Энэ сонгуульд эрх мэдэл яллаа
2013 оны 7 сарын 1
Энэ сонгуульд эрх мэдэл яллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зургаа дахь удаагийн сонгууль өчигдөр буюу 2013 оны зургадугаар сарын 26-нд боллоо. Өнгөрсөн жил болсон УИХ-ын 2012 оны сонгуулийг бодвол иргэд сонгуульдаа идэвхтэй оролцсон ч 1993 онд нийт сонгогчдын 92 хувь санал өгч байсныг бодвол чамлахаар ирцтэй байв. Улсын хэмжээнд 1.856190 сонгогч саналаа өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс зургадугаар сарын 27-ны 02 цаг 53 минут 22 секундийн байдлаар 1,234,692 сонгогч саналаа өгсөн байна. Санал хураалтын урьдчилсан дүнгээр АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржид 620,123 сонгогч саналаа өгсөн бол МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд 512,209, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалд 80,398 сонгогч саналаа өгчээ. Дээрх дүнд алслагдсан, үүрэн телефоны сүлжээгүй газарт байрлаж буй 17 хэсгийн хороо сонгуулийн дүн мэдээгээ ирүүлээгүй байгаа юм.

Өнгөрсөн тавдугаар сард ОХУ-ын “Зөн билгийн тулаан” цуврал нэвтрүүлгийн 13 дахь удаагийн шилдэг оролцогч Фатима Хадуева Монголд ирж, гурав хоног саатахдаа “Ер нь их эрх мэдлийн дэргэд байгаа хүн Ерөнхийлөгч болно. Энэ хүн маш хариуцлагатай бөгөөд том албан тушаалтай хүн байна” хэмээн хэлсэн. Үнэхээр ч энэ сонгуульд эрх мэдэл, мөнгө яллаа. Ардчилсан нам бол эрх баригч хүчин. Хууль, шүүхийн байгууллагаас эхлээд төрийн машиныг тэд жолоодож байна. Мэдээж Ц.Элбэгдоржийн рейтинг сайн байсан. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жил Төрийн тэргүүнээр ажиллахдаа шүүхийн шинэчлэл, оюутны 70 мянга, гадаад орнуудтай харилцаагаа өргөжүүлсэн, авлигатай тэмцсэн гээд түүнд нэмэх оноо авчрах зүйл бишгүй хийсэн. Үүний дээр эгзэгтэй мөчид буюу сонгууль болохын өмнөхөн “Гадаадын шилдэг 100 их дээд сургуульд оюутан суралцуулах” тухай зарласан нь залуусын сэтгэлийг татаж чадсан гэж хэлж болно. Тиймээс гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа монголчуудын 64 хувийн саналыг авч чадсан юм. Тэрбээр өмнө нь нэр дэвшиж байхдаа буюу 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар нийслэлийн долоон дүүрэгт ялалт байгуулж, орон нутгийн иргэдээс төдийлөн сайн үнэлгээ авч чадаагүй. Тэгвэл энэ удаад мөн л долоон дүүрэгт ялалт байгуулж, 15 аймгийн иргэдийн итгэлийг хүлээж чадлаа. Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин дөрвөн жил ажиллах нь тодорхой болоод байна.
Түүний ялалт бараг тодорхой байсан. Тиймдээ ч АН-ынхан өчигдөр өдөр Пума зочид буудалд ялалтын баяраа тэмдэглэх бэлтгэлээ базааж, өдөр дундаас эхлэн босоо хүлээн авалт хийж эхэлсэн нь олны анхаарлыг ихэд татсан юм. Түүнчлэн урьд шөнө АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл хийхдээ хөлчүү нүдтэй байсан нь ялалтаа аль эрт тэмдэглэж байсныг илтгэнэ. Түүгээр ч үл барам сүүлийн хэдэн сарын турш олны нүдэнд харагдаагүй УИХ-ын гишүүн С.Баярцогт урьд шөнө олны өмнө гарч ирсэн нь нэгийг өгүүлж байна. Өнөөдөр АН-ынхан Сүхбаатарын талбайд 11.40 цагаас ялалтын баяраа тэмдэглэхээр гишүүд, дэмжигчидээ урьчихсан байгаа.

Харин МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хувьд чамлахааргүй санал авсан. Тэрбээр Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар, Төв, Хэнтий аймаг болон нийслэлийн Багануур, Багахангай дүүрэгт ялалт байгуулсан. Аваргын хувьд анхнаасаа л Ц.Элбэгдоржийн хүчтэй өрсөлдөгч байсан. Тиймдээ Батлан хамгаалахын сайд “Ажнай” Д.Бат-Эрдэнэ армийн бие бүрэлдэхүүнүүдийг урьдчилж буюу зөөврийн саналын хайрцгаар өндөр хараа хяналтын дор санал өгүүлсэн юм. Тэртэй тэргүй Ц.Элбэгдорж ялалт байгуулах нь тодорхой байхад цэргүүдийг ийнхүү зөөврийн хайрцгаар, хараа хяналттайгаар санал өгүүлсэн нь олны дургүйцлийг төрүүлж, эцсийн мөчид нэлээд олон иргэний саналыг нөгөө тийш урвуулсан гэж хэлж болно.

Энэ удаагийн сонгуулийн нэг онцлог нь Монголд анх удаа эмэгтэй хүн Ерөнхийлөгчид нэр дэвшлээ. МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал 80,398 сонгогчоос санал авч чадлаа. Ямартай ч тэрбээр Ерөнхийлөгчид нэр дэвшсэн анхны эмэгтэй хүн гэдгээ түүхийн хуудаснаа үлдээлээ. Харин гурван намаас нэр дэвшиж байгаа тул дахин сонгууль болох вий гэдэг эмээж байлаа. Тэгвэл урьдчилсан дүнгээр Ц.Элбэгдорж иргэдийн 50,14 хувийн санал авснаар дахин санал хураалт болохгүй, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сэнтийд дахин дөрвөн жил залрах нь тодорхой боллоо.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив