Н.Энхбаяраас Ц.Элбэгдоржид шилжсэн эрх мэдэл
2013 оны 7 сарын 9
Н.Энхбаяраас Ц.Элбэгдоржид шилжсэн эрх мэдэл
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд ялалт байгуулсан Ц.Элбэгдорж маргааш Сүхбаатарын талбай, Чингис хааны хөшөөний өмнө Ерөнхийлөгчийн тангаргаа өргөнө. Тэрбээр ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангаргийг хоёр дахь удаагаа өргөх гэж байна.

Ц.Элбэгдорж одоогоос дөрвөн жилийн тэртээ “Монгол Улс 20 жилийн турш коммунист удирдлагатай байлаа. Үүнийг өөрчлөх цаг болсон. Улс оронд минь авлигын сүлжээ аалзны тор шиг болсон. Үүнийг зогсоох хэрэгтэй. Авлигачдын нуруу бөхийж, ард түмний нуруу тэнийнэ” хэмээж байв. Үнэхээр ч Н.Энхбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгч байх үед авлига гээч аалзны тор шиг болсон байсныг олон нийт мэдэж байгаа.

Тэгвэл Ц.Элбэгдорж 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч болсон мөчөөс авлигатай тэмцэж эхэлсэн. Гэхдээ тэрбээр Ерөнхийлөгч болчихоод авлигатай тэмцсэн хэрэг биш. Өмнө нь 2004-2005 онд Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа л авлигын торны үзүүрийг хөвж эхэлсэн юм. Тиймдээ ч “Гаалийн” Х.Баатарыг баривчилсан, тэр нь намдаа хэр хэмжээний хандив өгсөн гэх зэрэг сонсогдож байгаагүй мэдээллийг олон нийтэд хүргэж чадсан. Ингэснээр монголчууд авлига гээч зүйл үнэхээр хүчээ авчихсан юм байна гэдгийг ойлгосон ч Ц.Элбэгдоржийн Засгийн газар урт наслаагүй. 2006 оны нэгдүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцорсон бөгөөд 1,5 жилийн настай Хамтарсан Засгийн газрыг огцруулахад АН-ын гишүүд ч оролцсон гэдэг юм билээ. Харин тухайн үеийн Ерөнхий сайд Ц.Элбэгдорж “Би энэ төрийн хайрыг ч үзсэн, халыг ч үзсэн. Би төрийн албандаа буцаж ирнэ. Гэхдээ олуулаа ирнэ” хэмээгээд сайдын суудлаасаа бууж байсан юм.

Түүнээс хойш зургаан жилийн дараа буюу 2000 оноос хойш олонхийн санал аваагүй АН УИХ-ын 2012 оны сонгуулиар олон болж чадсан. Харин АН-ыг олон болох гүүрийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тавьсан гэж хэлж болно. Тэрбээр Ерөнхийлөгч болохдоо авлигатай тэмцэнэ хэмээж байсан бол 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нд “Авлигын загалмайлсан эцэг” гэгддэг МАХН-ын дарга Н.Энхбаярыг авлигын хэргээр баривчилсан. Түүний хууль бус хувьчлалд гар бие оролцсон гэх нийслэлийн ИТХ-ын дарга асан Т.Билэгтийг хоёр жил гаруй гадаадад орогнож байгаад өнгөрсөн долоо хоногт эх орондоо ирэхэд нь баривчиллаа. Иргэний нисэхийн болон татвар, эрүүл мэндийн салбарт олон жил бугшсан авлига хээл хахуульд орооцолдсон, улс эх орон, олон нийтэд ихээхэн хохирол учруулсан, их хэмжээний мөнгө завшсан хэргүүд ар араасаа илэрч байна.

Албан тушаалаа урвуулан ашиглах, нэг хүний эрх мэдэл хэтийдэх нь нийгэмд ямар их хор уршигтайг олон нийт мэдэрсэн тул Ц.Элбэгдоржийн эл үйлдэлд ямар дүн тавьсан нь УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуулиар харагдлаа.
Ц.Элбэгдорж авлигатай тэмцэхээс гадна шүүхийн шинэтгэлийн талаар ярьж гарч ирсэн. Хэдийгээр иргэдийн зүгээс Дээд шүүх, шат шатны шүүхийн томилгоо танил тал, ах дүүсийн томилгоо боллоо хэмээн шүүмжилж байгаа ч тэрбээр шүүхийн шинэтгэлд хувь нэмэр оруулж чадсан. Хамгийн энгийн жишээ гэхэд л Ерөнхийлөгчийн санаачилгаар шүүх танхим нээлттэй боллоо.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг залууст ээлтэй гэдэг. Тиймдээ ч тэрбээр монгол залуусаа дэлхийн шилдэг 100 сургуульд Засгийн газрын тэтгэлэгтэйгээр суралцуулах боломжийг олгож өгсөн. Энэ мэт эрх мэдлийг эерэгээр ашиглаж болдог олон жишээг Ц.Элбэгдоржоос харж болохоор байна. Түүнийг ард олон нь эхлүүлсэн ажлаа дуусгах даалгавар өгч хоёр дахь удаагаа Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгосон. Тэр маргааш ард түмнийхээ өмнө Ерөнхийлөгчийн тангаргаа өргөнө.

Н.БУДСҮРЭН 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив