Г.Дэнзэн албан тушаалаа өгснөөр 17 тэрбумын тендер замхрах уу
2013 оны 6 сарын 17
Г.Дэнзэн албан тушаалаа өгснөөр 17 тэрбумын тендер замхрах уу
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгсөн гэнэ. 26-хан насандаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга болсон тэрбээр “Эрдэнэс МГЛ”, Төрийн банк, “Эрдэнэс Тавантолгой”, ШУТИС-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр давхар ажиллаж байсан юм. Тэгэхдээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргын алба хашдаг.
Өнгөрсөн 2012 оны есдүгээр сарын 10-нд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Г.Дэнзэнг томилсон. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг их сургуулийн ширээнээс гараад туршлага ч сууж амжаагүй өөрийн хүргэн дүү Г.Дэнзэнг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилчихлоо гэдэг асуудал гарч ирж байсан. Гэвч энэ үеэр Ерөнхий сайд ганц ч үг ган хийгээгүй.

Харин өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 17 тэрбумын тендерт Ерөнхий сайдын дүүгийн охин, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэнгийн эхнэрийн компани ялалт байгуулсан болохыг илрүүлснээ мэдэгдсэн. УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын хэсэг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д шалгалт хийхээр очиход тус компанийн Тендэр шалгаруулах хорооны дарга н.Ганболд “Ч.Уянга эзэнтэй “Говь повер” ХХК нь тендерт ялж, гэрээ байгуулсан” хэмээн тайлбарлажээ.

Гэтэл шалгалтын явцад Ч.Уянга биш Г.Уянга болох нь тогтоогдсон байна. “Говь повер” компани нь Тавантолгойн тендэрт оролцохоос өмнө нэг сая төгрөгийн үнэлгээтэй байсан. Түүнийг нь Г.Уянга худалдан авч нэг өдрийн дотор бичиг баримтыг нь өөрчилж нэг тэрбум төгрөгийн үнэлгээтэй болгоод, тендэрт оролцож долоо хоногийн дараа 17.7 тэрбум төгрөгийн үнэтэй тендэрийг авчээ.  МАН-ын гишүүд энэ талаарх мэдээллийг хэвлэлийнхэнд өгөхдөө Ерөнхий сайд Н.Алтанхуягийг АТГ-т шалгуулахаар өгсөнөө мэдэгдсэн юм.

Харин хүргэн дүүгээ ЗГХЭГ-ын дэд даргаар томилчихоод нэг ч үг хэлэхгүй байсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ үеэр “хэлд оров”. Тэрбээр УИХ-ын гишүүдэд мэдээлэл хийхдээ “Би Г.Дэнзэнг долоон жилийн өмнөөс танина. Түүнийг УБИС-д багшилж байхад нь авчирсан. Гол нь Оюутолгой болоод Тавантолгойн ТЭЗҮ-г хийлгэх гэж авчирсан. Тэр өнгөрсөн жилээс манай хамаатны охинтой явж эхэлсэн юм билээ. Тэдний хайр сэтгэл надад хамаагүй” хэмээн мэдэгдсэн.
Гэвч Г.Дэнзэнг эхнэрийнхээ компанийг 17 тэрбумын тендерт ялуулсан гэх энэ мэдээллийн араас Г.Дэнзэн төсвийн мөнгөөр өөрийн хамаатан саднуудаа Германд аялуулсан баримт дэлгэгдэж, Төрийн нэрээр Швейцарийн Элчин сайдын яамыг хуурсан гэх мэдээлэл цацагдлаа. 26-хан насандаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс МГЛ”, Төрийн банк, ШУТИС-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга болсон Г.Дэнзэн нэг л өдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийсэн юм. Энэ үеэрээ тэрбээр “Тавантолгойгоос 17 тэрбумын тендер авсан юм юу ч байхгүй. “Говь повер” гэдэг компани байхгүй, хэзээ ч байгаагүй” хэмээгээд Ерөнхий сайдын дүүгийн охинтой гэр бүл болоогүй, зүгээр л хамтран амьдрагч” гээд хэлчих нь тэр. Түүгээр ч үл барам “Баян айлын хүүхдүүд УИХ-д орчихоод намайг гүтгэж байна. Би хуулийн байгууллагад шалгуулах хүсэлт гаргасан” хэмээн мэдэгдсэн билээ. Үүний дараахан түүний эгч “Эрдэнэс-Тавантолгой” ХK-ийн Ханган нийлүүлэлтийн газарт ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Г.Одонгэрэл өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан юм.

Тэгвэл өнгөрсөн оны есдүгээр сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож, энэ оны гуравдугаар сарын 3-нд жинхэлж, тавдугаар сарын 30-нд Төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргаа өргөсөн Г.Дэнзэн хоёр хоногийн өмнө өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгчээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “Г.Дэнзэнг өөрийн хүсэлтээр ажлаа өглөө” гэх мэдээллийг сонссон олон нийт Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр Г.Дэнзэнгээр “туг тахилаа” хэмээж байна. Магадгүй энэ нь удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой байж мэдэх. Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайдыг дуудаад “Ер нь энэ Г.Дэнзэн гэдэг хүнээ ажлаас нь өөрчил. Шалгуул” гэж хэлсэн гэдэг.

Харин эх сурвалжийн мэдээлснээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэнг иргэний бүртгэл дээр бичиг баримт сольсон, хуурамчаар үйлдсэн хэргээр нь хуулийн байгууллага шалгаад эхэлчихсэн гэнэ. Хэдхэн хоногийн өмнө “Би ямарч буруугүй. Намайг гүтгэж байна” хэмээж байсан Г.Дэнзэн өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн нь зүгээр ч нэг сонгуулийн шоу биш гэдэгт итгэхийг хүсэгчид олон байна. Харин Г.Дэнзэн ажлаас чөлөөлөгдсөн нэрийн дор Н.Алтанхуяг, Г.Дэнзэн нарын ашиг сонирхлын зөрчилтэй гэх 17 тэрбумын тендерийн асуудал замхрах вий дээ хэмээн хардах хүн бүр олон байна.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив