Оюутолгой бидний мэдлээс гарчихсан юм биш үү
2013 оны 7 сарын 4
Оюутолгой бидний мэдлээс гарчихсан юм биш үү
Монголын “Саалийн үнээ” гэгддэг Эрдэнэтээс тав дахин том Оюутолгой монголчуудад ашгаа өгнө гэдэг нь мөрөөдөл хэвээр үлдэв бололтой. Оюутолгойн хөрсөн дор ойролцоогоор 45 сая тонн зэс, 1800 гаруй тонн алт бий гэдэг. Харин бид тэр их эрдэнэсээ эд болгож чадахгүй тул гадаадын хөрөнгө оруулагчтай хамтарсан нь Рио Тинто.

Анх 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин,аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар Айвенхоу Майнз Монголия Инк ХХК, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед гэдэг байгууллагуудтай “Хөрөнгө оруулалтын гэрээ” гээчийг байгуулсан. Монголчуудыг хэдэн үеэр нь тэжээх шахам зүйл ярьж, гэрээ хийсэн тухайгаа баяр ёслолын байдалтай зарлаж байсан санагдана. Гэвч бид Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар өнөөдрийг хүртэл тодорхой мэдээлэлгүй байгаа бөгөөд үр шимийг нь хүртээгүй л байна.

Анх гэрээ байгуулж байх үеэс нь л уул уурхайн мэргэжилтнүүд, иргэний хөдөлгөөнийхөн, зарим улстөрчид эсэргүүцлээ илэрхийлж байв. Эсэргүүцэх шалтгаан нь ердөө л энэ гэрээ монголчуудад ашиггүй бөгөөд Монголын хөрсөнд байгаа эрдэс баялгаа зүгээр л гадныханд бэлэглэж байна хэмээж байлаа. Гэвч тухайн үед Засгийн эрхийг хамтран барьж байсан МАН, АН байтугай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч энэ гэрээг ашигтай гэрээ хэмээн хэлж байсан билээ.

Гэрээнд гарын үсэг зурсан цагаас хойш тус гэрээ анхнаасаа ашиггүй болсон хэмээн ярьж байсан улстөрчид гэрээг эргэн харах хэрэгтэй гэдгийг олон нийтэд ойлгуулж эхэлмэгц Оюутолгойнхон гэнэтхэн талх, сүү, шагайгаар төлөөлүүлсэн рекламны самбарыг хотын төвөөр хаа сайгүй байрлуулсан. Тэр нь монголчууд Оюутолгой төслөөс 71 хувийн ашиг хүртэж, Рио Тинто 29 хувийн ашиг хүртэнэ гэх утгатай реклам байлаа. Энэ нь монголчуудын эгдүүг улам хүргэснээр эцэстээ Хувь нийлүүлэгчдийн хурлаар авч хэлэлцэхэд хүрэв. Үүний хажуугаар бас нэгэн ээдрээтэй асуудал гарч ирсэн нь хөрөнгө оруулалт учир битүүлгээр хоёр тэрбум ам.доллараар өссөн нь илрэв.

Угтаа анх гэрээ байгуулах үед хөрөнгө оруулагчдын зүгээс “Оюутолгой” компанийн анхны бүтээгдэхүүн гарах хүртэл хөрөнгө оруулалт 4.4 тэрбум ам.доллар, үүн дээр 2010 оноос өмнөх хөрөнгө оруулалтаа нэмбэл 5.1 тэрбум ам.доллар болно гэж мэдэгдэж байсан аж. Мөн Техник эдийн засгийн үндэслэлд ч ингэж тусгасан. Гэтэл 2012 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр хөрөнгө оруулалт 7.1 тэрбум ам.доллар болж өссөн. Энэ нь анхны хөрөнгө оруулалтаасаа хоёр тэрбум ам.доллараар өсчихөөд байгаа. Анхны хөрөнгө оруулалт ямар шалтгааны улмаас ийн 2 тэрбум ам.доллараар өссөн шалтгааныг тодруулж өгөхийг хүсэхэд “Рио Тинто” компанийнхан тодорхой тайлбар хийгээгүй байна.

Хувь нийлүүлэгчдийн хурал өнгөрсөн хоёрдугаар сарын 6-нд болсон бөгөөд Монголын талаас буюу Засгийн газраас гаргасан ажлын хэсгийнхэн Оюутолгойд санхүүгийн шалгалт оруулаад байгаа. Гэтэл ажлын хэсэг байгуулагдаад таван сар болж байхад Оюутолгойн хөрөнгө оруулалт яагаад хоёр тэрбум ам.доллараар өссөнийг тогтоож чадаагүй байгаа бололтой. Эх сурвалжийн өгүүлснээр хөрөнгө оруулалт өссөн шалтгааныг олны дараа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх эсэх талаар хэлэлцэх юм байна. Харин тэр нь хэзээ гэдэг нь тодорхойгүй ч албаны хүний хэлж байгаагаар ажил урагштай л байгаа гэнэ.
Харин биднийг хөрөнгө оруулалтын хэмжээ өссөнийг тогтоож ядаж байх зуур Рио Тинто өнгөрсөн зэсийн баяжмалаа экспортонд гаргахаа хоёр ч удаа зарласан боловч хоёр удаа хойшлуулсан. Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал ноён К.МакРэй баяжмалаа экспортонд гаргаж чадаагүй шалтгаанаа Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр хойшлогдсон хэмээн дэлхийн бизнесийн мэдээллийн хэрэгслүүд болох Ройтерс, Блүүмберг, Файнэншиэл Таймс зэрэг хэвлэлүүдээр мэдэгдэж, ажилчдаасаа хүлцэл өчсөн захидлыг нийтэлсэн. Түүнчлэн Оюутолгойн хэвлэл мэдээллийн ажилтнууд ч Монголын хэвлэлийнхэнд “Засгийн газрын хүсэлтээр хойшлогдсон” хэмээн тайлбарласан билээ.

Гэтэл Монгол Улсын Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнгөрсөн баасан гарагт болсон “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлын үеэр “Оюутолгой компани зургадугаар сарын 21-нд эхлэх зэсийн баяжмалын экспортоо хойшлуулсан нь Засгийн газраас шалтгаалаагүй. Тус компани бүтээгдэхүүн борлуулалтын гэрээгээ “Оюутолгой”-н ТУЗ дэх Монголын талын гурван гишүүнд үзүүлэхгүй байгаа. Бас бүтээгдэхүүн борлуулсан орлогоо татваргүй бүс (оффшор) дэх данс руу шилжүүлнэ гэсэн. Дээр дурьдсан гэрээг Монголын талд танилцуулаагүй тохиолдолд манай аль нэг банкны дансаар борлуулалтын орлогоо шилжүүлэх ёстой гэж бид үзэж байгаа” гэв.

Тэгэхээр зэсийн баяжмалын экспортод Засгийн газар нөлөөлсөн хэмээн хэлсэн К.МакРей биднээр даажигнаад байна уу. Хөрөнгө оруулалт өссөн шалтгаанаа тайлбарлахгүй, дээр нь бүтээгдэхүүн борлуулалтын гэрээгээ ТУЗ-ийн гишүүдэд үзүүлэхгүй байна гэхээр тэднийг биднээр даажигнаж байна гэхээс өөрөөр хэлэх тайлбар алга. Нөгөө талаар зэсийн экспорт эхэлчихвэл Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт хийж чадах уу, зэсийн экспорт монголчуудад ямар ашигтай вэ гэхчилэн олон асуулт ар араасаа хөвөрч байна.

Тэгэхээр Оюутолгойд шалгалт хийж байгаа ажлын хэсгийнхэн гар, толгой хоёроо хурдан хөдөлгөхгүй бол өнгөрсөн таван сар шиг унтаа байдалтай байвал Оюутолгой биднээс улам холдсоор байх нь тодорхой боллоо. Эсвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэнчлэн “нэг охиноо айлд бэр болгоод өгчихсөн. Одоо буцааж авалтай биш. Дараагийнхаа охидыг л бодож байж өгье” гээд өнгөрөөх үү...

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив