Сурагчийн дүрэмт хувцсаар бизнес хийсээр байх уу
2013 оны 6 сарын 17
Сурагчийн дүрэмт хувцсаар бизнес хийсээр байх уу
Сурагчдын зуны амралт эхлэхтэй зэрэгцэн эцэг эхчүүдийн анхаарлыг нэгэн зүйл татаж эхлэв. Энэ бол хүүхдүүдийн зуны амралтын хугацаанд хийх хичээл, даалгаврын хуудаснаа сурагчийн дүрэмт хувцасны талаар бичсэн явдал байлаа. Учир нь ирэх намраас буюу 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн сурагчид ижил загварын дүрэмт хувцас өмсөх болсонтой холбоотой юм. Угтаа энэ шийдвэр өнгөрсөн жилээс хэрэгжих байсан ч тодорхой шалтгаанаар хойшилж, энэ жилээс хэрэгжиж байгаа нь энэ. Тиймээс багш нар нь сурагчдаа зах, худалдааны төвүүдээс дүрэмт хувцас худалдаж авахгүй байхыг анхааруулаад, бага ангийн сурагчдыг 60-100 мянган төгрөг, дунд ангийн сурагчдыг 80-120 мянга, ахлах ангийнхан 120-150 мянган төгрөг бэлдэж ирэхийг анхааруулжээ.

Манай улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуульд 540 мянган хүүхэд суралцдаг байна. Сурагчдын 60 хувь нь дүрэмт хувцас өмсдөг. Харин 30 хувь нь цагаан цамц, хар өмд, банзлаар ижилсдэг бол 10 хувь нь огт дүрэмт хувцас өмсдөггүй гэсэн судалгаа гарчээ. Тэгээд ч сургууль, сургуулиараа дүрэмт хувцсаар ижилсэх нь иргэдийн бухимдлыг ихээр төрүүлдэг байсан нь нууц биш. Хэн нэг захирлын бизнес яваад байна гэдэг хардлага ч төрдөг байсан. Түүнчлэн чанаргүй хувцас хийлгэж сурагчдад “шахсан”-аас сар хүрэхгүй хугацаанд урагддаг, хүүхдийн биед харшил үүсгэдэг гэхчилэн хэл ам тасардаггүй байлаа. Тэгвэл энэ бүгдийг цэгцлэхээр Засгийн газраас бодлого боловсруулж, “Чингис бонд”-ын мөнгөнөөс 30 тэрбум төгрөгийг оёдлын салбарт олгох шийдвэр гаргасан байна. Ингэснээр оёдлын үйлдвэрүүд чанартай материалаар, чанартай дүрэмт хувцас үйлдвэрлэж, сурагчдад хүргэх юм.

Мэдээж чанар дагаж, үнэ гэдэг зарчим үйлчлэх нь тодорхой. Тиймээс л бага ангийн сурагчид 60-100 мянга, дунд ангийнхан 100-120 мянга, ахлах ангийнхан 120-150 мянган төгрөгийн үнэтэй хувцас өмсөнө гэсэн үг. Тэгэхээр төрөөс хэрэгжүүлж байгаа бодлогод ямар нэг нугалаа ороогүй гэж хэлэхэд хэцүү байна.
Өмнө нь зах зээл дээр худалдаалагдаж байгаа дүрэмт хувцас 18-22 мянган төгрөгийн үнэтэй байсан. Энэ нь мэдээж урд хөршөөс оруулж ирсэн хувцас. Харин дотоодын үйлдвэрлэгчид бага ангийн хүүхдийн дүрэмт хувцасны үнэ 25-35 мянган төгрөг, дунд ангийнх 35-38 мянган төгрөг, ахлах ангийнх 40-45 мянган төгрөгийн үнэтэй борлуулж байсан. Гэтэл төр засгаас харж үзээд байхад хүүхдийн дүрэмт хувцасны үнэ өсдөг нь ямар учиртай вэ. Бас болоогүй ээ. Сурагчийн дүрэмт хувцсыг нийслэлийн боловсролын газраас баталсан загварын дагуу 10-аад компани үйлдвэрлэнэ гэж байгаа. Тэгэхээр сурагчдын хувцас тэдний гарт орлоо гэсэн үг. Ямар ч өрсөлдөөн байхгүй болно. Нэг ёсондоо монголчууд нефт импортлогчдын гарт байсан шигээ сурагчдын дүрэмт хувцас цөөн хэдэн үйлдвэрийн гарт орно гэсэн үг.

За яах вэ. 10-аад компани үйлдвэрлээд гаргадаг юм байж. Харин иргэд маань хүүхэддээ 60-150 мянган төгрөгийн үнэтэй хувцсыг худалдан авах чадвартай юу, үгүй юу гэдэг нь хамгийн чухал асуудал. Ялангуяа гэр хорооллын сургуульд нэг айлын 2-3 хүүхэд суралцдаг. Тэгэхээр тэр айлын гурван хүүхэд бага, дунд, ахлах ангид суралцдаг гээд тооцвол бараг 350 орчим мянган төгрөгөөр дүрэмт хувцас худалдан авах хэрэгтэй болох нь ээ дээ. Хоёр хүүхэд сурдаг гэж үзвэл 200 гаруй мянган төгрөг болно гэсэн үг. Ганц хүүхэд сургадаг нь ч яах вэ. Ганцхан хүүхэд юм чинь гээд нэрэлхүү зандаа дийлдээд дуугүй өнгөрнө.

Бас нэг зүйл байна. Боловсролын газрын мэргэжилтэн нэгэн ярилцлагадаа “Хүүхэд нэг дүрэмт хувцсыг хоёр жил өмсөнө” хэмээжээ. Соц нийгмийн үеийн хүүхдүүд л нэг хувцсаа хоёр жил өмсдөг байх. Орчин цагийн хүүхдүүд нэг хувцсаа хоёр жил өмсөөд явна гэдэг арай зүүд биш байлтай. Хоёр жил өмсөх нь байтугай ихэнх эрэгтэй хүүхэд жилд хоёр өмд, өсөлт сайтай хүүхэд хоёр дүрэмт хувцас өмсдөг гэдгийг олж мэдээгүй л байна даа, тэр мэргэжилтэн.

Хамгийн гол нь төрөөс оёдлынхонд “Чингис бонд”-ын мөнгөнөөс 30 тэрбум төгрөгийг зарцуулаад байхад үүний хариуд иргэдээ бодож үзэж болсонгүй юу. Мөнгө цагаан, нүд улаан  ч сурагчийн дүрэмт хувцсаар бизнес хийх нь арай дэндүү юм биш үү. Долоон буудлын Долгор бүсгүй гурван хүүхэддээ дүрэмт хувцас авч өгөхийн тулд цалингийн зээл авахад хүрээд байна. Ажилгүй, орлогогүй нэг нь хүүхдийнхээ дүрэмт хувцасны үнэд хүч хүрээгүйгээс болж, хүүхэд нь багшаасаа айж, сургуулиас гарахад хүрвэл яана. Хамгийн багаар тооцсон 60 мянган төгрөг ч гэсэн хатуудах хүн олон бий гэдгийг бодлого боловсруулагчид, үйлдвэрлэгчид маань мэдэж л баймаар сан даа.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив