Халзан ч гэсэн толгой сэтгэдгээрээ сэтгэнэ шүү дээ
2013 оны 7 сарын 4
Халзан ч гэсэн толгой сэтгэдгээрээ сэтгэнэ шүү дээ
1.
Ерөнхийлөгчөө сонгох сонгууль дууслаа. Монгол Улс шинэ Ерөнхийлөгчтэй боллоо. Уншигч Та, өмнөх дөрвөн жилд Ц. Элбэгдорж л байсан одоо Ц.Элбэгдорж л байна юун маягтай юм гэж хэлэхээ  бүү яараарай! Нэг талаараа хувь хүнийхээ хувьд Ц.Элбэгдорж байгаа авч ирэх дөрвөн жил түүний дэвшүүлсэн шинэ бодол, бодлого, үзэл санаа Та бидний амьдралд орж ирнэ гэсэн үг. Энэ утгаараа өмнөх Элбэгдоржоос ирэх дөрвөн жилийн Элбэгдорж өөр хүн байх ёстой. Тэрбээр, өөртэй нь өрсөлдсөн Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал нартай хамтарч ажилна гэдгээ хамгийн түрүүнд зарлалаа. Зарлал үнэн бол улс төрийн дараагийн алхамууд шил шилээ даран шинээр гарч ирэх нь дамжиггүй. Аварга Б.Бат-Эрдэнэ, талцалгүй нийгмийн төлөө тууштай тэмцэхийг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчид захилаа, уриаллаа. Ц.Элбэгдорж өсгөсөн ард түмнээ алагчилж үзэхгүй гэсэн санааг бас хэллээ. Сонгуулийн үеэр түүн рүү дайрч байсан дайралтын цөм нь энэ байсан юм. Ард түмнийг ардчилсан, ардчилсан бус гэж ангилах нь угаасаа утгагүй эд билээ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгогчдын 63 хувь нь санал өгсөн байна.  Үүнээс Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж 50.23 хувийг авчээ. Энэ нь нийт сонгогчдын 30-32 хувь болж хувирч байна. (Хүчингүй болсон хуудас болон ирээгүй, оролцоогүй сонгогчид гээд элдэв юмаа тооцоод шүү дээ) Сонгуулиа өгсөн иргэн бүрт утсаар ярих 1000 нэгж тараагаад байхад ийм дүн гарлаа. Тэгэхээр манай сонгогч иргэд “бяцхан” ашиг орлогын төлөө гүйгээд байхгүй болсон байна гэсэн эерэг дүр зураг харагдаж байна. Энэ бол нэг талаараа сайныг харуулсан нотолгоо. Нийгэм тодорхой хэмжээнд хөгжиж байна. Хийсэн мэдэгдлүүдээс нь харахад Ц.Элбэгдорж Монгол Улсын “үнэ цэнэтэй” Ерөнхийлөгч болъё гэж бодож байх шиг. Хэдийбээр түүнийг олон улсын хэмжээний хүн гэж хэсэг хүмүүс бахдан олноо тараадаг ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд тэргүүн зэрэгт олон улсын гэхээсээ Монгол Улсынхаа хэмжээний эрхэм байх нь чухал. Тийм ч учраас Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал нарын бодлого, үзэл санааг өөртөө нааж чадаж гэмээ нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч маань нийт сонгогчдын 75 хувийн ч талархал, хүлээлтийг хангах боломжтой юм.  Энэ цагт “Үндсэн хууль”-нд байдаг Монгол Улсын Төрүүн тэргүүнтэй холбоотой гоё гоё зүйл, заалтууд биелэлээ олох юм. Хэрэв ингэж чадаж гэмээ нь Францын Ерөнхийлөгч Ф.Олланд нэгэнтээ хэлсэнчлэн: “Би бүх Францчуудын Ерөнхийлөгч байх болно. Надад саналаа өгөөгүй Н.Саркозиг дэмжсэн сонгогчдын ч Ерөнхийлөгч байна” хэмээн сайхан үгийн цаад санаа Ц.Элбэгдоржийнх болж болох юм. Энэ чадварыг эзэмшихэд манай Ерөнхийлөгчөөс маш их тэвчээр ухаан, эр зориг шаардагдах нь ойлгомжтой. Яагаад гэвэл сүүлийн үед нэг маш чухал чанар Монголчуудад байхгүй болсон юм. Тэр нь  бусдын санаж сэдсэн, бүтээж хийснийг ач холбогдолгүй болгох. Бусдыгаа үл тэвчих, үл ойшоох. Энэ уралдаанд бид бүгдээрээ Усейн Боолтоос ч хурдан гүйцгээж байна. Саяын Ерөнхийлөгчийн сонгууль ирцийн хувьд урд урдынхаасаа хамаагүй муу байлаа. Иймд сонгогдсон хүн Бүх ард түмний Ерөнхийлөгч байхын тулд асуудалд өөр өнцгөөс хандах цаг нь иржээ.

П.Очирбат гуай (1993), Н.Багабанди гуай (1997, 2001) нарыг Ерөнхийлөгчөөр сонгодог жилүүдэд нийт сонгогчдын 80, 90-ээс дээш хувь нь саналаа өгч байсан билээ. Энэ нь ард иргэд төрд их ач холбогдол өгч байсан он жилүүд юм. Өдгөө нийт эдийн засагт оролцох оролцоогоороо хувийн, төрийн өмчийн бус үйлдвэр, аж ахуйн газрууд 85 хүртэл хувийг эзэлдэг болсон үед байдал өөр болжээ. Баялаг бүтээгчид бидэнд л садаа болохгүй бол Төр засагт хэн байх нь хамаагүй боллоо. Гэхдээ мэдээж, Төр засаг тэдэнд падлийгүй мэт санагдавч сайн Засаг байвал сайн хэрэг. Энэ нь цаашдаа сонгууль гэдэг муу хааныг сайн хаанаар солихын дайтай л үзэгдэл болохын эхлэл болжээ. Гэхдээ сонгуулийн ирц 50 хүрэхгүй байвал цаад утгаараа нийгэм эдийн засгийн  хор хохирол нь ард түмний түрүүвчтэй ярьдаг учир сонгуулиа өгч байх нь бидэнд ашигтай л даа. Яагаад гэвэл дахин дахин сонгууль явуулах тусам төрийн карманаас дахин дахин мөнгө зарлагдана. Төрийн карманаас мөнгө зарлагдана гэдэг Та бидний карманаас мөнгө утга учиргүй урсана гэсэн үг.

Сүүлийн үед Ардчилсан Ерөнхийлөгч өө дэмжсэн танд баярлалаа гэсэн утгатай самбарууд Улаанбаатарын гудамжаар хий үзэгдэл гэхэд хаашаа юм хий биш үзэгдэл шиг босоод ирлээ. Энэ чинь юу гэсэн үг вэ?  Ц.Элбэгдоржийг Ардчилсан гэж домоглосон төдийд биш жинхэнэ Ц.Элбэгдоржийн төлөө санал өгсөн үй түмэн сонгогчдыг “яа” гээд байна? Эсвэл “ардчилсан” хүмүүст л баяр хүргээд ч байгаа юм шиг. Энэ болохгүй ээ. Доогуур нь баллаж, дээгүүрээ харахгүй л байгаа хэрэг л гэж ойлгохоос доо.

Шинэ Ерөнхийлөгч юу хийх ёстой вэ?
Авилгатай тэмцэнэ. Энэ бол урт хугацаанд үргэлжлэх процесс. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөс ч хойш 6 дугаар...10 дугаар...20 дугаар... магадгүй 100 дугаар Ерөнхийлөгч хараа хяналтаасаа гаргах ёсгүй эд. Одоо гол анхаарах зүйл бол Капиталын нийгэмд хүний өмчийг хамгаалах . Хүний өмчийн эрх, эрх чөлөөг хамгаалах. Шүүх эрх мэдлийн шинэчлэлийг зөвхөн шүүгч шийдвэр гаргадаг түвшинд биш бусад бүх шатанд нь баталгаажуулах нь манайд нэн чухал хүлээгдэж буй процесс. Ерөнхийлөгч бол Монгол Улсын иргэн бүрийг аюулаас хамгаалах, иргэний зөв шудургуу байр суурийг хөхүүлэн дэмжих, буруу бодолтонгуудыг сөгдөөх  нь одоо юу юунаас чухал байна. Өмчтэй хүн өмчгүй болох. Түүнээ луйвардуулах, хүчинд автаж өмчөө үнэгүйдүүлэх процес Монголд газар авах төлөвтэй байна. Хүн хоорнодын харилцааны соёлын он жилүүдийг нээх цаг нь болжээ. Албан байгууллагуудын дарга даамал нар алба хаагчдаа боол, зарц, зардас мэт үзэж байхад бид дээгүүрээ ардчилал гэж сэвээд яах вэ? Монгол улс бол банда нарын нийгэм болж болохгүй. Монгол улс бол соёл иргэншил, хүн ёс, зөв суртахуун хаанчилсан нийгэм байх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол хүний хөгжлийг анхаарах цаг болжээ. “Загалмайлсан эцэг” киноны түвшинд ардчилалыг ойлгодог цаг өнгөрсөн баймаар. Түүнээс чинь хойш бараг зуун жил болжээ.
Нэг ийм л юм.

2.
Еэвэнгийн нөгөө тал. МАН.  Сонгуулийн дараа таван сонгуульд ялагдсан МАН тарь гэдэг мессеж талд гарсан түймэр шиг тарж байна. Хаанаас явуулааад байгаа мессеж юм бүү мэд. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар МАН-ыг дотор нь хутган үймүүлэх процесс зохион байгуулалттай явж байна гэх юм. Хутгуулаад дуусдаг нам ч МАН биш л байх л даа. МАН, АН хоёр бол Монгол орны улс төрийн гол хоёр багана юм. Яг нарийндаа МАН-ыг тараах юм бол АН өөрөө оршин тогтнох утгаггүй болно.

Үлгэрлэж хэлбэл, хоёр арслан хоорондоо тэмцэлдэж байгаад нэг нь яваад өгөхөөр нөгөөгийнх нь амьдрал угаасаа утгаггүй болдог ёс бий. Хэрэв МАН-ыг тарааж гэмээ нь улс төрийн тавцан дээр хэн үлдэх вэ?  Зүйрлэвэл, Хөдөөгийн хөгжлийн нам, Хөрөнгөтний нам, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нам ч гэдэг юм уу, нэг тйимэрхүү  намууд л үлдэх байх. Тэр цагт жишиж хэлбэл, дэлхий дээр маш хүчирхэг нэг улс байдаг. Тэр улс маш том ганц макро намтай, бусад нь микро нам байдаг. Яг ийм л хувь заяаг Монголын нийгэм хүлээнэ. Ардчилалыг цаг нь ирвэл анархист ч устгаж чадна. Анти-ардчилагч ч устгаж чадна. Бүр ардчилалыг ардчилагч гэж цээжээ дэлдэгч ч устгаж чадна. Энд миний бие ямар санаа хэлэх гээд байна вэ гэвэл том намын сөрөг хүчин нь том нам байж л жинхэнэ ардчилал оршин тогтнож чадна гэдгийг тэмдэглэх гэсэн юм. Карманы намууд бол карманд багтдаг учраас ганц “том” нам байвал тэд мөнхөд тэр “том”-ын карманд байх болно.

МАН хямралд анх удаа орж байгаа юм биш ээ. Эрт галавын гэмээр үеийн хямралын байдлыг энд нуршаад юу хийх вэ? “Нэн шинэ түүх”-н үеийг сөхөхөд л хангалттай. 1990 он. 1996 он. 2012 он. Хямралд нэг нам байтугай бүхэл бүтэн улс гүрэн, тив дэлхий ордог хойно гариг ертөнц сөнөх гэж байгаа мэт аашлах нь гойдгүй юм. Тэгээд хямралд орлоо гээд тарж бутрах биш хямралыг давах нь үндсэн зорилго билээ. Нөгөө талаар өнөөдрийн ялагдал бол маргаашийн ялалтын эхлэл байдаг. Сонин хэвлэлүүд дээр “МАН-ын залуус шинэчлэлийг хүсч байна” ч гэх шиг ширүүхэн мэдээ, мэдээлэл цуварсаар. Намыг залуус нь шинэчлдэг, хөгшид нь “хуучруулдаг” юм угаасаа байхгүй шүү дээ. Шинэчлэл бол дан ганц залуучуудын өмч биш юм. Нийгмийг шинэчлэхэд ч гэсэн нийгмийн гишүүдийн дийлэнхийн оролцоог хангаж байж нийгэм шинэчлэгддэг. 1990 онд МАН дийлэнх олонхийн шахуу санал авсан атлаа тэр үед П.Очирбат гуай АИХ-ын тэргүүлэгчдийн дарга (Төрийн тэргүүн), дараа нь Ерөнхийлөгч, Р.Гончигдорж Дэд Ерөнхийлөгч- Парламентын дарга, Д. Бямбасүрэн гуай Засгийн газрын тэргүүн нь,  Тэргүүн шадар сайд нь Д. Ганболд, шадар сайд нь Д. Дорлигжав байгаад болоод л ирсэн юм даа. 1996 онд “Ардчилсан холбоо” эвсэл ялсан. МАН хүнд байдалд орсон. “Одоо ч нам зам гэж явахаа болъё” гэж олон хүмүүс ухарч байлаа. Энэ хямралыг тухайн үед Н.Энхбаяр, Л.Энэбиш, Н.Багабанди (1997 онд Ерөнхийлөгч болсон), Ө.Энхтүвшин, М.Энхболд, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, Ж.Бямбадорж, У.Хүрэлсүх гээд тухайн цагт энэ намын лидер байсан   олон хүмүүс нийлж байгаад  аваад л гарсан. Дараа нь үнэмлэхүй ялалт 2000 онд байгуулсан. Тэр хэцүү, бэрхшээл хүндрэлийг туулсан туршлагатай хүмүүс одоо ч энэ намын лидерүүд хэвээр байна. Тухайн үед дөрвөн “Э” хямралыг давж ялалтанд хүргэсэн гэж ярьцгааж л байсан.  (Энхбаяр өөр нам удирдах болсон. Энэбиш гуай ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн) Эдүгээ Ө.Энхтүвшин, М.Энхболд гэсэн хоёр “Э” намдаа лидерүүд хэвээр байна. Угтаа бол эдний удирдлага нөлөө их л байсан байх. Тэр хямралыг МАН-ын зуу зуун мянган гишүүд бүх шатанд даван туулсан юм.

Одоо гурав дахь хямрал ирлээ. Хямрал гэдэг хятад дүрс бичигт аюул, шинэ боломж гэсэн хоёр санааг илэрхийлдэг юм гэнэ лээ. Үсэг бичиг нь гүн ухаан шахуу болтлоо хөгжсөн энэ эртний ард түмэн аливаа юмыг маш олон жилийн ахуйн чанартай нарийн ажиглалтаар нар, сарны хөдөлгөөнтэй нь тооцож хийж иржээ. Тийм учраас хямрал бол дараагийн шинэ боломж.  Энэ үнэн үг байх. Гэхдээ зөвхөн залуучууд шинэчлэлийг хийнэ гэдэг нэр томъёолол утопи юм.Намыг нам цул хүчнийхээ хувьд л шинэчлэх ёстой. Намыг үзэл санааны хувьд шинэчлэхийг тэргүүн зэрэгт эрмэлзэх хэрэгтэй. Аливаа шинэчлэлийг сандал суудал эзлэх уралдаан болгож болохгүй юм. Сүүлийн үед “муу хааныг сайн хаанаар” солих зарчмаар бүх намуудын шинэчлэл явагдаж буй.

Өнөөдөр МАН-ыг лидергүй нам л гэх юм. МАН-ы лидер олдоно уу гэхээс цөөдөхгүй. Өнөөдөр тэднийг жийх биш ашиглаж намыг шинэчлэх цаг иржээ. Лидергүй шинэчлэл бол жанжингүй арми л юм даа. МАН-ын залуучууд 90 гаруй жилийн өмнөх Бошгыг халах залуучуудын ролийг ХХI зуунд гүйцэтгэх цаг биш. Аливаа намын шинэчлэл консенсусын зарчмаар л явах ёстой. Өөр гарц үгүй. “Өнгөрсөн цаг руу гар буугаар буудвал ирээдүй чамайг их буугаар буудна” гэж Расул Гамзатов санаандгүй хэлээгүй биз ээ. Намыг шинэчлэвэл бултаараа хэлэлцэж шинэчлэнэ. Өөр арга байхгүй.
Нэг иймэрхүү л юм. Юу хэлэх гэж байгаагаа ч учраа олох оо болилоо. Та харин учрыг нь зөв олбол зөв дөө. Тийм биз?! Та шинэчлэл мэддэг гээ биз дээ!?

Х.Бүрэнтогтох

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив