Сарвайснаа авч байж салдаг Х.Тэмүүжингийн “Савар” Ботаникийн цэцэрлэгийг онилов
2013 оны 7 сарын 1
Сарвайснаа авч байж салдаг Х.Тэмүүжингийн “Савар” Ботаникийн цэцэрлэгийг онилов
Хууль зүйн сайдын суудалд залармагцаа Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинээр баригдаж буй барилга руу ханцуй шамлан дайрсан. Тэрхүү эмнэлгийн барилгыг шүүх, прокурорын оффис болгохыг илүүд үзсэн хэрэг. Угтаа төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг Цагдаа, Хил, Гааль, Онцгой, Прокурор, Шүүхийнхэн төдийгүй тэдний ар гэрийнхэн, түүгээр ч зогсохгүй Үндэсний аюулгүй байдал, Гадаадын иргэн харъяатын алба, Иргэний бүртгэл гээд Хууль зүйн яаманд харъяалагддаг нийт 58 байгууллагын  240 мянга гаруй хүний эрүүл мэндийн асуудлыг хариуцдаг байна. Үүний дээр Чингэлтэй дүүргийн ард иргэдэд мэс заслын тусламж үзүүлдэг байгууллага байсан юм. Тиймээс өмнөх засгийн үед уг эмнэлгийн барилгыг өргөжүүлэхээр төлөвлөж барилгаа барьж байсан хэрэг. Эмнэлгийн барилгын ажил 80 гаруй хувьтай, бараг дуусах шахаж байсан төдийгүй Монголд урьд нь ашиглаж байгаагүй дөрвөн тэрбум төгрөгийн үнэтэй рентген туяа, соронзон долгионоор оношлогоо хийдэг хоёр аппаратыг угсарч дуусаад байсан юм. Энэхүү хоёр аппарат нь маш эмзэг тул нэгэнт л угсарсан бол зөөвөрлөх аргагүй хэмээн учир мэдэх хүмүүс тайлбарласан ч Х.Тэмүүжин сайд “Дөргүй бух” шиг зөрүүдэлсээр байгаад бүхнийг өөрийнхөөрөө шийдвэрлүүлсэн. Ингэхдээ Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн ажилчдыг Батлан хамгаалах яамны Цэргийн төв госпитальтай нийлүүлээд орхичихсон. Одоо сайдаасаа жийгдсэн эмч, эмнэлгийн ажилтнууд Цэргийн төв госпитальд очоод айлын хатавчинд хавчуулагдсан аятай өрөвдмөөр “амьтад” байгаа сурагтай.
Х.Тэмүүжин сайд эмнэлгийн барилгыг оффис болгохоор улайран зүтгэснийг зарим хүн Хууль зүйн экс сайд Ц.Нямдоржийн хийсэн бүхнийг усгаж, түүнээс “өшөө авах” мэт үйлдэл хийж байна хэмээн буруутгаж байсан. Гэвч тэрбээр санасандаа хүрч чадсан баатар болчихов.
Тэгвэл сав л хийвэл оффис ярьдаг сайд маань энэ удаад эмнэлэг рүү биш харин эмзэг гэмээр орчин руу “савар”-аа дүрж эхлэсэн сурагтай. Тэрбээр шинээр барих гээд байгаа “Шүүхийн цогцолбор” барилгаа Баянзүрх дүүрэгт барина хэмээж байсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл зөвшөөрчихвөл бараг шууд л эхлүүлэх юм ярьж байсан удаатай. Харин түүний онилсон газар нь бидний мэдэх Ботаникийн цэцэрлэг. Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн газар дээр Шүүхийн цогцолборын барилга барина гэдэг бодол түүний толгойд яаж орж ирж чадав аа.
Угтаа Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн бол мод бут тарьж, үржүүлэх, ургамлын физиологийг судлах зэргээр шинжлэх ухааны асар их ач холбогдолтой судалгаа хийдэг газар. Зүгээр энгийнээр бодоход л тэнд Монгол орны ургамлын түүх, үржил бүхэл бүтэн амьдрал бий. Бас болоогүй агаарын бохирдол ихтэй болсон энэ цаг үед тодорхой хэмжээгээр агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлдөг ногоон байгууламжтай. Хотоо хэрхэн ногоон хот болгох вэ гэдэг бодол нийслэлчүүдийн толгойны өвчин болчихоод байгаа энэ үед шинжлэх ухааны бүхэл бүтэн цогцолбор газрын хөрсийг хуулж байгаа, хуулийнхны тухлах оффис болгоно гээд байгааг ойлгоход ч бэрх юм.
 Биологийн салбарын эрдэмтдийн хэдэн үеэрээ хөдөлмөрлөж ирсэн энэхүү талбайг Шүүхийн цогцолбор барилга барих саналыг сайшаах хүн Х.Тэмүүжин сайдыг даган баясагчдаас өөр хэн ч хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Харин Х.Тэмүүжин гэдэг хүн нэг зүтгэхээрээ яаж дуусдгийг монголчууд нүдээрээ харсан. Тэгэхээр Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн нэгэнт л Х.Тэмүүжин сайдын хараанд өртсөн бол дууслаа л гэсэн үг. Х.Тэмүүжин сайдад хэн ч нөлөөлж чадахгүй бөгөөд, одоо түүний гарт хуулийн бүх эрх мэдэл байгаа тул түүнтэй хэн ч заргалдаж чадахгүй л болов уу.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив