ЭХЭМҮТ-ийн Нярайн тасагт 30 сая төгрөгийн тоног төхөөрөмжүүдийг хандивлав
2013 оны 6 сарын 20
ЭХЭМҮТ-ийн Нярайн тасагт 30 сая төгрөгийн тоног төхөөрөмжүүдийг хандивлав
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэгт “Эрүүл үрс-Гэрэлт ирээдүй” ТББ-аас 30.2 сая төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмжүүдийг өнөөдөр гардуулж өглөө. Хандиваар өгч буй тоног төхөөрөмжид нярайн эмгэг шарлалтын эсрэг фото эмчилгээний аппарат хоёр ширхэг, нярайн шарлалтыг тодорхойлох билиметр хоёр ширхэг, нярайн хяналтын монитор таван ширхэг багтаж байгаа юм.
Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Нярай судлалын тасаг нь улсын хэмжээнд дутуу болон гүйцэт нярайд эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг цорын ганц тасаг юм. Тус тасаг жилдээ дунджаар 9000 гаруй хүүхдэд эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлдгээс 900 гаруй нь дутуу төрсөн нярай байна. Нэг хоногт 28-32 нярайд долоон эмч, 17 сувилагчийн бүрэлдэхүүнтэйгээр нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг бөгөөд багаж тоног төхөөрөмж хүрэлцээ муутайгаас тусламж үйлчилгээ хангалтгүй байдаг аж. Иймд дутуу нярайд чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхийн тулд орчин үеийн шаардлага хангасан багаж тоног төхөөрөмжүүдийг байнга нийлүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байсан юм.

Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн захирал С.Хишигээ “Тоног төхөөрөмжүүдийг нийлүүлснээр эмчилгээ оношилгооны үр дүн сайжрах, нярайн өвчлөл эндэгдэл буурах, эмчлүүлж буй бүх нярайг бодитоор хянан эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх, нярайн шарлалтыг судаснаас цус авахгүйгээр оношлох буюу зүү хатгалтын тоог багасгах, нярай хүүхдийн хэвтэн эмчлүүлэх ор хоногийн тоо багасах зэрэг бодит үр дүн бий болно” гэлээ.

“Эрүүл үрс-Гэрэлт ирээдүй” ТББ нь Монгол хүүхдүүд Эх орондоо эмчлүүлж, эдгэрэх боломжийг нэмэгдүүлэхэд туслах зорилготой бөгөөд анх ‘Save Infants – Эрүүл Үрс’ залуусын сайн санааны хөдөлгөөн хэлбэрээр 2010 оноос үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Улмаар уг хөдөлгөөнд оролцож буй залуусын идэвхи зүтгэл, санал санаачилгад тулгуурлан цаашдын үйл ажиллагааны чиглэл, зорилго, зорилтоо тодорхойлон 2011 оны гуравдугаар сарын 23-нд ‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй′ нэртэй ашгийн бус, төрийн бус байгууллага болон албан ёсоор байгуулагдсан юм байна. Тус байгууллага нь байгуулагдсан цагаасаа хойш жилд нэг төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд 2010 онд 10.4 сая төгрөгийн хандиваар Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт цоо шинэ гурван хяналтын монитор бэлэглэж, 2011 онд 2.5 сая төгрөгийн хандиваар Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуульд Орон зайн баримжааны сургалтын талбай байгуулж,  2012 онд Эх нялхасын Нярайн эрчимт эмчилгээний тасагт 25.6 сая төгрөгийн үнэ бүхий цоо шинэ инкубатор хандивлаж байжээ.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ