Банкинд барьцаалагдсан Бор-Өндөр сум
2013 оны 7 сарын 1
Банкинд барьцаалагдсан Бор-Өндөр сум
Цагтаа Бор-Өндөр хот хэмээн нэрлэгдэж байсан энэ сумын иргэдийн амьдрал дээсэн дөрөөн дээр дэнчигнэж байна. Учир нь иргэдийгээ хоногийн хоолтой нь залгуулдаг байсан Уулын баяжуулах үйлдвэр нь хаалгаа бариад гурван сарын нүүр үзэж байгаа юм. Иймээс иргэд нь ажилгүй, орлогогүй болсноор өөр аймаг бараадахаас гадна нийслэлийг зорин ирэгсэд олон байгаа нь нууц биш. Өөрөөр хэлбэл амьдралаа залгуулахын тулд энэ сумын ард иргэд их нүүдэлд ороод байгаа хэрэг. Үйлдвэр нь нэгэнт зогссон, өөр ажлын байр олдохгүй, сумын өнөөгийн байдал зүс гундуухан болсонд оршин суугчид зүгээр суугаад харахыг хүсээгүй гэсэн үг. Тиймээс ойролцоох аймгууд руу шилжиж, зарим нэг нь уул уурхай түшиглэн ажиллахаар эхнэр, хүүхдээ орхисоор яваа билээ.

Бор-Өндөрийн Уулын баяжуулах үйлдвэр нь дөрөвдүгээр сарын 1-нээс тэг зогсолт хийсэн юм. 2013 он гарснаар ажилчдынхаа цалинг өгөхгүй, үйлдвэрээ зогсоолгүй үлгэн салган ажиллаж байсан ч гурван сарын өмнөөс хаалгаа барьсан учиртай. Үнэн хэрэгтээ үйлдвэрээс гаргасан баяжмалаа хямд өртгөөр борлуулсанаар өнөөдрийн энэ байдалд хүрсэн гэдэг. Энэ үйлдвэрт 12 мянган ажилчин ажиллаж, тэднээр дамжуулж сумын иргэд амьжиргаагаа залгуулж, нэг ёсондоо тэжээлгэж байсан юм. Гэтэл уурхайн үйл ажиллагаа юунаас болж зогссоныг ажилчид нь одоог болтол мэдэхгүй, “Үйлдвэр бүрэн ажиллах болов уу” гэсэн тээнэгэлзэл, хүлээлттэй байсаар байгаа нь нууц биш.  Ямартай ч Бор-Өндөрийн Уулын баяжуулах үйлдвэр нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хүндхэн байдалд орж эхэлсэн гэдэг. Тус үйлдвэр нь Монголын жоншны экспортын 97-98, баяжмалын экспортын 100 хувийг дангаараа гаргадаг томоохон үйлдвэр. Олборлолт, баяжуулалтаараа дэлхийд айргийн тавд бичигдэж, 1985 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч өнгөрсөн онд тоног төхөөрөмжөө бүрэн шинэчилсэн байдаг. Үүгээр ч зогсохгүй ОХУ руу бүтээгдэхүүнээ голлон экспортлож, Энэтхэг, АНУ руу бага хэмжээгээр гардаг байсан юм. Харин баяжуулах үйлдвэрээ шинэчилснээр Япон, БНСУ болон Европын орнуудын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах боломж бүрдэж байсан хэдий ч хаалгаа барьж, зогсолт хийх болсон нь анхаарал татсаар байгаа юм.

Харин энэ үйлдвэрээс гаргадаг баяжмалыг нь гадаадын зах зээл бага үнэхээр авах санал гаргаснаас болж эзэд нь гэдийж, хамартаа ч хүргэлгүй сууна. Түүгээр ч зогсохгүй Монголросцветмет нэгдлийнхэн энэ саналыг эсэргүйцэж, үйлдвэрээ хааснаас энэ нөхцлийг бүрдүүлээд буй. Гэвч Уул уурхайн яамны зүгээс “Бор-Өндөрийн Уулын баяжуулах үйлдвэрийг хурдан ажиллуул” гэсэн үүрэг өгсөн ч иргэдийн амьдралыг дээсэн дөрөөн дээр дэнчигнүүлсэн хэвээр байгаа юм. Тэгэхээр энэ бүхний гол буруутан нь Монголросцветмет нэгдлийнхэн болж таараад байна уу гэсэн хардлага иргэдийн дунд байсаар байна. Нөгөөтэйгүүр Уулын баяжуулах үйлдвэрийн удирдлагууд нь ажилчдынхаа цалинг өгөхийн тулд банкинд их хэмжээний өр тавьсан гэдэг. Өөрөөр хэлбэл үйлдвэрээ банкинд барьцаа болгоод тавьчихсан гэсэн үг. Бүхэл бүтэн сумын иргэдийнхээ амьжиргааг залгуулдаг үйлдвэр нь банкинд их хэмжээний өртэй. Дээр нь үйлдвэрийн удирдлагууд нь ажилчдаа бүртгэж, ирээгүй нэгнийг нь халах, торгох зүйл байгаа аж. Энэ нь банкны барьцаанд байгаа сумынхаа иргэдийг аврах, ажилчдыгаа өөр тийшээ явуулахгүй гэсэн нэг санаархал хэдий  ч амьдрал тарчигдуухан хэвээр байсаар байна. Тэгэхээр энэ бүхнээс яаж гарах, иргэдийн амьдралыг хэрхэн дээшлүүлэх вэ гэдэг нь асуулт хэвээр л үлдлээ.

Бор-Өндөр сумын иргэдийг тэжээж байсан энэ үйлдвэр зогссоноор хүмүүс нь байраа хямд үнээр зарах тохиолдол байгаа аж. Учир нь “Үйлдвэр ажиллахгүй, эртхэн өөр газар бараадсан нь дээр” хэмээн үзэж орон сууц, хашаа байшингаа зарах зүйл олонтаа байгаа юм. Тус суманд хоёр өрөө байр 40 гаруй сая төгрөгийн үнэтэй байдаг бол үйлдвэр ажиллахгүй болсноор 30 сая хүрэхтэй үгүй дээ болжээ. Түүнчлэн сумын иргэдийн ихэнх нь чулуу түүдэг ажилтай болжээ. Сумаасаа 30 орчим км газарт ээмэг, зүүлт хийдэг чулуу байдаг учир үүнийг нь түүж, хятадуудад зарснаар амьжиргааныхаа хэдэн төгрөгийг олдог аж. Гэвч сүүлийн үед олдоц нь муудснаар Бор-Өндөрийн иргэдийн амьдрал тааруухан байна.

С.МӨНХБАЯСГАЛАН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив