Бөхийн галд бүсгүй хүнийг бүү ойртуул
2013 оны 7 сарын 4
Бөхийн галд бүсгүй хүнийг бүү ойртуул
Ийм нэгэн зураг цахим хуудсаар ёстой хүчээ авна гээч болж байна аа. Хэдэн хүүхнүүд нийлээд зугаацаж өгчээ гэвэл үгүй юм. Зохиолч М.Тогмид тэргүүтэй хэсэг хүмүүс “Эмэгтэй үндэсний бөхийн холбоо” ТББ гэгчийг байгуулжээ. Ингэснээр бүсгүйчүүд үндэсний бөхөөр барилдаж эхлэх нь.  

Монголчууд бид эртнээс л “Эрийн гурван наадам” хэмээн нэрлэж, баяр наадмаа хийж ирсэн түүхтэй. Эрийн гурван наадамд  эрчүүд эд хав, бяр хүчээ уралдуулж цугласан олныг баясгадаг. Ийм байтал эмэгтэйчүүд үндэсний бөхөөр барилдаж эхлэх нь. Зохисгүй хэрэг л дээ. Саяхнаас  л эмэгтэйчүүд морь уяж байгаа нь мэр сэр үзэгдэх болсон. За яах вэ, морь уях ч байж болох л юм. Гэхдээ л өвгөчүүл хурдан морины уяан дээр бүсгүй хүн ойртуулах дургүй байдаг сан. Одоо тоохоо больж. Бодвол ардчилал энэ тэр нь юм байлгүй дээ.

Гэтэл одоо үндэсний бөхөөр эмэгтэй хүн барилдах нь ээ. Уг нь эмэгтэй хүн бөх барилдах нь байтугай бас л бөхийн галд ч ойр очдоггүй нарийн дэг жаягтай. Гэвч удахгүй та бид Төв цэнгэлдэхийн ногоон дэвжээнээ эхнэр нөхөр хоёр барилдахыг харах нь л дээ. Үнэндээ эхнэр, нөхөр хоёр улс төрд хүч үзэхийг харж л байсан. Гэвч монгол их айлын түүх соёл, дэг жаягийг өөртөө шингээсэн үндэсний бөхөөр эхнэр нөхрүүд хав дөрвөлжин золгоод зогсож байвал ямар вэ. Монголыг хэтэрхий муухай харагдуулах нь ээ. Бүр гутамшигтай харагдана даа.

Үндэсний бөхийн барилдаан нь олон зуун жилийн түүхэн уламжлалтай, үндэсний шинж чанарыг агуулан хөгжиж ирсэн гүн гүнзгий утга учир дэг жаяг бүхий наадмын нэг төрөл юм. Монгол овогтны бөхийн барилдааны түүхэн хөгжилд:
       -Монголчуудын бух барилдаан
       -Халх бөхийн барилдаан
     -Өвөрмонголын барилдаан гэж байсан бөгөөд эдгээр барилдаанууд нь адил төстэй болон ялгаатай зүйлүүдтэй. Харин эмэгтэй бөх гэж байхгүй. Бухын барилдаанаас бөхийн барилдаан гээд бодоод үз  л дээ. Үнээний барилдаан биш бух шүү дээ. Монгол бөх ханиадам инээдэм болж дуусах нь л дээ.

Тэртээ 13 дугаар зууны үед эзэн богд Чингис хааны их монгол улсаа байгуулж, нийт монгол угсаатныг хамарсан нэгэн том наадам хийсэн гэдэг. Энэ наадамд нь олон омог аймгийн баатар хүчит эрс, хуран цугларч эр бяр, эрхий мэргэнээ сорин өрсөлдөж, хурдан хүлэг морио уралдуулж наадан цэнгэсэн ажээ. Бүх нийтийг хамарсан ийм том наадмын нэг нь 1214-1225 онд Сартуул улсыг байлдан дагуулсны эцэст Эргүнэ мөрний хөндийд Буга Сочигай хэмээх газар ялалтын баяраа тэмдэглэн хийсэн тухай түүхнээ тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Монгол бөхийн хамгийн гол онцлог шинжийг илтгэдэг зүйл бол өмсгөл юм. Дэлхий дахины улс, үндэстэн бүр өөр өөрийн бөхийн спорттой агаад түүнийхээ онцлог шинж, язгуур соёл, барилдааны урлаг гэх мэт олон зүйлийг харгалзаж түүнд тохирсон хувцас хэрэглэлийг буй болгожээ. Монгол үндэсний бөх ч өөрийн гэсэн хувцас өмсгөлийг бүтээж тэр нь улам бүр болвсронгуй болсоор өдгөөг хүрчээ. Өрсөлдөгчөө унагах олон төрлийн мэх болон бие эрхтэнд элдэв гэмтэл согог олохоос хамгаалахад зохицсон бөх бат өмсгөл заавал хэрэгтэй байв. Монгол бөхийн өмсгөл нь дээрх бүх шаардлагыг бүрэн хангасан бөгөөд мөн тухайн бөхийн галбир төрхийг улам сайхан болгож, эр хүний гоо үзэсгэлэнг харах боломжийг давхар олгосон байна. Ийм гайхамшигт өв соёлыг бүсгүйчүүд дэвслэх нь.  

Яруу найрагч Гансүх нэгэнтээ “....Монголын радио хятадаар мэндчилэхэд би үхнэ  
Монголын телевиз солонгосоор цаг агаарын мэдээ уншихад би үхнэ...” хэмээн бичсэн байдаг. Тэгвэл эмэгтэй хүн зодог шуудаг өмсөөд монгол бөхийн ногоон дэвжээнээ гарч ирэхэд”Эрийн гурван наадам”-д дурсгалын хөшөө босгох хэрэгтэй болох вий дээ. Би лав эсэргүүцэж байна. Учир нь Монгол бөхийн урлагийг бүсгүйчүүд хэтэрхий муухай харагдуулж байна.
 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив