Н.Алтанхуяг: Дөрвөн жилийн дараа Засгийн газрын мөрийн хөтөлбөр 150 хувь биелнэ
2013 оны 7 сарын 5
Н.Алтанхуяг: Дөрвөн жилийн дараа Засгийн газрын мөрийн хөтөлбөр 150 хувь биелнэ
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн яриаг хүргэе.

-“Чингис бонд”-ын хөрөнгөөс хэчнээн  төгрөгийг ямар бүтээн байгуулалтад зарцуулаад байгаа вэ. Мөн хүүд нь хэчнээн төгрөг төлсөн бэ?
-Бондын хөрөнгөөс 400 сая ам.долларын зарцуулалтыг шийдээгүй үлдсэн байгаа. Ямар ч байсан үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд төлөвлөсөн. Одоогоор ямар үйлдвэрлэл зарцуулах вэ гэдгээ ярьж байна. Бид наадмын өмнө бондын зөвлөлийг хуралдуулж, зарим шийдвэрийг гаргана. Ер нь бондоос 30 хувьд санхүүжилт хийж байгаа. Өөрөөр хэлбэл, нэг төслийн гурны хоёрыг тухайн компани, үлдсэнийг бондоос санхүүжүүлэх энэ зарчмаар явж байна. Энэ агуулгаараа бид бага мөнгөө их болгон хувиргаж, хөрөнгө оруулалтыг татаж байгаа юм.

-Цэвэр агаар сангийн захирал, нягтланг барьж хорьсон зүйл гарлаа. Энэ сан Засгийн газрын тусгай сангийн статустай юм билээ. Тэгэхээр Засгийн газар ямар хяналт тавьж ажиллаж байсан вэ. Та энэ хэргийн талаар тайлбар өгөхгүй юү?

-Цэвэр агаар сангийн хүмүүсийг хорьчихсон байна гэж С.Оюун сайд над дээр орж ирсэн. Харин яагаад хорьсон талаар С.Оюун сайдад мэдээлэл алга байгаа юм билээ. Тиймээс албан ёсны мэдээлэл аваарай гэж хэлсэн. Одоогоор надад энэ талаар хэлээгүй байна.

-“Ерөнхийлөгчийн сонгууль эхлэхээс өмнө бид нэг тийшээ харж ажиллах хэрэгтэй байна” гэж байсан. Энэ биелэлээ олж чадах уу. Ерөнхий сайд, хотын дарга хоорондоо маргалдаантай байна гэх нь бий. Нөгөөтэйгүүр АН дотроо хөлөө жийлцэж, фракциуд нь хөдлөөд эхэллээ гэсэн мессеж гарч байна. Энэ хэр үндэслэлтэй вэ?
-Манай намд ийм зүйл байхгүй. Бид нэг зүйлийг сайн ойлголцсон. Бид олон удаа унаж, маш их зовлон бэрхшээлийг үзэж байж өнөөдрийн байдалд хүрсэн нам. Тиймээс манай намын гишүүд юун талцал вэ. Шинэчлэлийн Засгийн газар юун хүнтэй хэрэлдэх мантай, урдах ажлаа хийнэ. Манай ард иргэд эрчээ битгий сулруул гэсэн. Өглөө босоод дандаа эрчээ чангалаад байгаа. Тэгэхээр яриад байгаа шиг зүйл гараагүй.

-Таны харж байгаагаар Засгийн газрын мөрийн хөтөлбөр өнөөдрийн байдлаар хэдэн хувийн биелэлттэй байна вэ?
-Мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хувилаад яах вэ дээ. Хуучин засагт мөрийн хөтөлбөр нь 80 хувьтай гэсэн хэрнээ хүмүүст наалдсан, туссан юм байгаагүй. Тэгэхээр тооны араас хөөцөлдмөөргүй байна. Харин дөрвөн жилийн дараа Засгийн газрын мөрийн хөтөлбөр 150 хувь биелнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа.

-Төрийн орон сууцны корпораци байгуулахаар болсон гэсэн. Энэ нь Орон сууц санхүүжилтийн корпорациас юугаараа ялгаатай юм бэ. Төр өөрөө орон сууц барина гэсэн үг үү?
-Өмнөх засгийн үед Орон сууц санхүүжилтийн корпораци гэж байгуулсан. Гэвч ажиллаж чадахгүй өөх ч биш, булчирхай ч биш болоод байна. Заримдаа өөр байшингаа барьж, иргэдэд зээлээ өгч хоёр талын зүйл хийгээд байгаа. Үүнийг нь болиулсан. Үндсэндээ шинээр Төрийн орон сууцны корпораци гэж байгуулж байгаа нь нэгдүгээрт, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулна. Өөрөөр байшин барихгүй. Дээр нь газрын асуудлыг шийднэ. Улаанбаатарт орон сууц  барих гэхээр газар байдаггүй. Тэгэхээр орон сууцны шинэ хорооллыг барих ажлыг энэ корпораци гардан зохион байгуулна.

-Шинэчлэлийн Засгийн газар олон ажил хийж байна гэдгээ тайлагнаж байгаа. Харин үүнийг нь сонгуулийн шоу дуусаагүй байна гэдгээр хүлээж байгаа зүйл бий. Тэгэхээр тавдугаар цахилгаан станц, гудамж төслийн ажил юу болж байгаа вэ?
-Бидний хийж байгаа бодитой, бүтээн байгуулалтын ажил сонгууль болж байна уу, эс болж байна уу гэдгээс хамаарахгүйгээр үргэлжилнэ. Н.Батбаяр сайд “Дарь Эхийн уулзварыг ашиглалтад өгнө. Та очих уу” гэхээр нь “Өөрөө очоод хүлээгээд авчих” гэсэн. Тэгэхээр ажил хийж, үр дүн нь гарч байгаа болохоор хариуцаж байгаа сайд, бид очихоос өөр арга байхгүй. Одоо үүнийг шоу гэж байгаа бол бидний шоу дөрвөн жил үргэлжилнэ. Бид Тавантолгойн төмөр замын далангийн ажлыг хүлээж авна, цахилгаан станцын ажлыг эхлүүлнэ.  Есдүгээр сард Баянхонгорын үлгэр жишээ хоёр сумыг очиж харна. Тиймээс бидэнд ямар нэгэн шоу байхгүй. Бид сонгуульд зориулж ажиллаагүй. Шинэчлэлийн Засгийн газрын ажил түрүүчээсээ үр дүнгээ өгч байна.

-Өмнө нь зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдаж, 20 хувийн урьдчилгаагаа өгчихөөд одоо найман хувь руу шилжих гэхээр банк 10 хувиа өг гэдэг шаардлага тавьж байна. Тиймээс найман хувийн зээлийн урьдчилгаа 30 хувийг уян хатан байлгаж болоогүй юм уу?
-16 хувийн хүүг найм болгоход амар хялбар ажил байгаагүй. Гэхдээ Шинэчлэлийн Засгийн газар урт удаан хугацаанд монголчуудынхаа ахуй амьжиргааг дэмжсэн бодлого явуулж байгаа учир үүнийг Алтанхуяг, хэн байна уу хамаарахгүйгээр цааш үргэлжлэх тэр боломжийг бүрдүүлж чадсан. Тэгэхээр урьдчилгааг 10 30 хувь байхаас өөр аргагүй байгаа юм. Харин 10 уу, 30 хувийн урьчилгаа өгөх үү гэдгийг банк шийднэ. Энэ нь банкны эрсдлийн асуудал. Дээр нь зээлдэгч этгээдийн орлогоос хамаарна. Хэрвээ зээлдэгч нь найдвартай, орлоготой, ажилтай, гарцаагүй хөдөлгөөнгүй байхын бол 10 хувь өгч болно. Энэ нь банкны эрсдлийн асуудал. Шинэ юм эхлэхээр асуудал үүснэ. Бид  энэ бүхнийг Монголбанктай зөвлөлдөж байгаад яаж шийдэх болох вэ гэдгийг ярилцана. Нэг юмыг хатуу хэлэхэд дахин дахин битгий бэлэнчлэх гээд бай л даа.

-Оюутан, залуучуудыг чөлөөт цагаар нь цэргийн алба хаалгахаар Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Зарлигийн хэрэгжилт ямар шатандаа яваа вэ?
-Зарлигт Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болдог. Тэгэхээр зарлиг хүчин төгөлдөр болсон. Харин холбогдох яамдууд журам дээр ажиллаж байгаа. Журам Засгийн газрын хурлаар орж, эцэслэгдэн батлахаар ажил болно.
                          
 БЭЛТГЭСЭН С.МӨНХБАЯСГАЛАН  
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ