Ерөнхийлөгч тангаргаа өргөж, шинэ аварга төрсөн наадмын өнгө сайхан байлаа
2013 оны 7 сарын 17
Ерөнхийлөгч тангаргаа өргөж, шинэ аварга төрсөн наадмын өнгө сайхан байлаа
Тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Баяр наадмын өмнөх өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хоёр дахь удаагаа тангараг өргөсөн бол, энэ жилийн наадмаар зүлэг ногоон дэвжээ шинэ аварга мэндэлсэн юм.

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Төрийн далбааг мандуулах өдөр”-өөр тангараг өргөсөн төдийгүй Монгол Улсын Ерөнхийлөгчдөөс анх удаагаа ард түмнийхээ өмнө тангараг өргөснөөрөө онцлог байлаа. Тэрбээр ард түмнээсээ сонгогдсон Ерөнхийлөгч учир Төрийн ордонд УИХ-ын цөөхөн хэдэн гишүүдийн өмнө тангараг өргөхийг хүссэнгүй. Тиймээс УИХ-ын хүндэтгэлийн чуулганыг Сүхбаатарын талбайд, Чингис хааны хөшөөний өмнө хуралдуулж, түмэн олныг цуглуулан, урьд өмнө байгаагүй нижгэр тангараг өргөлөө. Түүнийг олон нийт ч тэр, УИХ-ын гишүүд ч тэр ихэд хүндэтгэсэн тул ийнхүү төв талбайд баяр наадмын байдалтай хүндэтгэсэн юм. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа Төрийн далбааг мандуулах хүндэтгэлийн ёслол, Монгол үндэсний бахархал болсон бүжиг, урлагийн тоглолтоор эхэлсэн юм. Үүний дараагаар УИХ-ын Хүндэтгэлийн  чуулган эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлэх тангаргаа өргөлөө. Тэрбээр тангаргаа өргөснийхөө дараа ард түмэндээ хандаж “Нэг жил 10 жилтэй тэнцэх хэмжээгээр ажиллана” хэмээн онцлов. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа цэрэг, цагдаагийн бие бүрэлдэхүүний сүрт жагсаалаар өндөрлөсөн юм. Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Төрийн далбааг мандуулах өдөр”-өөр түмэн олныхоо өмнө тангараг өргөснөөр энэ жилийн Улсын баяр наадам эхэлсэн хэмээн хэлж болно.

Тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадам нар хур тэгширсэн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Жил жилийн наадмаас улсын цолтой бөх төрөх нь түмэн олныг цэнгүүлдэг уламжлалтай. Энэ жилийн тухайд хамгийн хатуу гэгддэг тавын даваанд Аймгийн арслан цолтой таван бөх начины болзол хангалаа. Гэвч мөн л өмнөх жилүүдийн нэгэн адил начины найраатай наадам боллоо хэмээх хүн олон байв. Учир нь Булган аймгийн Сайхан сумын харъяат Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн аварга, Лондонгийн олимпийн мөнгөн медальт Н.Түвшинбаяр Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын гарьд Д.Рагчаагаар, Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Т.Баасанхүү Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, улсын арслан Б.Ганбатаар, Говь-Алтай аймгийн Цогт сумын уугуул, аймгийн арслан Л.Цэрэнтогтох Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат улсын гарьд Ж.Бат-Эрдэнээр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн арслан Э.Оюунболд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, улсын гарьд И.Доржсамбуугаар, Увс аймаг Ховд сумын харьяат, аймгийн арслан Н.Батсуурь Сэлэнгэ аймаг Орхонтуул сумын харьяат, улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгээр тус тус давж, улсын начин цолны болзол хангалаа. Эдгээрээс нутгийн бөхөө давсан гэгдэж буй Л.Цэрэнтогтох, Т.Баасанхүү нар болон Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр нарыг “Найрааны начин”-аар тодрууллаа. Ийнхүү хатуу даваанаас мултарсан дээрх таван бөхөөс Булган аймгийн Сайхан сумын харьяат Найдангийн Түвшинбаяр, Увс аймгийн Ховд сумын уугуул, аймгийн арслан Намсрайжавын Батсуурь, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул, аймгийн арслан Энхтөгсийн Оюунболд нар харцага цол хүртэж чадлаа. Ингэснээрээ өөрсдийгөө зүгээр ч нэг найрааны бөх биш гэдгийг харуулсан гэж хэлж болно.

Энэ жилийн баяр наадмын хамгийн оргил хэсэг нь үзүүр түрүүний барилдаан байв. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат Монгол улсын арслан Г.Эрхэмбаяр, Завхан аймгийн Их-Уул сумын харъяат улсын өсөх идэр начин Б.Гончигдамба нар үзүүр түрүүнд үлдэж, уран мэхийг уралдуулан хийж, наадамчин олныг суудлаас нь өндөлзүүлсэн сайхан барилдааныг үзүүллээ. Энэ барилдаанд  улсын арслан Г.Эрхэмбаяр давбал аварга, өсөх идэр начин Б.Гончигдамба давбал арслан цол хүртэх торгон агшин байсан юм. Бөх хүний эр бяр, ид хав, уран мэхийг уралдуулан хийсэн үзүүр түрүүний бөхийн барилдаан өндөрлөхөд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат Монгол улсын арслан Г.Эрхэмбаяр түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харъяат улсын өсөх идэр начин Б.Гончигдамба үзүүрлэлээ. Ингэснээр Г.Эрхэмбаяр Монгол Улсын аварга, Б.Гончигдамба Монгол Улсын гарьд цолны болзол хангасан юм. Нутаг нутгийн бөхчүүд нутгаараа овоглодог, нутгийн уулс нь хүүгээ тосон өндөлздөг гэдэг. Ардын хувьсгалын өлгий нутаг гэгддэг Сэлэнгэ аймгаас Ардын хувьсгалын баяр наадмаар анх удаа аварга төрж байгаа бол Завхан аймгаас гурав дахь гарьд төрлөө.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив