинь юу вэ?
-Ам яриагаар бүх тохиролцоондоо хүрчихсэн нэг зүйл байгаа. Юу гэхээр Хятад, Монгол, Америк гэсэн гурван улсын хамтарсан Чингэс хааны тухай кино хийх явдал юм. Гурван улсын хамтарсан уг киног хийхээр ам тохиролцоо хийчихсэн байгаа. Мөн санаа бодлоо хуваалцах зохиолчид, найруулагчидтай уулзаж бусад зохион байгуулалтынхаа талаар талуудтай харилцан тохиролцох шатандаа явж байна. Хятадын талын хамтарч ажиллах нөхөд маань явсны дараа бид өөрсдийн багаа бүрдүүлээд очино. Очсон хойноо мэйл хаягаар санаа бодлоо солилцож албан ёсоор гарын үсэг зурах байх. Энэ том хүний тухай гурван улсын хамтарсан киногоор дамжуулж, монголын жүжигчдийн ур чадварыг дэлхийд харуулахыг зорино. Тэгэхээр манай уран бүтээлчдийн замд гэрэл гэгээ маш их байна гэсэн үг. Хамгийн гол чухал зүйл бол энэ киноны зураг авалтыг монголд хийхээр болсон явдал. Монгол нутгийн газар шороон дээр эзэн Чингэс хааныхаа тухай киног хийнэ гэдэг том олз шүү. Энэ кино хийгдсэнээрээ тодорхой хугацаанд ажлын байр нэмэгдэнэ.

-Хятадаас гадна Европын бусад оронтой хамтран ажиллах тал дээр ямар ажил хийж байгаа вэ?
-Франц улстай хамтран түүхэн сэдэвтэй баримтат кино хийхээр төлөвлөөд байгаа. Ингэхдээ 1990 оноос хойших монголын түүх хэрхэн өөрчлөгдсөн талаар сонирхолтой хэлбэрээр хийгдэх юм билээ. Гэхдээ одоогоор яригдах шатандаа байгаа.

-Та урлагийн хөгжлийг юугаар тодорхойлдог вэ. Өнөөгийн урлагийн хөгжлийн явцыг дүгнэвэл?
-Монголын урлаг хөгжиж байна. Гэхдээ хүн бүхэн дуртай зүйлээ хийж болох хэдий ч тодорхой хэмжээний шалгуураар уран бүтээл хийх эрхээ авдаг бол уран бүтээл улам сайжирна гэж боддог. Мөн бие биенээ дэмжих хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Ч.ГАНТУЯА



Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ